Архангай аймгийн Хашаат сумын нутагт Хархориноос зүүн хойш 40 километр Хар балгас буюу Ордубалыкаас зүүн тийш 20 гаруй километрт орших YI-YIII зууны үед цэцэглэж байсан Түрэг улсын Билгэ хаан, түүний дүү Культегины тахилгын цогцолбор хадгалагдан буй бөгөөд тэдгээр дурсгалын цогцолборыг Культегины ач хүү Йолуг Тегин бүтээжээ.
Дэлхийн шинжлэх ухаанд Орхоны бичээс гэж алдаршсан бичиг түүхийн ховор нандин дурсгал болох Билгэ хааны гэрэлт хөшөө нь 3.3 метр өндөр, 1.3 метр өргөн бөгөөд 68 мөр бичээстэй. Билгэ хаан бол Түрэг улсын сүүлчийн алдарт хаан бөгөөд 19 жил улсаа удирдсан юм. 2001 оны 7 дугаар сарын 31-нд энэхүү дурсгалт газарт малтлага явуулсны үр дүнд 2000 орчим зүйлүүд олдсон бөгөөд түүний дотор хамгийн чухал олдвор бол Билгэ хааны эрдэнийн шигтгээтэй алтан титэм байжээ. Энд бүхэл бүтэн цогцолбор байсан боловч энэхүү гэрэлт хөшөө л үлдсэн байдаг. Монгол оронд түрэг бичээстэй хөшөө 40 гаруй байдгийн 10 гаруй нь Орхоны хөндий сав газарт байдаг учраас Орхоны бичээс хэмээн алдаршжээ. Билгэ хааны тахилгын цогцолбор дотроос чулуун хашлага бүхий дөрвөлжин булшны ор олджээ. Судлаачид үүнийг жинхэнэ булш биш харин эзний оршуулгыг бэлэгдэн хийсэн зан үйлийн шинжтэй гэж дүгнэдэг. Тахилгын онгоноос олдсон барилгын вааран дээврийн хагархай дээр нүүдэлчид морин давхиан дунд харвалдаж буй дүрс байсан нь судалгааны чухал дурсгал юм. Культегины бичээс Билгэ хааны гэрэлт хөшөө хоорондоо 1 километрийн зайтай. Хөшөө цайдмын дурсгалууд мянга гаруй жилийн түүхэндээ ихээхэн эвдэрч гэмтсэн боловч ЮНЕСКО “Дэлхийн гайхамшигт үнэт зүйл болох нь” гэдэг зэрэглэлээр дэлхийн соёлын өвд 1996 онд бүртгэн авсан байна. Монгол улс 20.8 хавтгай дөрвөлжин километр талбайг 1961 онд улсын хамгаалалтанд авсан.Хөшөө цайдмын энэ хөндийд Улаанбаатар хот суурьшиж байсан бөгөөд тухайн үедээ Шар бүст өргөө гэдэг нэртэй байсан. Ширээт цагаан нуураас нүүж ирээд 14 жил нутагласан ажээ.