ОРХОНЫ ХӨНДИЙ

Орхоны хөндий нь археологийн болон түүх соёлын олдвороор нэн баялаг бөгөөд YIII-IX зууны Уйгарын нийслэл Хар балгас, Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хот, Төвхөн хийд зэрэг түүх соёлын дурсгалт газрууд оршиж байдаг. Ийнхүү олон зуун жилийн турш Азийн соёлын ихээхэн хэсгийн цөм болсон Төв Азийн нүүдлийн соёл иргэншилд их хувь нэмэр оруулсныг нь үнэлэн ЮНЕСКО-гоос “дэлхийн гайхамшигт үнэт зүйл болох нь” гэдэг зэрэглэлээр Орхоны хөндийд буй Эрдэнэзуу хийд, Хархорум хотын туурь, Төвхөн хийд зэргийг 1996 онд дэлхийн өв соёлд бүртгэн авснаар улсын тусгай хамгаалалтанд орсон билээ.

Орхоны хөндийн түүх соёлын өвүүд нь Орхон голоо даган байрлаж байдаг. Дэлхийн өвд бүртгэгдсэн Орхоны хөндийн байгаль орчныг онгон төрхөөр нь хамгаалах, тус бүс нутагт эдийн засгийн үйл ажиллагааг зохицуулах, газарзүйн онцлогт нь тохируулан шинэ дэд бүтэцийг хөгжүүлэх зорилгоор Байгаль орчны сайдын тушаалаар 2006 онд хамгаалалтын захиргааг байгуулан Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутагт байршуулжээ.  Энэхүү хамгаалалтын захиргаа нь Орхоны хөндий орчмын нутаг, Хангайн нурууны зүүн хойд төгсгөл хэсгийг хамарна. Гадаргын  хувьд Орхон Сэлэнгийн сав газрын бэсрэг уулс, Орхон голын өргөн хөндий гэсэн хоёр хэсгээс тогтоно. Нутгийн гадаргын зонхилох хэсгийг бэсрэг уулс, намхавтар гүвээ жижиг толгодын зэрэгцээ Орхон гол, түүний цутгал жижиг голууд, уулс хоорондын ам, өргөн нарийн хоолой хөндий, тэгш талууд эзэлнэ. Уулсын хувьд 2377 метр өндөр Хутаг уул, 2312 метр өндөр Өндөр овоот, 2227 метр өндөр Шивээт улаан, 1863 метр өндөр Их бэрх, 1646 метр өндөр Их арцат уулс оршдог. Орхон голын сав дагуу Хангайн нурууны зүүн урд үзүүрийн өндөр уулын тайгархаг ой, уулын ойт хээр, голын хөндийн нуга, хуурай хээр гэсэн байгалийн олон янзын төрх байдал хосолсон байдаг.

48 зүйл хөхтөн амьтан байдгаас ховорт тооцогдох дагуурын зараа, шилүүс, зэрлэг гахай, халиун буга, баданга хүдэр бий. Сахалт багваахай, ойн багваахай, уссаг багваахай, жижиг соотгой, буурал самаахай, умрын сарсаахай, гар далавчтан зэрэг жижиг хөхтөн байхаас гадна агнуурын ач холбогдолтой 17 зүйл хөхтөн бий. Ургамалжилтаараа жинхэнэ хээр, Сибирийн тайгын бүс хоёрын завсрын бүсэд хамаарна. Орхон голын эрэг дагуу, хоёр хажуугийн хад асгатай огцом хажуу их бөгөөд тэнд сөөг, сөөгөнцөр ургамал ургадаг.

Уйгарын нийслэл Хар балгас хотын туурь Архангай аймгийн Хотонт сумын нутагт байдаг. Энэ хот 761 онд Уйгарын хаан Пейлогийн ордон барьж эхэлснээр үүсчээ. Хар балгас хот нь Уйгарын засаг захиргааны төв төдийгүй худалдаа эдийн засаг соёлын төв, Ази Европыг холбоосон гүүр болж байжээ. Хот  5 х 10 километр газар нутгийг эзэлж байжээ. Хар балгасын тууринд байх хааны ордны суурь 412 х 491 метр хэмжээтэй. Энд сүм хийд, иргэдийн хороолол, гар урчууд болон худалдаачдын хороо гудамж байрлаж байжээ. Ихэнх нүүдэлчид хотоо тойруулан цамхаг, бэхэлсэн хэрэм, цэргийн хуаран барьж байгаагүй боловч Хар балгас хотыг тойруулан цамхаг, бэхэлсэн хэрэм барьж байгуулсан нь түүнийг цэргийн өндөр ач холбогдолтой газар байсан хэмээн судлаачид үздэг.  

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0