ШИЛИЙН ГОЛ - ШАНДУ ХОТЫН АЯЛАЛ


Зөвхөн байгууллага, хамт олны захиалгаар зохион байгуулна.

  • Тус аялалд 10-аас дээш хүний бүрэлдэхүүнтэй оролцоно.
  • Байгууллагууд ахмад настнуудаа аялуулахад хамгийн тохиромжтой бөгөөд Монголын түүхэнд холбогдох чухал газруудыг үзэхийн хамт шашин мөргөлийн эртний түүхт газруудаар эргэл мөргөл хийх боломжтой.
  • Аялал 7 шөнө, 8 өдөр үргэлжилнэ. 
  • 0-2 насны хүүхэдтэй бол аяллын төлбөр 90%, 3-12 насны хүүхэд аяллын төлбөрөөс 20% хөнгөлөгдөх ба 13 наснаас дээш бол аяллын үнийн дүн өөрчлөгдөхгүй болно.
  • Аяллыг чанартай зохион байгуулж, чадварлаг аяллын хөтчөөр хангана. 
  • Захиалагч байгууллага болон аялагч тус бүртэй гэрээ байгуулна.
  • Захиалагч байгууллагын ажлын байранд аяллын хөтөлбөрийг пресентейшн хэлбэрээр танилцуулна.
  • Аялагчдыг аяллын эрсдэлийн даатгалд хамруулна.
  • 20-иос дээш хүний бүрэлдэхүүнтэй тохиолдолд тухайн улсад ажиллаж амьдарч буй монголчуудаас аяллын хөтчийг нэмэгдүүлж авна.
  • Байгууллагууд ахмад настнуудаа аялуулахад хамгийн тохиромжтой, хамгийн хямд, түүхэн аялал юм.
  • Аялал захиалах утас: 91913166, 94993166

Аяллын үнэ:
  • 10 - 15 хүний нэг нь 1,000,000 төгрөг
  • 16 - 25 хүний нэг нь    900,000 төгрөг
  • 26 - 35 хүний нэг нь    800,000 төгрөг

Аяллын төлбөрт багтсан зүйл:

  • УБ - Эрээн хотын 2 талын галт тэрэгний тасалбар
  • Эрээн - Шилийн хотын галт тэрэгний тасалбар
  • Авга - Эрээн хотын галт тэрэгний тасалбар
  • Автобусны түрээс, шатахууны хамт
  • Өглөөний цайтай зочид буудал
  • Хөтөлбөрийн дагуух бүх үзвэр үйлчилгээний хураамж
  • Аяллын хөтөч орчуулагчийн галт тэрэгний зардал
  • Аяллын хөтчийн хоноглох ба хоолны зардал
  • Аяллын эрсдэлийн даатгал


АЯЛАХ ГАЗРУУДЫН ТУХАЙ

Хубилай хааны Дээд нийслэл Шанду хот:  НҮБ-ын судлаач шинжээч “Юань гүрний дээд нийслэл Шанду хотын түүх байхгүй бол Монголын түүх, дэлхийн түүх дутуу болно” хэмээн тэмдэглэжээ. Үүнээс үзэхэд Юань гүрний дээд нийслэлийн үнэ цэнэ, байр суурь ямар байсныг илтгэж байна.

Алтанхуа-гийн тал, Шанду голын хойд эрэгт нэгэн том хэмжээний эртний хотын туурь үлдсэн байдаг. Энэ нь 750 гаруй жилийн өмнөх “Юань гүрний Дээд нийслэл” юм. Юань гүрний хөгжил, улмаар хятадын цоо шинэ түүхэн үе шатууд энэ хотоос эхлэлтэй.  Хятадын түүхэн дэх хамгийн том тал нутгийн нийслэл хот байжээ. Эдүгээ Шанду хотын туурь нь Өвөрмонголын Шулуун хөх хошууны нутагт, Шилийн гол аймгийн Долоннуур тойргийн төвөөс баруун тийш 28км, Бээжин хотоос чанх хойш 275км зайд оршдог. Хотын өмнө хэсгээр “шанд” хэмээх гол урсдаг ба монгол бичгээр “шанду” хэмээн бичдэг, хятадаар “шань ду” гэдэг нь “дээд нийслэл” гэдэг утгыг илэрхийлдэг учраас энэхүү нэршлүүд давхацсанаар Шанду хот хэмээн алдаршжээ.

Анх 1260 оны 6-р сард Хубилай хаан Кайпин буюу Шанду хотноо өөрийн талын ноёдоор хүрээлүүлэн “Их хуралдай” хуралдуулж өөрийгөө хаан ширээнд өргөмжилсөн. Кайпин хотыг байгуулах зарлигийг 1255 онд Мөнх хаан гаргаж барьж байгуулах ажлыг 1256-1259 онд гүйцэтгэжээ. Хубилай хаан 1263 онд зарлиг гарган Кайпин хотыг “Юань улсын Дээд нийслэл” хэмээн зарлаад “Шанду” хэмээн нэрийдсэн. Шанду хот нь Хархорум хотын дараа орох хоёр дахь том хот болон хөгжиж, арьс шир боловсруулах үйлдвэрлэлээр тэргүүлж байв. Хааш хаашаа 2200м үргэлжилсэн тэг дөрвөлжин хашаатай “Гадаад хот”, зүүн өмнө хэсэгт хааш хаашаа 1400 м үргэлжилсэн тэг дөрвөлжин хашаатай “Дотоод хот”, хааш хаашаа 500м үргэлжилсэн урт хашаатай “Хубилай хааны зуны ордон буюу Хэйвэн ордон” гэсэн гурван үндсэн хэсгээс бүрддэг ба ид цэцэглэн хөгжиж байхдаа 100 мянган хүн амтай байжээ. 1369 онд Мин улсын арми хотыг эзэлж, галдан шатааснаар Шанду хот мөхсөн юм. 2002 оноос хамгаалалтанд авах ажил эхэлж 2008 онд Хятадын Засгийн газраас ЮНЕСКО-гийн Дэлхийн өв соёлд бүртгүүлжээ. Энэхүү Дээд нийслэлийн туурийг харьцангуй сайн хадгалагдсан гэж үзэж байна.

Шанду хот болон Дайду (Одоогийн Бээжин) хоорондоо 270 км зайтай. Шанду хот нь Яньшань уулын ар талд, Дайду хот нь Яньшань уулын өвөр талд байрлаж байжээ. Дайду хот нь анх Алтан улсын нийслэл гэгдэх Янь Жин хот байсан бөгөөд 1264 онд Хубилай хаан Жунду хэмээн нэрийг нь өөрчилснөөр Жунду нь жинхэнэ нийслэл хот, Шанду нь туслах нийслэл хот болсон байна. Хубилай хаан хожим Жунду хотын нэрийг “Их нийслэл буюу Дайду” гэдэг нэрээр өөрчилжээ. Дайду гэдэг нь “Хаан балиг буюу Их нийслэл” гэсэн утгатай аж. Хубилай хаан Монголын эзэнт гүрний нийслэлийг Хархорумаас 1260-1264 онд Шанду руу, 1264 оноос Дайду хот руу тус тус шилжүүлсэн юм. 1271 онд Хубилай хаан улсынхаа нэрийг “Юань” хэмээн өөрчилсөн бөгөөд энэ нь “уг үндэс, язгуур угсаа” гэсэн утгатай ажээ. Хожим Европод Шанду хот нь “Мөрөөдлийн хот Занаду” хэмээн нэрлэгдсэн байдаг.

Чингис богд уул: ӨМӨЗО-ны Авга хошууны Богд суманд байх уул юм. Анх 2000 онд илрүүлэн тогтоосон бөгөөд албан ёсны тахилгыг жилд нэг удаа үйлддэг. Жил бүрийн тахилга 5 дугаар сарын сүүлч, 6 дугаар сарын эхэн үед тохиодог. Чингис богд уулын тогтоц маш өвөрмөц. Монголчууд бидний амьдран буй нутаг буюу өсөж төрсөн газар руугаа харан хэвтэж буй их хааны дүрс энэ ууланд буй хэмээн өвөр нутгийн ард түмэн итгэдэг. Энд ирсэн  хэн бүхэн огшиж, өөрийн эрхгүй нулимс унаган хүндэтгэл үзүүлж өршөөл эрмээр мэт санагддаг сонин увидастай. Зорин ирсэн гийчдийг их хаан заримдаа уйлан угтаж, заримдаа инээвхийлэн угтдаг. Өвлийн цагт сахал нь илүү тодорч сүр бараатай үзэгдэнэ. 

Урьд цагт энэ уул руу хэн ч ойртдоггүй байжээ. Ойр хавиар нь дураараа явсан, эсвэл оройд нь гарсан хэн  нэгэнд заавал ямар нэгэн таагүй зүйлтэй тулж байдаг учир битүүлэг уул байжээ. Эдүгээ их тахилга үйлдэж аргаддаг болсноор өөрийн төрж өссөн Монгол нутаг руугаа харан нойрсож буй Чингис хааны дүрээр тодрон үзэгдэх болсон гэдэг. Мөргөл үйлдэх орчинг бий болгож, сангийн бойпор, өргөлийн идээ тавих тавцан зэргийг байрлуулж тахилга үйлддэг болсноос хойш өвөр нутгийн монголчуудын аж амьдрал сайжирч, хот орон нь гайхалтай хурдан хөгжин цэцэглэж буй хэмээн ярьцгаадаг. Тахилгын үеэр бүтэн үхэр, бүтэн хонийг тус бүр 2-3-ыг тусгайлан гаргаж хэлбэрийг алдагдуулалгүй бүхлээр нь шарж өргөл болгон өргөдөг уламжлалтай. Нарийн ёс дэг үйлдсэний дараа дуу хуур сонсгон уул усныхаа сонорыг мялаадаг. Тахилгад оролцогсод өргөл барьц өргөхөөс гадна өөрийн хүсэл мөрөөдлөө даатган хүсэж, нэр алдраа хэлэн мэдүүлдэг байна.

Алтан ургийн овоо: Их Монгол Улсын тав дахь их хаан Хубилай зарлиг гаргаж “Алтан урагийн өвөг дээдэст зориулж овоо байгуулан жил бүр тахиж иржээ. Гэтэл Манжийн эзэрхийллийн үед тахилга нь хоригдож, нутгийн ардууд нууцаар хаа нэг очиж мөргөдөг байжээ. Хожим Хятадын “Соёлын хувьсгал”-ын үеэр “Алтан урагийн овоо” гэдэг хүндтэй нэрийг нь “Үхэрчин” гэдэг нэрээр сольсон ч тахилга нь олигтой сэргээгүй байна. Сүүлийн хэдхэн жилд цагийн аяс нааштай эргэснээр Өвөр нутгийн монголчууд сэргээн тахиж байгаа аж. Сүүлийн 300 гаруй жилийн хугацаанд Ар Монголоос хүн ирж овоонд хүндэтгэл үзүүлээгүй байна. Эртнээс нааш эмэгтэй хүн гарах хориотой. Их хаан Хубилай энэхүү “Алтан урагийн овоо”-г сүрлэг өндөр, байгалийн үзэсгэлэнт уулын оройд байгуулсан бөгөөд энэ уулын бүсэд хот тосгон, тариачид бараг байхгүй онгон дагшин газар юм. Эдүгээ Өвөрмонголын Шулуун хөх хошууны нутагт бий бөгөөд 750 орчим жилийг элээжээ.


Ажаа гэгээний хийд буюу Бэйсийн сүм: Өвөрмонголын буддын шашны 4 том хийдийн нэг бөгөөд 1743 онд баригдаж эхэлжээ. Гол цогчин дуган, Чойрын дуган, Мянганы дуган, Жодбын дуган, Лаврангийн дуган, Манбын дуган зэрэг сүмүүдтэй. Сүмийн хаалгануудын дэргэд гол талбай болон халхавч хэрэм байдаг. Зүүн баруун тийш нэвтрэх замтай, богино хэрэм барьж талбайг битүүмжилсэн байдал нь буддын сүмийн хэлбэр хийцийн хувьд ховор ажээ. Бэйсийн сүм бол монгол хятад үндэстний хамтран бүтээсэн эртний барилгын чухал дурсгал бөгөөд Шилийн хот үүссэн газар юм. Тийм учраас одоогийн Шилийн хотын түүх нь Бэйсийн сүмтэй салшгүй холбоотой ажээ. Хожим Бэйсийн сүмд Ажаа гэгээний наймдугаар дүр буюу Юндэндорж шавилан сууж байжээ. Ажаа гэгээн нь Хөх нуурын Долоон нуурын дэргэд бар жилийн бар өдрийн бар цагт мэндэлсэн бөгөөд Хөх нуурыг тойрсон Монголын 24 хошууны нэг Бэйсийн хошууны харъяат ажээ. 1958 оны Хятадын соёлын хувьсгалын үеэр эрдэм номтой, алдартай бүх лам нарыг баривчлан шоронд хорьж, ламын ёсноос нь хүчээр салгасан үед тус сүм лам наргүй болж эзэнгүйджээ. Бэйсийн сүмийг хийд биш музей маягтай болгосон ба 1976 онд Мао Зэ Дун нас барж, Дэн Сё Пин дарга гарч ирснээр 1980 оноос хийдийн үйл ажиллагаа сэргэсэн байна.  

1989 онд Ванчинбогдыг нас барсны дараа хойд дүрийг нь тодруулах Далай багшийн эрхийг хориглож Хятадын засгийн газраас өөрсдөө тодруулсан ажээ. Шинээр тодорсон Ванчинбогдын багшаар Ажаа гэгээн Юндэндоржийг томилсон нь хүлээн зөвшөөрөх аргагүй үйлдэл болсон тул Ажаа гэгээн 1998 онд Бэйсийн сүмийг орхин АНУ-д цагаачилж, Сан Францискод хоёр жил болоод Далай ламын хүсэлтээр Индиана мужид “Монгол Төвдийн соёлын төв”-д морилж үлджээ.

Аяллын хөтөлбөр

Нэг дэх өдөр

Улаанбаатар - Эрээн чиглэлийн ОУ-ын галт тэргээр 20:00 цагт явна. (Галт тэргэнд хонох ба энэ өдрийн хоолыг аялагчид өөрсдөө хариуцна)

Хоёр дахь өдөр

Эрээн хотын галт тэрэгний буудалд аяллын автобустай хөтөч тосож авна. Өдрийн хоолны дараа Авгын хошуу руу явж Бэлгүтэйн Овоо уул, Бэлгүүдэйн соёлын хүрээлэн, Түүх соёлын музей, Авгын Эко хүрээлэнг үзээд зочид буудалд амарна.
(Өдөр, оройн хоолтой) 

Гурав дахь өдөр

Өглөөний цайны дараа Чингис богд уул руу явна. Богд уулын тахилгад оролцож, өргөл барьц өргөж, хүсэл зорилгоо даатгаж, урлаг уран сайхны тоглолт үзэж, Эрийн гурван наадам сонирхоно. Үдээс хойш Шилийн хот руу явж, зочид буудалд бууж амарна.
(Өглөө, өдөр, оройн хоолтой) 

Дөрөв дэх өдөр

Өглөөний цайны дараа Шилийн голын хамгаалагч сахиус Эрдэнийн 13 овоонд залбирах, үүсэл ба тахилгын зан үйлтэй танилцах, Өвөрмонголын 4 том сүмийн нэг Бэйсийн сүмд зочлон, Монгол сүмийн түүх, монголчуудын шашин шүтлэгтэй танилцах. Юань гүрний соёлын үзмэр бүхий Монголын Юань гүрний музей үзэх.  Үдээс хойш  Шулуун хөх хошуу руу хурдны замаар 2 цаг явж хүрнэ. Зочид буудалд байрлаж амарна.
(Өглөө, өдөр, оройн хоолтой)


Тав дахь өдөр

Өглөөний цайны дараа Шулуун хөх хошууны хамгийн том буддын хийд болох Малартын хийдэд зочилно. Тус хийдэд монгол лам нар олноороо шавилан суудаг байсан. Дараа нь Хубилайн дээд нийслэл Шанду хотын туурь, орчны бүтээн байгуулалт, байгалийн сайхныг үзнэ. Шанду хотоос 30 км зайд байх Шулуун хөх хошууны хамгийн өндөр цэг болох Алтан урагийн тахилгат овоо буюу одоогийн Үхэрчин овоо-нд очно. Өдрийн хоолны дараа 260 км явж Шилийн хот руу буцах маршрутаар аялна.  Оройн хоолонд орж, зочид буудалд бууна. Шилийн хотын үдшийн байдлыг сонирхоно.
(Өглөө, өдөр, оройн хоолтой)

Зургаа дахь өдөр

Өглөөний цайны дараа хурдны замаар 40 мин аялж Улаан Утай руу явна. Хятадад Хөх Утай, Шар Утай, Ногоон Утай, Улаан Утай хэмээх дөрвөн Утай байдгийн нэг нь бөгөөд монголчууд Хөх хотоос урагш байх Хөх Утай руу голчлон аялдаг билээ. Улаан Утай-д хүрч сүм хийдээр зочлон эргэл мөргөл хийж, аялал жуулчлал, амралт зугаалгын төвүүдээр аялна. Үдээс хойш Шилийн хот руу буцаж шинэ баригдсан худалдаа үйлчилгээний төвүүдээр үйлчлүүлнэ.
(Өглөө, өдөр, оройн хоолтой)

Долоо дахь өдөр

Өглөөний цайны дараа Эрээн хот руу хөдөлнө. Өдрийн хоолны дараа  Эрээн – Замын Үүдийн автобус, Замын Үүд – УБ чиглэлийн орон нутгийн галт тэргээр буцаж дараа өдрийн өглөө УБ хотод бууснаар аялал өндөрлөнө. 

ЗАХИДАЛ ИЛГЭЭХ:
Таны и-мэйл хаяг:
 
Захидал: