СҮЙХЭНТ УУЛ

Сүйхэнт нь Дорноговь аймгийн Мандах сумын нутагт оршдог бөгөөд Монгол оронд төдийлөн элбэг тохиолддоггүй чулуужсан мод байдаг байгалийн үзэсгэлэнт газар юм. Чулуужсан модны үлдэгдлүүд нь бага хэмжээтэй боловч сүүлийн жилүүдэд аймаг сумын төв рүү зөөх явдал ихэсч нөөц нь багасч байгаа учраас 1996 онд УИХ-ын 43 дугаар тогтоолоор улсын тусгай хамгаалалтанд авчээ. Чулуужсан модны зарим нь 4м бөгөөд хожуул нь 76-189 см диаметртэй. Эдгээр мод нь эрт дээр үед энэ нутагт ой байсныг гэрчилнэ. Одоогоос 140-150 сая жилийн өмнө ургаж байсан араукария хэмээх эртний шилмүүст шув шулуухан өндөр мод энд ургаж байжээ. Монголын говьд байсан энэ өндөр модыг оросууд “болотны капирас” буюу “намгийн агар-майлс” гэдэг.

Дэлхий дээр энэ мод 20-иод төрөл байдгийн зарим нь Өмнөд Америк, Австрали, Баруун өмнөд Азид одоо ч байдаг ажээ. Сүйхэнтийн чулуужсан мод нь 0.5 ам км-ээс ихгүй багахан талбай эзэлнэ. 1946 онд Оросын эрдэмтэн И.А.Ефремов Сайншанд хотын ойролцоох Чойлингийн ууланд 6 хэсэг болж хугарсан нийт 11 метр урттай, нэг метр бүдүүн мод үзэж харсанаа тэмдэглэжээ. Мөн чулуужсан модны 4м бүдүүн хожуултой тааралдаж байжээ. Дэлхийн зарим оронд байдаг чулуужсан ойгоос Сүйхэнт ялгардаг бөгөөд чулуужсан мод нь үндэс, мөчир, холтостойгоо, өсөлтийн цагираг нь хүртэл тов тод үлдсэн байна. Цайвар цагаан, улаан ногоон өнгөтэйгөөс гадна магма, галт уулын чулуулаг, боржингийн хольцтойгоороо онцлог юм. 1970 оны сүүлчээр Сүйхэнт уулын чулуужсан моднуудын унанги, хожуул зэрэг нь огт хөндөгдөөгүй хадгалагдсан байсан боловч харамсалтай нь зах зээл рүү шилжсэн үед эдгээр үнэт чулуужсан модыг хулгайлан сүйтгэж урд хөрш рүү зөөсөн байна.

Сүйхэнт орчим нь говийн бүсийн хайрган хөрстэй учраас ургамалжилт нь зүйлийн бүрдэл нөөцөөр элбэг бус юм. Олон наст бударгана, баглуурт ургамал ургана. Сүйхэнтийн бүсэд хулан, хар сүүлт, цагаан зээр, аргаль зэрэг туурайтан байхаас гадна элсний зусаг, говийн алагдаага, сибирийн алагдаага зэрэг олон зүйлийн мэрэгч амьтад амьдардаг.  

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0