ТОНЬЮКУКЫН ГЭРЭЛТ ХӨШӨӨ (ТҮҮХ СОЁЛЫН ДУРСГАЛТ ГАЗАР)

Түрэгийн хаант улсын гурван хааны зөвлөх байсан мэргэн сайд Тоньюкукт зориулан босгосон тахилын онгон бүхий дурсгал Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Баянцогт уулын баруун хойно Налайх хотоос зүүн тийш 15 километр, Ар жанчивлангийн сувиллаас баруун тийш 4 километрт оршино. 1957 онд доктор Н.Сэр-Оджав Тоньюкукын бунхант булшийг өмнөх судалгаануудаас арай илүү өргөн хүрээтэй малтан шинжилжээ. Судалгааны үр дүнд нэг эгнээ өрсөн хөх тоосгон хана бүхий барилгын нуранги гарчээ. Мөн шал нь битүү тоосгоор өрөгдсөн, вааран дээвэртэй байсан нь тодорхой болсон. Ханыг хар улаан, цагаан шаргал гэх мэт хурц өнгөөр будсан байсан. Олон ваар сав олдсоны ихэнх нь дэрэвгэр амсартай, хавтгай ёроолтой цар маягтай байжээ. Барилгын баганан дээр өтгөн хөмсөгтэй, том алаг нүдтэй, хурц соёотой, сартгар хамартай хүний нүүрийг дүрсэлсэн байсан. Тоньюкукын гэрэлт хөшөөний орчимд дээл өмссөн, ур хийц нь харилцан адилгүй 9 ширхэг саарал боржин хүн чулуу байсан. Цогцолбор дурсгалын өмнөөс зүүн зүгт цувуулан 1300 метр зайд 400 орчим цагаан чулуу байрлуулсан байсан бөгөөд тэдгээрийн зарим нь газар дээр ил харагддаг. 

Эртний Түрэгчүүд нас барагсдаа чандарлан оршуулахын зэрэгцээ тэдний сүнсийг амаржуулах зорилгоор тахилгын зан үйл зохион байгуулж, дараа нь эргэж байхаар тахилын онгоныг тусад нь байгуулдаг байжээ. Эдгээр онгон нь нас барсан хүний язгуур гарал, зэрэг дэвээс нь шалтгаалан их бага янз бүр байхаас гадна бүтэц, ур хийцийн хувьд өөр хоорондоо ялгаатай байдаг. Онгоны зохион байгуулалт нь дөрвөлжин хавтангаар хашлага босгоод өмнө нь хүн чулуу байрлуулж, хөшөөний өмнөөс уулын бэл хүртэл олон цагаан чулууг босгосон байдаг. Ингэж чулуу босгодог утга учрыг судлаачид хоёр янзаар тайлбарладаг. Эхнийх нь, онгоны эзэн эрийн дайн тулаанд алж устгасан дайсны тоогоор босгодог. Хоёр дахь таамаг нь, уг хүнийг оршуулах болон тахиж тайх ёслолд оролцсон хүмүүс өөрийгөө төлөөлүүлж босгосон билэг тэмдэг гэж үздэг.

Тоньюкукын цогцолбор дахь хоёр гэрэлт хөшөө нь 8 талт 62 мөр бичээстэй. 1 дүгээр хөшөөний өндөр нь 170 сантиметр, 2 дугаар хөшөөний өндөр 160 сантиметр. 1 дүгээр хөшөөнд 37 мөр,  2 дугаар хөшөөнд 25 мөр бичээс байдаг. Уг хөшөөг Түрэгийн сайд мэргэн Тоньюкук амьд сэрүүн ахуйдаа босгуулжээ. Хөшөөний бичээст: Мэргэн Тоньюкук өөрөө болон Түрэг улс нь Нанхиадын эрхэнд байсан учир Түрэг улс хаантай болох цагийг үзээсэй хэмээн санаж явсан. Дараагаар хаантай болсон авч удалгүй Нанхиадад дахин дагаар орсон зэргээс эхлэн дурджээ. Цаашлаад бусдын эрхэнд ороогүй хэсэг нь нэгдэхэд тэдний дайсан эргэн тойронд нь махчин шувуу мэт эргэлдэж өмнөдөд Нанхиад, дорнодод Кидан, умард зүгт Окуз лугаа олон дайсантай байгаад Киргиз, Тардуш, Согд болон бусад улстай хийсэн аян дайны тухай тодорхой дурджээ. Тэрбээр зөөлнийг нугалахад, нимгэнийг урахад хялбар. Улс аймаг буурай байхад эзлэхэд хялбар, харин хүчирхэг бол эзлэхүйеэ бэрх. Эзлэн авъя гэвэл баатар зориг хэрэгтэйг сургаж бичжээ. Ийнхүү Түрэгийн хаад болох Элтэрэс, Капкан, Билгэ-д хамаг чадлаараа хүчин зүтгэсний үрээр улс нь улс шиг болж, төр нь төр шиг болсныг тэмдэглэжээ.

Мэргэн Тоньюкук (646-732) Ашина овгийн язгууртан гаралтай хүн байсан бөгөөд Ашина овог нь тэр үеийн Түрэгийн хамгийн том хүчирхэг язгууртан ноёд төрөн гардаг овог байжээ. Мэргэн Тоньюкук төрийн хэрэгт холбогдож шоронд хоригдож байгаад Кутулукийн бослогын үеэр суллагдан Кутулукийг хаан болоход зөвлөх сайд нь болжээ. Түрэг улс хятадын эрхшээлд байх үед 693 онд Элтэрэс /Кутулук/ хаан нас барж, түүний хүү Можо нь хаан ширээг залгамжлан улс төрийн шинэтгэл хийн хуучин язгууртан нарыг төрийн албанаас зайлуулахад Тоньюкук хамт зайлуулагджээ. Эдгээр хуучин сурвалжтан нарыг Тоньюкук удирдан нууц хуйвалдаан зохион байгуулж Можо-г хаанаас нь зайлуулан хунтайж Могиляныг Билгэ цолтойгоор хаан суухад хүчин зүтгэсэн нэгэн ажээ. Мэргэн Тоньюкук 86 насандаа 732 онд нас баржээ.

Судлаачид мэргэн Тоньюкук гэгдэх өргөмж нэрийн утга ба бүтцийн тал дээр нэгдмэл санал дүгнэлттэй болж чадаагүй байна. Tonuk гэдэг нь орчин цагийн тува хэлний “туурай”,   uk гэдэг нь түрэг, тува хэлний “сум хэлбэр” гэсэн утга аж. Иймд Тоньюкук нь “туурай сум, эсвэл суман туурай” гэж үзсэн дүгнэлт түлхүү бий. Мөн “тон, тун” гэсэн үг нь эртний түрэг хэлэнд олон тохиох “дун” бөгөөд “анхны, ууган” гэсэн утгатай. “йок, йук” гэдэг нь “хадгалах, хамгаалах” гэсэн үгэнд “к” дагавар залгасан хэмээн үзэж Тоньюкук гэдэг нь “Анхны хадгалагч” гэсэн утгатай хэмээн тайлбарласан байна.

Бичээсийн 58-р мөрөнд “Түрк Билгэ каган иленге битидим. Бен билге Тоньюкук” гэсэн өгүүлбэр бий бөгөөд орчин цагийн монгол хэлээр орчуулбал “цэцэн Тоньюкук би түрэг Билгэ хааны ард түмэнд бичүүлэв” гэсэн утгатай ажээ. Үүнээс үзэхэд Тоньюкук амьд сэрүүн ахуйдаа өөрөө хөшөөнийхөө бичээсийг бичүүлсэн болох нь тодорхой ба үүнийг олон түрэг судлаачид хүлээн зөвшөөрдөг. Тан улсын дарлалын эсрэг тэмцэн, хожуу үеийн Түрэгийн хаант улсыг байгуулах үйл хэрэгт хувь нэмрээ оруулан Түрэгийн сүүлчийн гурван хаан Капаган, Элтерес, Могилян (Билгэ) хааны мэргэн зөвлөх байсан Тонъюкук хойч үедээ үлдээсэн үгийг хэд хэдэн хэсэгт хуваан тайлсан байдаг.  Хөшөөний эхний мөрөнд зөвлөх Тоньюкук өөрөө Табгач улсад хүмүүжсэн тухайгаа тэр цагт Түрэг түмэн Табгач улсын хараат байсан учраа өгүүлснээр хөшөөний бичээс эхэлдэг.

2-7 дугаар мөрөнд зүүн Түрэгийн хаант улс үүссэн тухай, Элтересийг хаан өргөмжилсөн тухай маш товч өгүүлсэн ба хаангүй байх үедээ табгачын харъяанаас тусгаарлаж чадсан атлаа хаантай болчихоод Табгач улсад дахин бүрэн дагаар орсон нь харамсалтай байсан тухай өгүүлдэг. “Дээд тэнгэр: ... би та нарыг хаантай болгосон, аяа та нар хаан юугаа тэвчиж Табгач-д бүрэн дагаар орсон тул сөнөтүгэй гэв... Түрэгшир түмний нутагт нэг ч овог аймаг бүтэн бүлдсэнгүй” хэмээн харуусан бичсэн ба Табгач улсад дагаар орохыг хүсээгүй иргэд эзэнгүй хоцорсон нутгийн ой мод, шугуй, уул хаданд нуугдаж үлдсэн байсныг хураан цуглуулсан тухай өгүүлдэг. Энэ тухай бичээст бол “...үлдэж хоцорсон долоон зуун хүнийг хураан цуглуулсан хүн нь шад билээ” гэжээ. Шад гэдэг нь эртний Түрэг улсын үед байсан цэрэг – засаг захиргааны өндөр албан тушаалтныг заасан үг юм. Тэрхүү дурдагсан 700 хүн гэдэг нь дээр өгүүлсэн эзгүйрч үлдсэн нутгаас хураан цуглуулсан хүний тоо аж. Мэргэн Тоньюкук бол хүнд цаг үед цэцэн ухаан сийлж төр улсаа төвхнүүлэхэд хувь нэмэр оруулах тулхтай хүн байсан нь ойлгомжтой тул түүнийг зөвлөхөөр өргөмжилжээ. Туурга тусгаар улс байхын үндэс нь хаантай байх явдал гэдгийг сайтар ухаарсэн мэргэн Тоньюкук “...Бидний дайсан эргэн тойронд махчин шувуу шиг, өөрсдөө бид сэг шиг байв” хэмээн хэлсэн байдаг.

8-16 дугаар мөрөнд умар зүгт орших Огузыг даран сөнөөсөн тухай өгүүлдэг. Хөх түрэгүүд нэг хэсэг амар амгалан, гэдэс цатгалан амьдарч байтал Огуз аймгаас ирсэн нэгэн босуул Огуз аймгийнхан өөр хаантай болсон тухай дуулгаад, “Өтүкений орчмоор нүүдлэн яваа цөөвтөр Түрэг аймгийнхны хаан нь баатарлаг, зөвлөх нь цэцэн, тэр хоёр хүн амьд байх аваас Кидан, Табгач, Огуз биднийг сөнөөнө, иймд гурвуул хамсарч тэднийг дайлсугай, Түрэгшир аймгийнхны нутагт биднээс өөр эзэн хэзээ ч бүү зорчин яваг, чадвал тэдний эздийг хүйс тэмтэрцгээе хэмээн үгсэж бусад аймгийнханд элч илгээсэн” тухай өгүүлжээ. Ийм таагүй мэдээ дуулсан Тоньюкук шөнө нойр нь хүрэхгүй, өдөр нь тайван сууж чадахгүй болж хаандаа туршуулын үгийг дамжуулжээ. Хаан нь Тоньюкукын үгийг хүлээн авч, их цэргийг өөрийн дураар зохион байгуулж удирдан хөдөлгө гэсэн хариу ирүүлжээ. Хэдийгээр дайсны тоо зургаан мянга, өөрсдөө хоёр мянга боловч тэд огуз аймгийнхныг ялан дийлж чадсан байна. Энэ ялалтаа мөн л тэнгэрийн ивээл хайрын хүч хэмээн үзэж байгаагаа тэмдэглэн үлдээжээ. 

17 дугаар мөрөнд Түрэг түмэн Өтүкений хөвчид суурьшихад дөрвөн зүгийн ард тэнд нүүдэллэн ирсэн тухай дурддаг. Өтүкений хөвч бол Табгачийн нутгаас алс зайдуу, нутагшин суухад аятай нутаг байсан бололтой. Өтүкен гэдэг нэрийн талаар судлаачид санал нэгдээгүй боловч энэ газрыг Орхон голоос баруун хойших уул хэмээн тэмдэглэж, нэрний авианы төстэй байдлыг авч үзвэл одоогийн Завхан аймгийн Отгонтэнгэр мөн байх магадлалтай аж.  Этүкен гэдэг үгийн гуйвсан дуудлага мөн хэмээн үзжээ.

18-19 дүгээр мөрөнд урьд газар хийсэн дайны тухай товч өгүүлсэн байдаг. Түрэг хаан сууснаас хойш Шантун хот хүртэл довтолсонгүй, Талуй (Далай) мөрөн хүртэл цэрэглээгүй байв. Мэргэн Тоньюкук энэ тухай хаандаа өчин дайлаар мордон тэр газрын хорин гурван хотыг сүйрүүлэв. Тэд довтолсон газарт үлдэж амьдрах хүсэлтэй байсан боловч Табгач, Он ок, Киргизийн хаад гол дайсан нь байсан учир арга буюу гэдрэг буцжээ.

20-28 дугаар мөрөнд Киргиз аймаг руу хийсэн аян дайны тухай өгүүлдэг. Киргизэд хүрэхэд Көгмен хөвчийг давах нь тун бэрхшээлтэй тул Ас нутгийн нэгэн эрийг замчнаар олсон боловч зам буруу зааж яггүй бэрхшээл учруулсан ч өдөржин шөнөжин довтолгож киргизүүдийг унтаж байхад нь дайрч хааныг нь алж, үлдсэн киргиз аймгийнхан хаанд ирж сөгдөн мөргөн дагаар орсон, Көгмений хөвчийн нөгөө талаар нь тойрон буцаж ирсэн тухай өгүүлдэг. 

29-43 дугаар мөрөнд Түргэштэй хийсэн дайн, Он окийнхон дагаар орсон тухай өгүүлнэ. Киргизээс буцсаны дараа төд удалгүй Түргэшийн хаанаас нэгэн босуул ирж “...Түргэшийн хаан дайлаар нааш айсуй, Он окийнхон ч бас хоцролгүй дайлаар мордох гэнэ. Тэдний дотор табгач цэргүүд ч байгаа, тэд үгсэн Ярашийн талд нэгдэхээр тохиролцсон” хэмээн хэлэв. Тэдний цэргийн тоо арван мянга хүрснийг сонсоод Түрэгийн зарим ноёд айж бэргэсэнд мэргэн Тоньюкук тэднийг зоригжуулав. Дайсны цэрэг талын түймэр мэт довтолж байсан ч ариун тэнгэрийн өршөөлөөр тэдний хааныг нь олзолж ябгу шад нарыг нь сөнөөж чадсанаас гадна ойролцоогоор тавиад цэргийг баривчилжээ. Он окийн харъяат түмэн ч дагаар оржээ.

44-48 дугаар мөрөнд Дундад Ази руу хийсэн аян дайны тухай өгүүлдэг. Түргэштэй хийсэн дайны үеэр Он ок аймгийн цөөн хэдэн хүмүүс зугтсан учир тэднийг нэхэн дарахаар мордсон цэргийнхэн Йенчү (сувдан) гол, Тенисийн хүүгийн нутаглаж байгаа Бенчлек уул, Төмөр хаалга хүртэл цэрэглэн довтолжээ. Тэр үед Сук тэргүүтэй Согд аймгийнхан бас бүгд дагаар орж тэдний хүмүүсээс шижир алт, цалин цагаан мөнгө, эмс охид, ганц бөхт тэмээ, үнэт эд зэргийг ихээр татвар болгон аваад буцжээ. Үүгээр Тоньюкукын оролцоотой  аян дайн үндсэндээ эцэс болсон байна.

49 дүгээр мөрөнд Элтерес хаан, мэргэн зөвлөх Тоньюкук нарын хийсэн аян дайн ингээд зогссонгүй хүчирхэг Түрэг улсыг байгуулахын тулд Табгачид 27 удаа, Киданд 7 удаа, Огузад 7 удаа довтолсон бөгөөд тэр бүхэнд зөвлөх мэргэн Тоньюкук байсан тухай өгүүлнэ.

50-62 дугаар мөрөнд Түрэг улсыг байгуулан төвхнүүлэхэд тэрбээр өөрийн оруулсан хувь нэмрийг дурсан санаж цөөн хэдэн үгэнд багтаан дүгнэжээ. Тухайлбал, “...шөнө тайван унталгүй, өдөр сэтгэл амар суулгүй, улаан цусаа урсгаж, хар хөлсөө асгаруулан хүч хөдөлмөрөө хаандаа өгөн зүтгэв. Урт холын довтолгоонд би л тэднийг илгээж байв...” гэсэн нь холын аян дайнд цэргийн зохион байгуулалт хийж, дайн тулаан удирдаж байсан хэрэг юм. Үүнээс үзэхэд, мэргэн зөвлөх төдийгүй цэргийн гарамгай удирдагч, тухайн үеийн улс төрийн томоохон зүтгэлтэн байсан хэрэг аж. Улмаар, Түрэг түмний нутагт “...хуягт дайсан нэвтрүүлсэнгүй, тамгатай морьд хатируулсангүй ... Түрэг түмнийг ийм жаргалтай байдалд хүргэхийг Элтерес хаан ухамсарлаагүй бол, түүнийг дагаад би төр улсаа эмхлэн байгуулахыг ухаараагүй бол эл улс минь эгэл түмэн минь үгүй болох байсан...” гэсэн байсан нь Түрэг түмэн хэсэг хугацаанд сэтгэл амар амьдарч байсан тухай өгүүлсэн бололтой.

Энэхүү бичээсийн төгсгөлд цэцэн Тоньюкук өндөр настай болсон тухайгаа дурдаад “... Ямар ч газрын ард түмэн хаандаа зүтгэхгүй бол түүнээс илүү гай зовлон гэж юу байх билээ. Үүнийг л түрэгийн ард түмэнд зориулан мэргэн Тоньюкук би тушаан бичүүлэв”

 

Тоньюкукын гэрэлт хөшөөний бичээсийн бүтэн эх:  “Би мэргэн Тоньюкук. Нанхиадын эрхэнд хүмүүжсэн минь тэр цагт Түрэг улс Нанхиадын эрхэнд агсны учир болой. Би Түрэг улсын хаантай болох цагийг үзээсэй хэмээн санах бөлгөө. Түрэг улс нанхиадаас хагацаж хаантай болвой. Харин тун удалгүй хаан юугаа тэвчиж дахин нанхиадад дагаар оров. Тэр цагт тэнгэрийн зарлиг болсон нь “Би та нарыг хаантай болгоход та нар хаанаа орхин бусдад дагав” хэмээвэй. Тэнгэр эс таалж тэднийг үхүүлэхэд түрэг хүн үхэж бууран доройтов. Түрэг улсын нутагт дахин гэр төр тогтсон нь үгүй. Бусдын эрхэнд ороогүй нь хурж долоон зуу болов. Тэдний хоёр хэсэг нь морьт бөгөөд нэг хэсэг нь явган авай. Энэ долоон зуун хүнийг төрүүлэн удирдах хүн нь шад билээ. Тэр над лугаа нийл хэмээв. Түүн лугаа нийлэгсдийн дотор мэргэн Тоньюкук би буй бөлгөө. Би түүнийг хаан болгоюу хэмээн санасан минь холоос туранхай буга, тарган буга хоёрын тарган туранхайг ялгахад бэрх хэмээжихүй. Хожим тэнгэр надад билэг өршөөсөн тул би түүнийг хаан болгов. Миний ойр Байла бага дархан мэргэн Тоньюкук бүхий учир би Элтерес хаан болсугай гэж өмнөдөд нанхиад, дорнодод хятан, умардад олон огусыг сөнөөв. Түүний билгийн нөхөр, алдрын нөхөр авай. Тэр цагт бид Цугуй хожи ба Хар гомд сууж бөлгөө. Би тэнд гөрөөс, туулай идэж суувай. Иргэний хэвлий дүүрэн бөлгөө. Манай дайсан эргэн тойронд махчин шувуу мэт авай. Бидний байдал ийм эл боллоо. Тэнд суух үед огус нараас туршуул ирсний үг нь “Төгс огус иргэнд хаан сууж нанхиадад Гуни Сэнгүнийг, Хятанд Тонра Самыг илгээж хэлүүлсэн нь: Цөөн түрэг хүмүүс хөдөлвэй. Тэдний хаан их зоригтой, түүний мэргэн сайд энэ хоёр хүн амьд ахул танай нанхиадыг тэд ална хэмээн хэлсүгэй би. Дорнодод хятан хүмүүсийг тэд ална хэмээн хэлсүгэй би. Бас манай огус нарыг тэд ална хэмээн хэлсүгэй би. Нанхиад та нар тэдний өмнөөс дараар ор. Хятан нар тэдний дорноос дараар ор. Би тэдний умраас дараар орсугай. Түрэгийн нутгийг ямар ч эзэн бүү эзэлтүгэй. Ийм эзэнг дарж болвол дарцгаая” хэмээжээ.

Эл үгсийг сонсмогц шөнө нойр хүрэхгүй, өдөр амрыг олохгүй боллоо, би. Үүний хойно хаандаа өчлөө би. Өчсөн минь ийм. Нанхиад, хятан, огус гурав нийлбээс бид мөхнө. Заяаны эрхээр чулуунд дэлдэгдсэн мэт болно бид. Ямар нэг юмыг зөөлөн ахуй дор нугалах хялбар. Нимгэн ахуй дор түүнийг урах хялбар. Хэрэв зөөлөн юм хатуу болохул түүнийг нугалахад баатар зориг хэрэгтэй. Бид өөрсдөө хоёр гурван мянган цэрэгтэй. Дорно зүгт Хятанд, өрнө зүгт баруун Түрэгт умраад Огуст морилцгооё. Яаваас сайн болъюу. Хаан миний өчгийг зөвшөөрсөнд мэргэн Тоньюкук би өөрөө үүнийг үйлдэн гүйцэтгэв. Бид Хүг жүнгээр явж, би тэднийг өдөөн ойн зүг удирдан одов. Тоглан голын дагууд огус нар адгуусанд ачаа ачин ирэв. Тэд нар гурван мянгаад бид хоёр мянга бөлгөө. Тэнгэр манийг ивээх тул бид дайлалдаж тэднийг бутаргаснаас зарим нь усанд унаж, зарим нь оргохуй зуураа алагдав. Тэднээс хамаг огус дагаар ирэв. Бид хоёр мянга бөгөөд дайсанд орлоо. Түрэгийн иргэд байлдан эзлэхийг хичээж Шандунгийн хотууд ба далайн зүг морилсон нь харин мөхөв. Үүнийг хаандаа өчиж түүнийг Шандунгийн хөндий ба далайн зүг дайлаар одох болгов. Тэр гучин гурван хотыг эвдэж Үшин, Будатуг хаав. Нанхиадын хаан манай дайсан бөлгөө. Арван отгийн хаан манай дайсан бөлгөө. Бас Хиргисийн хаан манай хүчит дайсан бөлгөө. Энэ гурав зөвлөлдөж Алтан ууланд золгосугай хэмээлдэв. Зүүн  Түрэгийн хааныг дараар орсугай хэмээлдэв. Бид түүнийг эс дийлбээс тэр баатар хаан, түүний сайд мэргэн, тэр маныг мөхөөнө. Үүнээс бид гурав нийлж түүнийг дарахаар морилж мөхөөсүгэй хэмээлдэцгээв. Энэ үгсийг сонсоод шөнө нойр ирэхгүй, өдөр амрыг олохгүй боллоо би. Миний сэтгэсэн нь бид урьдаар Хиргисийг дайлваас... тэнд одоход Хөгмэнийг дайрах ганц зам буй нь цасанд  булагдсан хэмээн сонссон тул бид энэ замаар явж үл болно хэмээн би хэллээ. Би замч хүнийг эрсээр цөл Асын нутгийн хүнийг олов. Түүний хэлсэн нь “Миний нутаг Ас... би энэ замыг мэднэ. Хөгмэнийг дайран явах ганц зам болой. Тэнд амарч болох нэгэн газар буй. Энэ газраар явбаас цувж явна” хэмээв. Эл үгийг сонсож хэлсэн мину. Бид энэ замаар явбал хэрэг бүтнэ. Үүнийг би хаандаа өчлөө. Дайнд цэргийг засан мордуулж Агтрмелд нийл хэмээлээ би. Цэргүүдийг морин дээрээ зогсоогоороо яв хэмээж, цаст газрыг гатлав. Би бас тэднийг мориноос буу хэмээж, тэд морио хөтлөн мод тулж явав. Өмнөх цэргүүд цасыг гишгэлэн мөр гаргасанд  би цэргүүдийг урагш давшуулан Иберийг давав. Бид арав хонож уулын хажуух бэрх газрыг өнгөрөв. Замч хүн маныг буруу удирдсан тул тэр алагдав. Тэр цагт ядаж зовж ахуйд хаан ийн өгүүлрүүн: Урагш давшъя, Ани мөрөн энэ амуй. Үүнийг уруудан явъя хэмээв. Бид энэ голыг уруудан явав... Өдөр шөнө морьдоо хатируулан явж хиргис нарыг унтаж бүхийд тэднийг довтлон жадалж зам нээв. Хан болон тэдний цэргүүд хорсон тул бид тэдэнтэй дайлалдаж дийллээ. Бид тэдний ханыг алав. Хиргис улс хаанд ирж дагав. Бид буцаж Хөгмэн уулын нөгөө талаар даван Хиргисээс ангижрав. Түргэш хаанаас туршуулын хүн ирж хэлсэн нь “Зүүн хааныг дараар орцгооё. Бид түүнийг дарахгүй ахул тэр баатар, түүний сайд мэргэн тул маныг мөхөөнө гэж хэлэв” хэмээв. Түргэш өдгөө айсуй хэмээв. Арван нутгийн хамаг улс нэг мэт болж айсуй хэмээн тэр хэлэв. Бас нанхиад цэрэг бэлэн буй хэмээв. Манай хаан эл үгийг сонсоод өгүүлсэн нь:  Би амраар гэртээ харьсугай хэмээв. Хатан хальсны учир болой. Би түүнийг оршуулсугай хэмээн хаан хэлэв. Та нар цэргийн хамтаар дайлаар ор хэмээн тэр хэлэв. Инель хаан ба Тардуш шад цэргийн түрүү бол хэмээн тэр хэлэв.

Мэргэн Тоньюкук надад хэлсэн нь:  Чи энэ цэргийг удирд. Баруун Түрэгийг өөрөө мэдэж дар. Тэд инагш ахул чи надад мэдээ илгээ. Тэд инагш ирэхгүй ахул санаа амар тэнд хоцорч мэдээ чимээ хураа гэж тэр хэллээ.  Бид Алтан уулнаа бүхийд гурван туршуул ирэв. Тэдний мэдээ урьдын адил авай. Мэдээ нь ийн: Тэдний хаан цэргүүдийн хамтаар айсуй. Арван нутгийн цэрэг нэгэн мэт айсуй. Тэд Ярыш хөндийд золготугай гэв хэмээв. Би эл үгийг сонсож хаанд мэдээ хүргүүллээ. Хаанаас хариу илгээсэн нь: Та нар санаа амар тэндээ хоцор. Харуул манаагаа хичээ. Дайсанд битгий гэнэд хэмээн Бүгэхүй хаан надад зарлиг илгээв. Апа дархан цэргийн их жанжин надад нууц зарлиг илгээсэн нь:  Мэргэн Тоньюкук өөрөө мэднэ. Тэр цэргийн хамтаар дараар оръё хэмээхүл түүний санаагаар бол хэмээв. Би энэ мэдээг сонсмогц цэргийг урагш хөдөлгөж Алтан уулыг замгүй газраар давж, Ирчис мөрнийг оломгүй газраар гаталж шөнө явсаар Болчуд өглөө ирлээ. Туршуулын хүнийг авчирваас түүний үг нь: Ярышийн хөндийд арван түмэн цэрэг хурвай хэмээв. Энэ үгсийг хамаг бэхи нар сонсож буцъя,  Ариунд бардамнахгүй бол сайн хэмээв. Мэргэн Тоньюкук би хэлсэн нь: Бид Алтан уулыг давж энд ирлээ. Бид Ирчис голыг гаталж энд ирлээ. Дайсан ману зоригтой, гэвч биднийг харсангүй. Тэнгэр умай,  Богд Зарсув тэдний нүдийг халхлав. Бид юуны учир дутаах гэж?  Бид цөөн авч юуны учир тэдэнд дийлэгдэх гэж? Бид тэднийг дараар оръё хэмээв. Маргааш өдөр нь тэд талын түймэр мэт ирэхүй дор бид дайлалдав. Тэдний хоёр этгээдийн жигүүр нь манай цэргээс нэгэн хувь олон авай... Тэнгэрийн ивээлээр бид тэднийг олон гэж эс айлаа. Бид Тардуш шадыг даган дайлалдаж тэднийг дийлэн хааныг нь олзлов. Тэдний ябгу, шад нарыг тэд өөрсдөө алав. Тавиад хүнийг олзоллоо. Тэр шөнө тэдний улсад тунхаг тархаав. Эл тунхагийг сонсож  арван отгийн бэхи  нар ба улс иргэн дагалаа. Бид ирсэн бэхи ба улсыг хурааж дутаан явсан зарим улсыг нэхүүлээр одуулав. Бид бас явав. Янчуй голыг гаталж Тинаши, Огли, Затигман, Банлин уулыг даван Төмөр хапаг хүртэл нэхэж гүйцээд буцав. Инель хаанд ... Согдын зарим улс, Сог тэргүүтэй ирж дагалаа. Эрт манай өвөг ба Түрэг улс эзгүй асан Төмөр хапаг ба Тинаши, Огли, Затигман ууланд ирсэн билээ. Би өдгөө манай цэргийг энэ газарт удирдан авчирсан нь шар алт, цагаан мөнгө, эмс охид ... үлэмж эрдэнэсийг аван буцав. Элтерэс хаан мэргэн бөгөөд баатар тул хорин долоон удаа нанхиад лугаа дайлалдав. Долоон удаа Хятан лугаа дайлалдав. Таван удаа Огус лугаа дайлалдав, түүний сайд би агсан бөлгөө. Түүний цэргийн түрүү би агсан бөлгөө. Элтэрэс хаанд, Түрэгийн Билгэ хаанд.. Капаган хаанд... шөнө нойр ирэхгүй, өдөр амрыг олохгүй, улаан цус, хар хөлсөө асгаруулан хүчин тэнхээгээ гаргаж хол замд тэднийг явуулав. Элтерэс хаан эс хөдлөн, бас би түүнийг даган эс хөдөлсөн ахул ямар ч төр улс үгүй аху бөлгөө. Тэр хөдөлж, бас би түүнийг даган хөдөлсний тул төр төр шиг болж, улс улс шиг боллоо. Өдгөө би өтөлж насан өндөр болов... Мэргэн Тоньюкук би үүнийг түрэгийн Билгэ хааны улсад зориулан бичүүллээ. Элтерэс хаан эс хөдөлсөн буюу үгүй ахул Мэргэн Тоньюкук би эс хөдөлсөн аваас Капаган хааны оронд Түрэгийн улс гэр, хүн иргэн эзэнгүй аху билээ. Элтерэс хаан ба мэргэн Тоньюкук хөдөлсний  учир  Капаган ба Түрэгийн улс мандаж өдгөөгийн энэ Билгэ хаан Түрэг улсын ба Огус улсын хаан суулаа.   

Эмхэтгэсэн: Ч.Буянбадрах

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0