Архангай аймгийн Хотонт сумын төвөөс зүүн хойш 15 километрт Орхон голын зүүн гар талд орших 751 онд байгуулагдсан Уйгар улсын нийслэл байсан хотын үлдэгдэл юм. Уйгарчууд 745 онд Түрэгийг бут цохисны дараа Пэйло гэгч Уйгарын хаан болжээ. Түүнийг нас барсны дараа хүү Моюунчур хаан ширээнд суусан бөгөөд түүний үед Уйгар улс хамгийн хүчирхэгжиж улсын нийслэлийг Орхон голын хөндийд Ордубалык нэрээр байгуулжээ. Ордубалыкаас гадна Байбалык, Хатун зэрэг олон хот суурингуудыг байгуулсан боловч өдгөө Ордубалык, Байбалык хоёр хотын туурь л үлджээ. Ордубалык нь Төв Азиар дайрч өнгөрөх “Торгоны зам”-ын салаа төв газруудын нэг, бэхэлгээтэй цайз, худалдааны төв байсан байна. Ордубалык болон Хархорум хот нь энэ торгоны замын хойд салааг 400 жил хянаж байсан ажээ.
Ордубалык хот нь хааны төрийн өргөө, төрийн яам, гар үйлдвэр, худалдааны хороод, шашны сүм, бэхэлсэн цайз хэрэм, агтны хашаа, цэргийн агуулах зэргээс бүрдсэн бөгөөд урагшаа 25 километр зайд үргэлжилсэн их хот байсан нь судалгаагаар тогтоогджээ. Цайзат хэрмийн хана нь нилээд нурсан боловч цайз нь 12 метр өндөр, хэрмийн төв дэх том цайз нь 14 метр өндөр байдаг. Хэрмийн дотор малтлага хийхэд чимэглэл бүхий ордны барилгын үлдэц олджээ. Хэрмийн өмнө талд цэцэрлэгт хүрээлэн, бурхан шүтээний зориулалттай гадуураа хэрэмтэй сүм, сүмийн үүдэнд уйгар, хятад бичээс бүхий гэрэлт хөшөөнүүд тавиастай байсан бөгөөд тэдгээр нь Уйгарын хаанд зориулагдсан байжээ. Хотын баруун ба баруун хойд хэсэгт худалдаа, гар үйлдвэрлэл эрхэлж байсан шинжтэй хэрэм бүхйи барилга олон байжээ. Ордубалык нь томоохон хот байсан хэдий ч 100 жил ч оршин тогтнож чадалгүй 840 оны үед Енесэйн Киргизүүдийн довтолгооноор шатжээ. Хар балгасыг ЮНЕСКО “Дэлхийн гайхамшигт үнэт зүйл болох нь” гэдэг зэрэглэлээр дэлхийн соёлын өвд 1996 онд бүртгэн авсан бөгөөд Монгол улс 2002 онд улсын хамгаалалтанд авчээ.
Эх сурвалж: Монгол орны лавлах
УЙГАР-ын хотууд бэхлэлтийн сүлжээ маягтай байсан. Уйгарчууд 100 жил оршин тогтнох явцдаа 10 орчим хот сууринг байгуулсан гэх бөгөөд ихэвчлэн дөрвөлжин шавар хэрэм бүхий бэхлэлт хотуудыг барьсан нь эдүгээ Монгол, Казахстан, Тувагийн нутагт их бага хэмжээгээр үлджээ. Тэдгээр 10 орчим хотыг бэхлэлтийн “сүлжээ” хотууд байсан гэж үздэг. Тувагийн нутагт Уйгар улсад холбогдох нэгэн цайз хотын туурь байдаг бөгөөд хойд хил хязгаарын бэхлэлт болгож нумарсан хэлбэрийн хэрэм бариад дотор нь олон тооны шивээ цайзуудыг барьсан байжээ.
Уйгарын хамгийн том хот нь одоогийн Архангай аймгийн Хотонт сумын нутагт байх Хар балгас буюу Уйгарын нийслэл Ордубалык юм. IX зууны эхээр Арабын жуулчин Тамим Бин Бахр Ордубалык хотод ирсэн тухайгаа тэмдэглэхдээ “хүн ам ихтэй, худалдаа наймаа цэцэглэн хөгжсөн том хот байсныг дурджээ. Судлаачид тус хотыг 32 кв.км талбайтай байсныг тогтоосон байдаг.
Архангай аймгийн Хотонт сумын нутагт байх “Хар балгас”-наас холгүй орших “Дөрвөлжин” хэмээх дурсгалыг Монгол-Хятадын хамтарсан судалгааны баг судлаад уйгар хүний булш болохыг тогтоосон. Гадуураа сувгаар хүрээлэгдсэн, зүүн талдаа үүд бүхий дөрвөлжин хэлбэрийн намхан шавар хэрэмтэй, түүний дотор шатаасан тоосгоор барьсан хэд хэдэн барилгын туурь илэрсэн. Тэдгээр тууриудын ханыг шохойгоор өнгөлж элдэв будагаар зураглан чимэглэсэн байсан. Хэрмийн дотор, газрын гүнд тоосгон бунхан байгуулж нас барсан хүнийг оршуулсан байв. Бунханыг монгол гэр шиг бөмбөгөр хэлбэрээр байгуулж, хаалга үүдийг нь зүүн урд зүг рүү хандуулсан байв. Уйгартай холбоотой булш оршуулга харьцангуй цөөн судлагдсан боловч тэд түрэгчүүдийн адилаар морь дагалдуулан оршуулдаг.
Уйгарын үед хамаарах хүн хөшөөд нь Монголын баруун хэсгээр 10 орчим бий. Онцлог нь дэргэдээ ямар нэгэн бунхан, хашлага гэх мэт байгууламжгүй дангаар оршдог. Хавтгайдуу оройтой, чихэвчийг нь сөхсөн малгай өмссөн, хоёр гараа хэвлийн өмнө авч, хундага сав мэт зүйлийг шахаж тэвэрсэн байдлаар дүрслэгдсэн, хэмжээний хувьд харьцангуй том байдаг.
Уйгарчууд түрэгчүүдийн адилаар нас барсан хаад, язгууртнууддаа “тахилын онгон” байгуулдаг. Түүний нэг нь Булган аймгийн Сайхан сумын нутаг дахь Моюунчур хааны тахилын онгон бөгөөд суваг шуудуу бүхий шороон хэрэмтэй, төв дундаа чулуун мэлхий суурьтай бичээс бүхий гэрэлт хөшөөтэй байжээ. Уйгарчууд эхлээд руни бичээс хэрэглэж байснаа өөрсдийн хэл ярианы онцлогт тохируулан согд бичгээс санаа авч уйгаржин бичгийг зохиосон гэдэг. Уйгарчууд руни, уйгар, согд, брахми, хятад зэрэг хэлээр үйл хэргээ тэмдэглэн явуулдаг байжээ.