ХӨРГИЙН ХӨНДИЙ

Сүхбаатар аймгийн Дарьганга сумын төвөөс зүүн хойш 45 км зайд, зүүн талаасаа огт мэдэгдэхгүй уудам тал гэнэт доош цөмрөх мэт эгц буусан байдаг. 40-өөд метр өндөр, 1 км урт хадан хясаагаар хязгаарлагддаг өвөрмөц газар юм. Хадан хясааны эгц энгэр дээр “Ан амьтныг энд олноор нь шахаж хороосон хүн өөдлөхгүй” гэсэн харууслын бичиг байдаг байсан гэж нутгийн ардууд ярилцдаг байна. Ийм ч учраас “Бичигтийн шахаа” гэж нэрлэжээ. Бичигтийн шахааны баруун доогуур урдаасаа хойш чиглэсэн их хөндийг “Хөргийн хөндий” гэдэг. Энд долоон хүн чулуу бий. Эрт үед энэ нутагт эмэгтэйчүүдийг дур сэтгэлгүй эрчүүдэд барьж богтлох ёс дагнан ноёрхож байжээ. Хайр сэтгэлдээ үнэнч, зоригтой шийдэмгий бүсгүйчүүд энэхүү Бичигтийн шахааны хадан хясаан дээрээс нисч амь насаа егүүтгэж байсан гунигт явдлыг мөнхлөн хүн чулуу босгосон гэсэн домогтой ажээ. Нутгийн ардууд энэ хөндийг уг хүн чулуунуудаар нь онцлон Хөргийн хөндий хэмээн нэрлэсэн байна. Хөргийн хөндийн хүн чулуунуудын хамгийн нийтлэг зүйл нь бүгд ямар нэгэн юм сандайлан суусан байдалтайгаар дүрслэгдсэн бөгөөд энэ нь Түрэгийн хүн чулуунуудаас ялгарна. Мөн ихэнхийг малгай гуталтайгаар дүрсэлсэн атал биеийг нь хувцасгүй нүцгэн, цээжинд нь товгор хөх гаргаж, доод хэсэгт нь эр хүйсийн тэмдэг дүрсэлж сийлсэн явдал юм. Энэхүү байгаль түүхийн үнэт дурсгалыг хамгаалах зорилгоор УИХ-ын 2004 оны 22 дугаар тогтоолоор улсын тусгай хамгаалалтанд авчээ.

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0