ГОРХИ ТЭРЭЛЖ

Улаанбаатараас зүүн тийш 50-76 км газарт байрладаг. Байгалийн үзэсгэлэн бүрдсэн газар бөгөөд хад асга бүхий уулын тогтоцоороо өвөрмөц бүс юм. Энд Бага Хэнтийн нурууны өмнөд салбар уулс, Ар Өвөр горхи, Заан-Тэрэлж голын сав, Туул голын эх орчмын нутаг хамарна. Хамгийн өндөр цэг нь далайн төвшнөөс дээш 2664 метр өндөр Авхаан уул юм. Хотгор гүдгэрийн хувьд ихэвчлэн бөмбөгөр оройтой, нилээд хэсэгчлэгдсэн эрсдүү хажуу бүхий уулс, тэдгээрээс эх авсан голуудын хөндий хосолсон уулархаг нутаг юм. Хурдасын хувьд боржин, шүлтлэг боржин, цахиурлаг занар, хас, нүүрчтөрөгчит шаварлаг занар, элсэн чулуу зэргээс тогтдог. Хар хүрэн, хүрэн хөрс, ойн саарал хөрс тус тус тархжээ. Голын хөндийгөөр нам газрын бараан хөрс зонхилно. Хүмүүсийн нэрлэж заншсанаар мэлхий хад, тэмээн хад, гурван найзын агуй, яриа өвгөд, Ленин хад гэх мэт олон янзын хэлбэр дүрс бүхий байгал эхийн урласан бүтээлүүд бий. Тэрэлжийн бүс дэх хадан уулын ам болгон өөр өөрийн өвөрмөц төрх бүхий хаднуудтай байдаг. Энэ бүс нутгийн хойд захаар Тэрэлж хэмээх гол урсдаг бөгөөд Туул голд цутгана. 1960 он хүртэл Тэрэлжид усан, утаат, ягаан болор зэргийг олборлож байв. Газрын гүнээс усны түрэлт их байсан учраас олборлох ажлыг зогсоожээ. Улаанбаатарын Байгалийн түүхийн музейд хадгалагдаж буй утаат болор, усан болорын дээжүүд нь Тэрэлжээс олдсон олдворууд юм. Горхи Тэрэлжийн тусгай хамгаалалттай бүс нутагт аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 100 гаруй жуулчны баазуудаас гадна хүүхдийн зуны зуслан, хэд хэдэн байгууллагын ажилчдын амралтын газрууд байрладаг. Горхи Тэрэлж нь ургамлаар баялаг бөгөөд  алаг өвс-улалжит, алаг өвс-үетэн, шинэсэн ой, сургар-алирс, ногоон хөвдөт, бадаант хуш, нарс, хус улиас, гацуур зонхилно. Амьтны аймгийн хувьд буга, чоно, хүдэр, туулай гэх мэт хөхтөн амьтан элбэг. Хур сойр, хөтүү ятуу, ногтруу, тоншуул, зэрлэг тагтаа, хэрээ, шаазгай зэрэг жигүүртэн шувуудтай.

Мэлхий хад: Энэ хадны өндөр 24 метр бөгөөд өмнө нь Мөнгөт хад гэдэг нэртэй байв. Эрт үед Луузаншарав болон Хатанбүүвэй гэдэг Ойрдын нэртэй хоёр баатар байжээ. Тэр хоёр хоорондоо таарамж муутай байсан бөгөөд нэг удаа Хатанбүүвэй баатар Луузаншаравтай байлдахаар ойролцоох Өтөг эрүү гэдэг газар нуугджээ. Үүнийг мэдсэн Луузаншарав хүчин мөхөс байсан тул зугтахаар шийдээд эхнэрээ хамт явъя гэтэл эхнэр нь эд хөрөнгөндөө хоргодоод явахгүй гэжээ. Тэгэхээр нь Луузаншарав эхнэрээ хороогоод хөрөнгөө энэ хаданд нуугаад оргожээ. Нутгийн ардууд зун болохоор хадны завсар луу нойтон мах хийж хадгалдаг байв. Гэтэл тэр явдлаас хойш уг хаданд нойтон мах хийнгүүт маханд алт, мөнгөн зоос наалдаж ирээд авах гэхээр доош уначихдаг байжээ. Тэр агшинд хадны ёроолоос эмэгтэй хүний дооглон нээх дуу гардаг гэсэн домогтой юм. Ийм учраас нутгийн ардууд Мөнгөт хад гэж нэрлэдэг байжээ.

Тэрэлжийн зуун мод: Улаанбаатараас зүүн тийш 50 километрт Налайхын цаахан талд орших хэсэг модтой газрыг Тэрэлжийн зуун мод гэдэг. 1696 оны 5 дугаар сарын 13-ны өдөр энд Ойрдын Галдан хаан Манжийн баруун замын цэрэгтэй тулалджээ. Тэр тулаанаар Галдан хаан ялагдаад дахин сэхэл авч чадаагүй билээ. Галдан хаан 697 онд 54 настайдаа нас барсан бөгөөд эрхий хурууг нь Цамбагарав уулын ойролцоо авчирч оршуулжээ.

Горхи Тэрэлжид амрахаар төлөвлөж байгаа бол энд дарна уу. 

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0