Сүхбаатар аймгийн Дарьганга
суманд зүүн урагш 60 км-т д.т.д 1778 метрт оршдог. Дарьгангын энэ өндөрлөг тэгш газарт 200 орчим унтарсан галт уул
байдгийн хамгийн өндөр нь
Шилийн богд уул юм. Мөн энэ нутагт 60 орчим хүн чулуу
бий. Шилийн Богд уулын тогоо нь баруун
хойшоо сэтрэн урссан бөгөөд амсар нь 2 км орчим өргөн, 300 орчим м гүнзгий
ажээ. Шилийн Богд уулан дээрээс Зотол хан, Дөш зэрэг 200 орчим эртний сөнөсөн
галт уулыг харж болох бөгөөд уулсын оройг зориуд засаж янзлан зүсэж авсан мэт
үнэхээрийн үзэсгэлэнтэй харагдана. Энэ хавийн уулс нь Авдар, Дөш, Сэнжит, Ацаа
гэхчилэн галт уулын шовгор дүрс хэлбэрээрээ нэрлэгдсэн байдаг. Их талын хамгийн
өндөр уул учраас тал дээр хааш хаашаа 60-аад км алсаас майхан барьчихсан юм шиг
шовгор харагддаг. Шилийн богдын зүүн дор Агтны хүрээ гэж дугуй тогоотой талын
намхан галт уул бий. Шилийн богд дээрээс тод харагдана. Эртнээс нааш Монголчууд
Шилийн богдыг шүтэн биширч өглөөний ургах нарнаар гарсан эр хүний хийморь
сэргэж хүлгийн шандас хөвчирдөг гэлцдэг.
Уулсын хоорондын хөндий талаар хүрмэн чулуун лав тогтсон
тул тэдгээрийн гадарга нилээд чулуурхаг юм. Хар хүрэн, хүрэн бараан хөрс
зонхилдог. 108 зүйлийн ургамал ургадаг бөгөөд ойт хээр, хээр, говийн бүсийг
төлөөлж чадах нэн ховор ургамал 30 гаруй зүйл бий. Амьтны аймгийн хувьд туурайтан мэрэгчид голлох бөгөөд
цагаан зээр, тарвага, чоно үнэг элбэг үзэгдэнэ.