ХООЛ БОЛООГҮЙ ХИЛ ОРЧМЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ


Сэтгүүлч, нийтлэлч Д.Батбаяр.

Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын таамгаар 2008 онд 800 саяар тоологдсон жуулчин 2020 онд 1.6 тэрбумд хүрэх аж. Тэдний 17 хүртэлх хувь нь хятад жуулчин байх гэнэ. Харин бид бэлэн зах зээлээ ашиглах нь бүү хэл адлаж суугаа.

 

Нэгийг хийх гээд нөгөөг нь...

Замын-Үүдийн “Булган” худалдааны төвд дунд эргэм насны хятад эр 272 мянган төгрөгийн наймаа хийв. Чихэр, шоколад, амттнаас бүрдэх түүний сагсанд манай аль ч дэлгүүрийн лангууг дүүргэдэг импортын голдуу бараа харагдана. Тус төвийн худалдагч С.Чулуунбат “Хятадуудад манай хүнсний бүтээгдэхүүн их таалагддаг. Манайд юу л сайн гэнэ тэрийг авахыг эрмэлздэг” гэв. Амьдрал нь дээшлэх хэрээр чанартай хүнс эрэх болсон хятадууд хоёрхон жилийн өмнө дийлэнх орлогыг нь оруулдаг байжээ. Харин АСЕМ-ийн дүйвээнээр “хил орчмын аялал жуулчлал”-ыг зогсоочихов. Сайд асан Д.Оюунхорол өдөртөө ороод гардаг “бүлэг жуулчин”-ыг сэргээх гээд “хужаа нарыг визгүй оруулах” гэлээ гэдэг хэвлэл мэдээлэл, сошиалын дайралтад сөхөрсөн юм. С.Чулуунбат “Д.Оюунхоролын санаачилгад монголчууд эрүүл сэтгэхүйгээр хандсан бол бидний амьдрал нэг шат ч болов дээшлэх байсан. Бид өөрсдөө зах зээлээ хаагаад байна” хэмээн харуусав.



Уул нь боломж байсан

Эрээн хотын Аялал жуулчлалын хөгжүүлэлтийн зөвлөлийн Гадаад харилцааны албаны дарга Д.Гэрэлбаатар “Бид 2017 онд дотоодоосоо нэг сая далан мянган жуулчин авсан” гэж ярих нь бахтай сонсогдоно. Жуулчид нь нэгэнт Эрээнд ирсэн хойно “Алхмын газар юм чинь Монголыг үзчихье” гэдэг ажээ. Тэрээр хамгийн дээд талдаа Замын-Үүд рүү өдөрт 600 жууулчин гарч байсан гээд “Бидний тооцоогоор нэг жуулчин Замын-Үүдэд дунджаар 700 юань үрдэг” гэв. Хятад жуулчид манай махан бүтээгдэхүүн, борц, сүү бас зөгийн балыг их сонирхдог. Мөн хүн болгон 10 кг-аар савласан монгол дээд гурил ч авдаг байжээ. Харин “хил орчмын аялал жуулчлал”-ыг зогсоосноор орлого нь хэд дахин буурсан Замын-Үүдийн дэлгүүрүүд одоо ажин түжин сууна.

 

Хүний аманд орсон шар тос

Өнгөрсөн наймдугаар сарын 18-д Эрээн хотод “Цайны замын музей” нээгджээ. Энд 2000 оноос суурьшсан Сүнь Хайфэн 10 гаран жил нутгийн иргэдээс цуглуулсан эд өлгийн зүйлсээ 1 400 орчим метр квадрат талбайд дэлгэсэн байлаа. Гурван давхар байшингийн  дээд хэсгийг музей эзэлнэ. Музей хятад, монгол хөтөчтэй мөртөө төлбөргүй. Хувийн хөрөнгөөрөө үүнийг бүтээсэн Сүнь Хайфэнд Эрээн хотын захиргаа тодорхой хэмжээний санхүүгээр дэмжсэн гэнэ. Үнэгүй үзүүлдэг энэ музей хамаг “ашиг”-аа нэгдүгээр давхартаа байрлах супермаркетаасаа олдог. Музейн хэмжээний талбайд манай захын дэлгүүрт өрөөтэй байдаг импортын бараа дүүрэн. Солонгос бохиноос аваад “Говь”-ийн ноолуур хүртэлх сонголттой юм билээ. Хоёр жилийн өмнө Замын Үүдийн дэлгүүрээс хятад жуулчид зөөдөг байсан бүхнийг Сүнь Хайфэн зарж байна. “Цайны замын музей”-тэй Эрээн хотыг зорих жуулчдын тоо тасралтгүй нэмэгдсээр Монгол улсын мөрөөдөл болсон “нэг сая жуулчин”-ыг ноднин хүлээгээд авч. Амандаа орчихсон байсан шар тосыг хэлээрээ түлхсэн монголчууд хятадуудыг зүхээд завгүй байгаа.


 

Ажил нь ахидаггүй засаг

Монгол улс хятад жуулчдыг 2015 оноос Замын-Үүд, Бичигтий боомтоороо хил орчмын аялал жуулчлалын үнэмлэхээр нэвтрүүлж эхэлсэн. Ингээд тэр жилдээ Замын-Үүд 2014 оноос 2.5 дахин илүү буюу 13914 хятад жуулчин авчээ. Гэвч 2016 онд АСЕМ-аар далимдуулаад зогсоочихсон. Ингээд Дорноговь, Сүхбаатар аймгийн засаг дарга нар тухайн үед БОАЖЯ-нд албан бичиг илгээсэн гэнэ. Энэ хүсэлтийг БОАЖЯ Засгийн газарт оруулсан байна. Гэвч Ерөнхий сайд нь “Хятадтай холбоотой” гээд хэлэлцэхээс татгалзжээ. Сонгууль дөхсөн үе болохоор “хятадын эсрэг” хийрхэлээс болгоомжилсон биз. “Сонгуулиас болоод энэ асуудал зогссон” гэж БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын Ахлах мэргэжилтэн Н.Молор хэлсэн нь үүнийг нотолно. Ж.Эрдэнэбатын Засгийн газар байгуулагдсаны дараа Гадаад хэргийн яам дахиад энэ саналыг оруулжээ. Ингээд Засгийн газрын холбогдох хэд хэдэн агентлаг, газрууд ажлын хэсэг байгуулж Хятадын Засгийн газартай нот бичиг солилцохоор төсөл боловсруулсан гэнэ. Харин энэ нот бичгийн хувь заяа хэрхэж байгааг ГХЯ-ны Олон улсын гэрээ, эрхзүйн газрын захирал А.Төмөрөөс лавласан боловч “Тэр тухай ярьж болох эсэхийг лавлая” гэчихээд эргэж хариу өгсөнгүй. Манай улсын аялал жуулчлал төрийн нууцад хамаардаг бололтой.

 

Хятадууд биднээс юу хүсдэг вэ?

“Хил орчмын аялагчид нэгдүгээрт Монгол улсыг, хоёрдугаарт жинхэнэ нүүдэлчин ахуйг сонирхдог” гэж Шилийн голын олон улсын жуулчлалын компанийн орлогч захирал Д.Ялалт ярилаа. Хил орчмын аялал жуулчлал гээд бүх боомтоороо жуулчин оруулна гэсэн үг биш. Тэгээд ч манай хил дагуу сум суурингууд ганц нэгийг нь эс тооцвол жуулчин хүлээж авах байр саваар маруухан. БОАЖЯ “Эхний ээлжинд Замын-Үүдийн боомтыг жишиг байдлаар, нөгөөг нь Сүмбэрийн боомтыг гэж тооцсон” гэж Н.Молор ярилаа. Сүмбэрийн боомтын урд Хянган аймгийн Рашаан хот хэмээх амралт сувиллын том цогцолбор бий. Тэнд Хятадын төлбөрийн чадвартай жуулчид ирдэг. Одоогоор хил орчмын жуулчлал хийх боломжгүй учраас хятадууд 50 юань төлөөд Монголыг дурандаж байгаа аж. Дуран зоосон сүйхээтэй хятад Сүмбэр сумаас илүү аялал жуулчлал ашгийг хүртэж суугаа нь дамжиггүй. Харин бид дотроо учраа олчихвол Рашаан хот жилдээ гурван сая жуулчин авч байна. Хятад жуулчид арилжаа наймаа илүү сонирхдог тул тэдний 10 хувийг авч чадвал Сүмбэр суманд бөөний дэлгүүр барьчихад л эхний ээлжиндээ хангалттай “аялал жуулчлал” юм. Боломж оршсоор байна.

 

Виз ба цэнхэр үнэмлэх      

“Хил орчмын аялал жуулчлалыг Монголын талаас л хүчлэхгүй бол Хятад яаж ч оролдоод нэмэргүй” гэж яриагаа дуусгасан Д.Ялалт визийн асуудлыг сөхөөд өнгөрсөн юм. Монгол, Хятадын аялал жуулчлал эрхэлдэг бизнес эрхлэгчид “Хөх хот, Эрээний консулаас виз авах маш хэцүү” гэдгийг зөвшөөрч байна. Ялангуяа долдугаар сард горьдолтгүй гэнэ. Гол нь тэдгээр консулууд илүү үнээр виз гаргадаг сүлжээ үүсгэжээ гэж хардахаар явдалтай Эрээнд тохиолдсон. Бидэнтэй хамт Монгол руу орохоор машинд хамт суусан хоёр хятадын виз даруулсан гадаад паспортыг нь Эрээний вокзалын ард болзсон ёсоор нэгэн хятад авгай авчирч өгсөн билээ. Тэд визийн үнээс 200 юань илүү төллөө гэж байсан юм. БНХАУ-ын иргэд бүгд гадаад паспорт авах боломжгүй учир хил залгаа долоон улстайгаа жуулчдаа бүлгээр аялуулах санамж бичгийг 1998 оноос хойш байгуулах болжээ. Харин 2005 онд манай Зам тээвэр, аялал жуулчлалын яам; Үндэсний аялал жуулчлалын байгууллага ийм санамж бичиг БНХАУ-тай зурсан. Үүний дагуу хятад иргэд хил гарахад ашигладаг баримт бичгийг олны дунд “Цэнхэр дэвтэр” гэдэг. Гэтэл ийм тусгай зөвшөөрөл авсан манай 10 компани ажилчин оруулж ирэх эсвэл нэг жуулчнаас 200-300 юань нэмж хураах зэрэг зөрчил гаргасан байна. Тиймээс хүссэн бүх компанид дээрх эрхийг олгосноор давуу байдлыг нь устгаж завхрал үгүй болжээ. Гэтэл “хил орчмын аялал жуулчлал”-ыг нь зогсоочихлоо.

 

Эцсийн бүлэгт

Mongolia expedition компаний захирал С.Алдархишигийн хэлсэнчлэн хил орчмын аялал жуулчлалаа нээчихвэл “... ядаж нөгөө статистикт нь ч хэрэгтэй. Жуулчдаа бүртгээд байхад л дорхноо сая гарчихна”. Эдүгээ энэ бүхэн ГХЯ-аас шалтгаалж байна. Төр энэ зоргчигчийн урсгалыг л нээгээд өгчихвөл бусдыг аж ахуйн нэгжүүд хийчихнэ. Тэр жил, 2016 онд визгүй орж ирсэн 8 348 хятад жуулчин Монгол улсын ГХЯ-ны визийн орлогод онц ноцтой хохирол учруулаагүй, цаашдаа ч учруулахгүй болов уу хэмээн бодно. Гэхдээ нэг визээс 200 юань олдог сүлжээ байдаг юмаа гэвэл бас чиг бага мөнгө биш ээ. Авчиг бид аялал жуулчлалын орлого бол ард түмнээрээ хувааж хүрдэг мөнгө гэдэгт бол итгэж суугаа.