ДАЯНДЭЭРХИЙН АГУЙ

Даян дээрхийн агуй нь Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын төвөөс зүүн хойш орших Монгол орны хамгийн том агуйн нэг бөгөөд 2006 онд УИХ-ын 26 дугаар тогтоолоор тусгай хамгаалалтанд авсан. Даян дээрхийн агуй нь ховор тогтоцтой, байгалийн үнэт үзмэр юм. Дотроо 10 гаруй өрөөтэй, зүг бүртээ олон ам хаалгатай, олон янзын рашаантай, нарийн шороон будагтай. “Эхийн умай” гэдэг эмэгтэй хүний савыг дүрсэлсэн амсартай. 

Агуйн ам нь Номхон уулын дунд орчим зүүн урагш хандсан том дөрвөлжин хаалга хэлбэртэй. Түүний хамгийн том амсар нь 3 х 4 м хэмжээтэй бөгөөд түүнээс бага хоёр амсар бий. Агуй үүсгэгч шохойн чулуу нь өгөршилд орж олон нүх сүв, хонхорхой, сэнж, ан цав үүсгэсэн байна. Даян дээрхийн агуйн орчных нь байгаль маш үзэсгэлэнтэй. Цагаан суварга, Сэнжит хад зэрэг том жижиг олон агуй бий. Агуйнуудын орчимд олон тооны хиргисүүр, булш байдаг. Энэ орчмын нутаг хотгор гүдгэрийн хувьд 1600-1900м-ийн өндөр бүхий дундаж намхан уулс, голын хөндий хосолсон гадаргатай. Уулсын орой, хяр нь гол төлөв бөмбөгөр оройтой боловч хажуу нь эгц байдаг. Дээрхийн голын баруун зүүн талын эгц цавчим хажуутай уулс нь шохойн чулуу, занараас тогтоно.

Хуш нарс, гацуур, улиас, шинэс, монос, улаан, бор бургас, нохойн хошуу, боролзгоно, далан хальс, тавилгана, ямаан ба хонин арц, ягаан даль, улаалзгана, аньс, гүзээлзгэнэ зэрэг жимс, ургамлаар нэн баялаг.

Орчны уулсад халтар хандгай, халиун буга, бор гөрөөс, зэрлэг гахай, хүрэн баавгай, хүдэр, үнэг зэрэг үслэг ан амьтан элбэг байдаг. Гол нуур цөөрөмд нь цурхай, алгана, гутаар, зэвэг, балиус зэрэг загастай. Харцага, шонхор, бэгбаатар, шар шувуу, сойр, хөтүү, ногтруу, өвөөлж, хөх цөгцгий, тоодог, тогоруу зэрэг жигүүртэн шувуудтай.

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0