ШАНХАЙН АЯЛАЛ


Зөвхөн байгууллага, хамт олны захиалгаар зохион байгуулна.

  • Тус аялалд 10-аас дээш хүний бүрэлдэхүүнтэй оролцоно.
  • Аялал 5 шөнө, 6 өдөр үргэлжилнэ.
  • 0-2 насны хүүхэдтэй бол аяллын төлбөр 90%, 3-12 насны хүүхэд аяллын төлбөрөөс 20% хөнгөлөгдөх ба 13 наснаас дээш бол аяллын үнийн дүн өөрчлөгдөхгүй болно.
  • Аяллыг чанартай зохион байгуулж, чадварлаг аяллын хөтчөөр хангана. 
  • Захиалагч байгууллага болон аялагч тус бүртэй гэрээ байгуулна.
  • Захиалагч байгууллагын ажлын байранд аяллын хөтөлбөрийг пресентейшн хэлбэрээр танилцуулна.
  • Аялагчдыг аяллын эрсдэлийн даатгалд хамруулна.
  • 20-иос дээш хүний бүрэлдэхүүнтэй тохиолдолд тухайн улсад ажиллаж амьдарч буй монголчуудаас аяллын хөтчийг нэмэгдүүлж авна.
  • Аялал захиалах утас: 94993166, 91913166

Хятад газрын “диваажин” Ханжоу, Сужоу, Шанхай

Ханжоу хот: Эртний Сүн гүрний нийслэл байсан Ханжоу хот 9 сая хүн амтай. Хятадын тэрбумтан Жак Ма-гийн үүсгэн байгуулсан Alibaba корпорацын төв нь энэ хотод байрладаг. Хятад бол эртний уламжлалт цайны орон. Эдүгээ Хятадад хар, ногоон, өвсөн гэх 3 төрлийн цайг өргөн хэрэглэдэг. Ногоон цайнаас хамгийн алдартай нь “лунжин” бөгөөд Ханжоу нутгийн бренд. Нэг кг лунжин цайг бэлтгэхийн тулд 70-80 мянган нялх навч хураах шаардлагатай. Уулархаг нутгийн иргэд тарьдаг ба амт сайтай, эрүүл мэндэд ихээхэн тустай. Энэ цайг тариалагчид бийлэгжүү амьдралтай учраас охид, хүүхнүүдээ нөхөрт гаргах бус хүргэн буулгаж авдаг бардам хүмүүс аж. Ханжоуд ургасан цайг хандалж уухын зэрэгцээ хоолонд амт оруулан хуурч иддэг.

Си ху нуур: Ханжоугийн төвд орших нуур бөгөөд 2000 гаруй жилийн түүхтэй. Үзэсгэлэнт нуурыг зорин жил тутам 15 сая жуулчин очдог бөгөөд моторт болон сэлүүрт завиар аялан зугаалдаг. Ханжоу нутгийн зохиолч, яруу найрагчид энэ нуурын тухай зохиол бүтээл, шүлэг найрагтаа мөнхлөн үлдээжээ. Нууранд Сү ти, Бай ти, Ян гүн хэмээх гурван арал бий. Олон сайхан цэцэг, навч, мод сөөгөөр баян Сү ти арал дээр хос залуус ихэвчлэн очдог учраас “хосын далан” хэмээн нэрлэгджээ. Си ху нуурын усан дунд байрлуулсан гурван чулуун суварга нь 400 гаруй жилийн түүхтэй. Эдгээр суварганы дүрс Хятадын мөнгөн тэмдэгт болох нэг юанийн дэвсгэртийн ар талд дүрслэгдсэн байдаг. 

Ханжоу Бэйн гүүр: Шанхай хот руу явах замд Хятадад төдийгүй дэлхийд хамгийн уртад тооцогдох гүүрээр гарна. Зүүн Хятадын тэнгист орших Нингбо боомтыг Шанхай хоттой залгасан гүүр юм. Нийт урт нь 36 км. Төмөр болон төмөр бетоноор цутгаж хийсэн ба далайн хүчтэй шуурганд ч ажрахгүй бат бэх баригджээ. Тус гүүрийг барьж байгуулахад 1.5 тэрбум доллар зарцуулсан гэдэг.

Наньжин гудамж: Шанхайд заавал очих ёстой газрын нэг бол эртний Европ болон өнөөгийн Европын өнгө төрх, хэлбэр хийцийг хослуулсан Нанжингийн гудамж. Урт гудамжаар машин тэрэг явдаггүй, зөвхөн явган зорчигчид хөлхөх бөгөөд шөнө дөл болсон ч дэлгүүр, хоолны газрууд нь нээлттэй их хөлийн газар. Шанхай хотын худалдаа наймааны гол төв болох энэ гудамж 1860-аад онд байгуулагдсан түүхтэй.

Шанхай Тауэр (Shanghai Tower): Дэлхийн хамгийн өндөр барилгуудын нэг. Шанхай хотын төвд байрлах мушгирсан өвөрмөц хэлбэртэй уг цамхагийг 2008 оноос барьж эхэлсэн бөгөөд 2016 оны тавдугаар сард ашиглалтанд оруулжээ. 632 метр өндөр, 127 давхар, 380 мянган метр квадрат талбайтай энэ цамхагийн өртөг 2.2 тэрбум ам.доллар болсон аж. Шанхай дахь дэлхийн санхүүгийн төвтэй хаяа дэрлэн босгосон Шанхай Тауэрийн дизайныг АНУ-ын “Женслер” компани гаргаж, Шанхай хотын тэргүүлэгч барилгын компаниуд хамтран барьжээ. Энэ цамхагийн 119 давхарт гарахад цахилгаан шатаар ганцхан минут зарцуулах ба ямар ч дуу чимээгүй, нам гүм байдаг. Байгууламжийн мушгиа хэлбэрийн дүрс, бүтэц нь салхины хүчийг 20 гаруй хувь бууруулахаас гадна барилгын өртөг зардлыг хэмнэх үүднээс боловсруулсан загвар гэнэ. Мушгиа хэлбэртэй хаалтууд нь борооны усыг цуглуулж халаалтын систем болон агаар цэвэршүүлэхэд зориулагджээ.

Сужоу хот: Шанхайгаас 100 гаруй км зайтай орших Сужоу хот руу цагт 300 км хурдлах галт тэргээр гуч хүрэхгүй минутад давхиад хүрнэ. “Дорнын Венец” гэгдэх Сужоу бол эртний түүхийг авч үлдсэн Хятадын гурван томоохон хотын нэгд зүй ёсоор ордог. Тайху нуураар төв болгосон таваг хэлбэртэй тэгш талд байрладаг Сужоу хотыг “газрын диваажин” гэж нэрлэх нь бий. Эртний цэцэрлэгт хүрээлэнгүүдийг ЮНЕСКО 1997 онд “Дэлхийн өв”-ийн жагсаалтанд бүртгэн авчээ. Хүний гараар бүтээсэн хэдий ч байгалийн бүтээл мэт байгуулж чадсан байдаг. Хувь хүний цэцэрлэгт хүрээлэн байсан болохоор талбайн хэмжээ тийм том биш хэдий ч бага орон зайд хязгааргүй уран санааг агуулж, жижиг зүйлээр томыг, цөөнөөр олныг илтгэж чаддаг нь өвөрмөц.

Буддагийн хөшөө: Үси хотын Лин шань ууланд Да Фү буюу Их Буддагийн хөшөө сүндэрлэдэг. Уулсын өндөрлөг хэсэгт байрлуулсан хөшөө үдшийн бүрийд улам сүрлэг дүнхийн харагдана. Хөшөөний өндөр 88 метр. 700 тн зэсийн цутгамлаар босгожээ. Амар амгалан, нигүүлсэнгүйн дүрээр бүтээсэн Их Буддагийн өлмий дор усан оргилуур, цөөрөм, бадамлянхуа цэцгийг дүрсэлсэн цогцолбор бий. Хөгжим дуугаран усан оргилуур оргилох мөчид цэцгийн дэлбээ дэлгэрч бяцхан будда мэндэлж байгааг харуулдаг. Сүрлэг хэрнээ уянгалаг хөгжмийн аянд дэлбээлэх лянхуа цэцгэн дундаас зүүн гарын долоовор хураагаа гозойлгосон, буржгар үстэй бяцхан хөвгүүн суурин дээрээ аажмаар нар зөв тойрон эргэлдэнэ. Оргилсон ус бяцхан хөвгүүнийг угаагаад доош урсаж цоргонуудаас гоожино. Энэхүү рашаанаас хүртэж, нүүр гараа угаавал сэтгэл болоод аливаа муу бүхэн ариусдаг хэмээн сүсэглэдэг байна. Цөөрмийн дэргэд бурхан Буддагийн ариун мутрыг илэрхийлсэн хөшөө, айл бүрийн хойморт залардаг шаазан урлалын нэг том бүтээл болсон Энх-Амгалан хааны зэс цутгамал байдаг. Хааны өвөрт эрхэлсэн хүүхдүүдийн толгой элэгдэж гялайсан байдаг нь хүүхэдтэй болохыг хүссэн хүмүүс илсээр ийм болгожээ.

Сун Ятсений бунхан: Жян сү мужийн төв Наньжин хотын Жүн Шань уулын энгэрт орших Хятадын хувьсгалч Сун Ятсений бунханг зоригсдын хөл хөдөлгөөн их. Сун Ятсен 1911 оны аравдугаар сард Хятадын сүүлчийн эзэнт улс буюу Манж чин улсыг унагахад гол үүрэг гүйцэтгэсэн. 1912 онд Бүгд Найрамдах Хятад Улс байгуулагдахад анхны түр ерөнхийлөгчөөр ажилласан төдийгүй сүүлд нь Гоминданы намыг байгуулалцаж анхны даргаар томилогдож байжээ. Сун Ятсенийг эзэнт улсаас хойшхи Хятад улсыг нэгтгэсэн зүтгэлтэн гэж үздэг. Хятад болон Тайваньд хоёуланд нь хүндлэгддэгээрээ бусад удирдагч нараас ялгарна. Түүний улс төрийн амьдрал байнгын зөрчил тэмцэл, дүрвэлт дунд өнгөрсөн бөгөөд хэд хэдэн хувьсгалт засгийн газрыг толгойлжээ. Наньжин хот бол Гоминдан намын Засгийн газар байрлаж байсан газар. Тиймээс Сун Ятсень удирдагчид зориулан Наньжин хотын зүүн хэсэгт орших Жүн Шань уулан дээр 1929 онд бунхан байгуулсан ажээ. Нарсан ойн модон дунд, уулын дээд энгэрт хувьсгалчийн амьдрал, үйл хэргийн дурсгалд зориулж хятад барилгын уламжлалт хэв загвараар барьсан.       

Аяллын хөтөлбөр

Нэг дэх өдөр

УБ-Бээжин чиглэлийн нислэгээр 12:50 цагт нисээд Бээжин хотод 14:15-д бууна. Бээжин-Шанхай чиглэлийн нислэгээр 16:30-д гарч, Шанхайд 18:40-д бууна.    


Хоёр дахь өдөр

Галт тэргээр Нанжин (Nanjing) хот руу явна. Хувьсгалын удирдагч Сүн Ят Сений бунханг (Sun Yat-sen mausoleum) үзнэ. Үзэсгэлэнт нуур бүхий Ү жоу цэцэрлэгт хүрээлэнд салхилна.  Нанжин хотын худалдаа үйлчилгээний төвүүдээр үйлчлүүлнэ.  (Өглөө, өдрийн хоолтой)


Гурав дахь өдөр

Нанжин хотоос гарч Ү си хот (Wuxi city) руу 150км аялж хүрнэ. Бурхан багшийн асар том сэрэг дүрийг (Lin Shan Da Fuo) үзнэ. Бурхан багшийн мутарт хүрч, эд баялаг, эрүүл энх, урт насыг гуйж мөргөл үйлдэнэ. Аршийн орд (Wu ge ku) хэмээн алдаршсан дурсгалт газрыг үзэх ба энэ нь 10 тэрбум юаны өртөгөөр бүтээгдсэн гэдэг.  Бүх Хятадын аяллын бүсийн А зэрэглэлд ордог үзэсгэлэнт Тай нуур (Taihu lake), эргэн тойрны ой шугуйн гайхамшигт байгаль, эртний дурсгал зэргийг үзнэ. Мөнхийн хавар мэт байгалийн үзэмжит Саншань (Sanshang mountain) уулаар аялж, “цэцэрлэг дундах цэцэрлэг” хэмээн алдаршсан Ли ху нуур (Lihu lake) зэрэг аялагч жуулчдын очих дуртай газруудаар аялна. Сү жоу хотод ирж усан онгоцоор аялж хотын үдшийг сонирхоно.
(Өглөө, өдөр, оройн хоолтой.) 

Дөрөв дэх өдөр

Бурхан шашны алдарт Ханшань (Huangshan temple) сүмийг үзээд Хөх мөрний өмнөд нутгийн хамгийн алдартай усан дээрх Ү жэн тосгон, усны шүр сувдны дэлгүүрт үйлчлүүлнэ.  Ханжоу хотод хүрч, үзэсгэлэнт баруун нууранд (West lake) хүрч Ханжоугийн онцлог хоол идэж, алдарт цайнуудаас ууна.
(Өглөө, өдөр, оройн хоолтой)

Тав дахь өдөр

Ханжоу хотын худалдааны гудамжаар аялал хийнэ. Шанхай хот руу буцаж Хятадын хамгийн өндөр Шанхай цамхагийн (Jin Mao Da Sha tower) 88 дугаар давхарт гарч Шанхай хотыг бүхэлд нь харна. Дорнын Парис гэгдэх Шанхай хотын шөнийн үзэмжийг харах аялал хийнэ.  
(Өглөө, өдөр, оройн хоолтой.)


Зургаа дахь өдөр

Шанхай-Бээжин чиглэлийн нислэгээр 07:55-д нисэж, Бээжинд 10:15-д бууна. Бээжин-УБ чиглэлийн нислэгээр 15:10-д гарч, Улаанбаатар хотод 18:30-д бууснаар аялал өндөрлөнө.


ЗАХИДАЛ ИЛГЭЭХ:
Таны и-мэйл хаяг:
 
Захидал: