ХАР БУХЫН БАЛГАС (ТҮҮХ СОЁЛЫН ДУРСГАЛТ ГАЗАР)

Булган аймгийн Дашинчилэн сумын нутагт, сумын төвөөс 12 километр зайд Хар бухын голын гүүрний дэргэд байдаг. Нутгийнхан Хунтайжийн балгас, Хадаасангийн балгас гэдэг. IX-X зууны Кидан бичээстэй дээврийн ваарнууд олдсон нь Чин толгойн балгаснаас гарсантай яг ижил байсан учраас Киданы үед хамааруулан үздэг бөгөөд XYII зууны үед хэрэмний туурь дотор Монголчууд чулуун хийдийг барьжээ. Хэрмийн туурийг үзвэл хааш хаашаа 500 метр орчим талбайтай байсан нь мэдэгдэж, түүний дотор баруун зүүн тийш гарсан гол гудамжны хоёр талаар хотын барилгууд байсан оромтой бөгөөд зарим нь тусгай хэрэм, шуудуун хамгаалалттай байжээ. Хэрмийн барилгыг галт уулын хүрмэн чулуу, билүү занар чулууг үелүүлэн алаглуулж өрж барьсан нь гайхамшигтай ажээ. Одоо энд хоёр давхар ордны хана суваргаас үлджээ. Энэ балгас орчмоос эрдэмтэн Х.Пэрлээ XY-XIY зууны үед холбогдох үйсэн дээр бичсэн Монгол хуулийн эмхэтгэлийг олжээ. Тэдгээр үйсэн номнуудад янз бүрийн шашны сэдэвтэй судар, хууль цаазын эмхэтгэлүүд, Монгол бичгийн цагаан толгойн үсэглэл зэрэг зүйлүүдийг бичсэн байжээ. Энэхүү Хар бухын балгасыг 1998 онд улсын хамгаалалтанд авсан.

Бичээс төслийн үр дүн: Монгол Японы хамтарсан “Бичээс” төслийн багийхан XY-XYII зууны үед бичигдсэн 60 гаруй хуудас үйсэн бичиг, гурван хуудас төвд бичиг мөн эртний хятан бичигтэй гэрэлт хөшөө олжээ. Судалгааны багийнхан хус модны үйсэн дээр бичсэн 60 гаруй хуудас бүхий эртний гар бичвэрийг Булган аймгийн Дашинчилэн сумын нутагт байдаг Хар бух хэмээх балгасны нурангид дарагдсан байсныг оллоо. Мөн Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутаг Бүлээн гэдэг газраас 183 см өндөр, 53 см өргөнтэй Хятаны их бичгээр долоон мөр бичиг сийлсэн гэрэлт хөшөө оллоо. Гэрэлт хөшөөг 1058 оны 8-р сарын 1-нд босгосон байх магадлал өндөр байгаа гэнэ. Энэ хөшөө нь Монголоос олдож байгаа анхны хятан бичигт хөшөө юм. “Бичээс” төсөл 1996 оноос Монголын нутаг дахь эртний бичиг үсгийн дурсгалуудыг шинээр хайж илрүүлэх, судлах, утгыг нь тайлах, эртний соёл иргэншлийг өнөөгийн иргэдэд таниулах, сурталчлах зорилгоор ажиллаж байна. Зөвхөн Хархорин, Эрдэнэзуу хийдийн орчмоос монгол, дөрвөлжин, араб, перс, хятад зэрэг бичээс бүхий 19 хөшөө, олдвор олджээ. Хөшөө, дурсгалуудад ихэвчлэн шүлэг, хууль цаазын талаар сийлсэн байх нь олонтаа байдаг. Гэхдээ бүх хөшөө дурсгал Ази, Европын олон улс үндэстний засаг захиргааны зохион байгуулалт, эдийн засаг, шашин, соёлын харилцаа гээд бүхий л мэдээллийг хадгалсан шинэ эх сурвалж, судлагдахуун болохуйц олдвор болдгоороо онцлог. Эртний хятан бичгийг одоо хүртэл эрдэмтэд бүрэн тайлж чадаагүй байгаа юм. Харин үйсэн бичгийн хувьд эхний ээлжинд бэхжүүлэх, хадгалах, сэргээх ажлыг хийж байгаа бөгөөд судалгааны багийнхны таамгаас үзэхэд Хар бух балгаснаас олсон үйсэн номууд XYI-XYII зууны үед Монгол оронд бурхны шашин хэрхэн дэлгэрч байсан, хүрээ хийд байгуулагдаж, бурханы номыг хэрхэн монгол хэлнээ орчуулж байсан тухай эх сурвалж болох бичвэрүүд ажээ. Түүнээс гадна уг бичээсээр XY-XYII зууны үед монголчууд үйсэн ном  бүтээдэг байсныг гэрчилж, Хар бухын балгас нь түүх соёлын томоохон төв байсныг нээн илрүүлснээрээ ихээхэн ач холбогдолтой гэж төслийн багийнхан үзэж байна. Бэхжүүлж, сэргээн засварлах ажлыг Монголд хийдэг ч багаж техникийн зайлшгүй шаардлага гарвал Япон руу аваачиж сэргээдэг байна. Гэхдээ бүх олдвор, хөшөө дурсгал Монголд үлдэнэ. Ирэх 10-р сард Хархоринд ашиглалтад орох “Хархорин түүхийн музей”-д олдворуудаа байрлуулах гэнэ. Мөн олдворуудыг судалсны дараа шинэ ном болгох төлөвлөгөөтэй байгаа аж. Тус судалгааны багт Монголын талаас профессор А.Очир, доктор Л.Эрдэнэболд, Японы талаас профессор К.Мацуда, профессор Т.Мацукава, профессор Т.Мураока нар багтжээ.

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0