• Зургийг С.Бадамханд
    ОНОН БАЛЖ
    Хэнтий, Дорнод аймгийн зааг нутгууд
  • Зургийг Б.Баяр
    ХӨГНӨ ТАРНА
    Төв, Өвөрхангай, Булган аймгийн хилийн зааг нутгууд
  • Зургийг Д.Батболд
    МЯНГАН УГАЛЗАТ УУЛ
    Ховд аймгийн Цэцэг сум
  • Зургийг Б.Мөнхтуг
    ОРХОН ГОЛЫН ХӨНДИЙ
    Өвөрхангай, Архангай аймгийн зааг нутгууд
  • Зургийг Б.Баяр
    МӨНХХАЙРХАН УУЛ
    Баян-Өлгий аймгийн Булган, Ховд аймгийн Мөнххайрхан сумын зааг
  • ХАР-УС НУУР
    Ховд аймгийн Буянт, Мянгад сумын нутгууд
  • Сэлэнгэ аймгийн Шаамар, Алтанбулаг сум
    ТУЖИЙН НАРС
    Зургийг Ч.Буянбадрах
  • Архангай аймаг
    ТЭРХИЙН ЦАГААН НУУР
    Тариат сум
  • Увс аймгийн Зүүнхангай, Өвөрхангай, Цагаанхайрхан сум
    ХАН ХӨХИЙН НУРУУ
    Зургийг Б.Баяр
  • Архангай, Тариат сум
    ХОРГО УУЛ
    Зургийг Ч.Батзаяа
  • Өмнөговь
    ЁЛЫН АМ
    Говь гурван сайхан, Зүүнсайхан уул
  • Хөвсгөл аймаг, Алаг-Эрдэнэ, Ренчинлхүмбэ, Ханх, Чандмань-Өндөр сум
    ХӨВСГӨЛ НУУР
    Зургийг Ч.Буянбадрах

4. БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОР ГАЗАР

ХӨВСГӨЛ НУУРЫН АЙ САВ

Хөвсгөл нуурын ай сав бүхий байгалийн цогцолбор газрыг 1992 онд Тусгай хамгаалалттай газар нутгийн хуульд нийцүүлэн дэлхийн байгалийн цогцолбор газрын ангилалд оруулжээ. Хөвсгөлийн ай савд 59 зүйлийн хөхтөн амьтан, 244 зүйл шувуу, 750 зүйл ургамал байдаг. Ургамлын 60 орчим төрөл нь эмийн ургамал байдаг. Ой тайгад нь булга, ойн солонго, нохой зээх, шилүүс, хүдэр, хандгай, хүрэн баавгай, зэрлэг гахай, бор гөрөөс, халиун буга, хэрэм, хадны суусар, өмхий хүрэн, мануул, хярс, ирвэс, үнэг, чоно, цаа буга, аргаль, янгир зэрэг амьтад амьдардаг. Гангар хун, явлаг сар, Алтайн хойлог, итэсгэн цахлай, хар тоншуул, сондор гургалдай, Монгол болжмор, ятга шаазгай, дагуурын ятуу зэрэг Улаан номонд нэн ховор гэж тэмдэглэгдсэн шувууд бий. Хөвсгөлийн ай сав газрын 28 хувийг ой мод эзэлдэг бөгөөд 255 420 га талбайг хамран улиангар, хавтага навчит хус, анхилуун улиас, сибирийн гацуур, сибирийн шинэс, эгэл нарс, сибирийн хуш, сибирийн жодоо ургадаг.

Хөвсгөлийн ай сав газрын тайгад өөрсдийгөө уйгар хүмүүс гэж нэрлэх Цаатангууд амьдардаг. Тэдний уугуул нутаг нь Монгол шарын даваа, Шишгэд гол болох юм. Хөвсгөлийн их тайгад 4 улирлын турш цааны бэлчээр даган нүүдэллэж аж төрдөг. Цаатангууд бол тува угсааны монголжсон урианхай нар бөгөөд Тувагаас нүүдэллэн ирж Хөвсгөлийн тайгад суурьшсан гэж түүхчид үздэг. Цаатангууд өөрийн гэсэн хэл, ёс заншил, шашин шүтлэг, аж төрөх өвөрмөц арга барилтай үндэсний цөөнх бөгөөд тэд уйгар хэлтэй. Бөөгийн шашин шүтнэ. Аж төрөх гол арга нь бол цаагаа маллан, түүнийхээ ашиг шимийг хүртэж ан гөрөө хийж амьдардаг. Тэд хасах 31-50 хүртэлх  хүйтэн цаг уурын хүнд нөхцөлд амьдардаг. Цаатангуудын хувьд өөрсдийн бичмэл түүх гэж байхгүй, уламжлалт зан заншил нь алдагдаж байгаа гэж судлаачид үздэг.  Тэдний амьдралын салшгүй нэг хэсэг болох цаа бугын тоо толгой цөөрч, өвчинд нэрвэгдэж, бие нь нилээд давжаарсан зэрэг нь цаатангуудын амьдралын түвшинг бууруулах, улмаар амьдралын уламжлалт хэв шинжээ алдахад нөлөөлж байна.

Хөвсгөл нуур: Одоогоос 7 сая орчим жилийн өмнө үүссэн нуур. Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ, Рэнчинлхүмбэ, Ханх, Чандмань-Өндөр зэрэг сумдын нутгийг дамнан, Мөрөн хотоос хойш 101 километрт оршино. 2760 ам километр талбайтай, 34-36 километр өргөн, 136 километр урт, 262 метр гүн нуур бөгөөд далайн төвшнөөс дээш 1645 метр өндөрт оршдог. Эргийн шугамын урт нь 414 километр,  усны нөөцөөрөө Азид хоёрдугаарт ордог. Хөвсгөл нуурт 46 гол горхи цутгах бөгөөд нийт 5300 ам километр талбайгаас усжина. Дэлхийн цэнгэг усны 1%-ийг эзэлдэг. Нуурын ёроолын талбайн 70% нь 100 метрээс илүү гүн байдаг. Сибирийн хадран, зэвэг зэрэг 12 зүйл загас амьдардаг. 11 дүгээр сарын сүүлийн хагас гэхэд бүрэн хөлддөг бөгөөд мөсний зузаан 1 метр болдог.

Эргэн тойрон сүрлэг өндөр уулсаар хүрээлэгдэх бөгөөд баруун урд талаараа 3000-3200 метр өндөр Хорьдол сарьдагийн нуруу, Баяны нуруугаар хүрээлэгдэнэ. Нуурын хажуу эрэг эгц цавчим байдаг. Зүүн талаараа арай налуу эрэгтэй. Хөвсгөл нуурын баруун талд нь Дархадын хотгорын ай сав оршдог. Дархадын хотгор бол Монголын хамгийн хүйтэн газруудын нэг юм. Хөвсгөл нууранд Модон хүй, Хадан хүй, Далайн хүй, Бага хүй гэсэн 4 арал бий. Эдгээрээс хамгийн том нь  “Далайн хүй” арал бөгөөд усны мандлаас 126 метр өндөр, 3 километр урт, 2 километр өргөн, 5.8 ам километр талбайтай, битүү ой модоор хучигдсан байдаг.  “Хадан хүй” арал нь өндөр өндөр хясаатай тул шувууд их цугладаг. “Модон хүй” нь онцгой сайхан байгальтай. Усны тунгалагшилт нь 24.5 метр байдаг. Эргийн хаданд хүрлийн үеийн сүг зурагнууд бий.

Хөвсгөл далайн домог: Монгол улс Манж чин улсын эрхшээлд байх үед байгаль нийгмийнхээ баялгийг татвар гувчуурт шавхан өгч Монголын ард түмэн ядарч байв. Энэ үед нуураас татвар авах шийдвэрийг Манжийн хаан гаргажээ. Нутгийнхан түүнээс мултрахын тулд “Хөвсгөл бол нуур биш далай” гэж маргажээ. Далай гэж батлах зүйл юу байна гэхэд нь “Хөвсгөлд 100 гол цутгадаг учраас далай юм” гэжээ. Манж-Хятадын шинжээчид Хөвсгөл нуурын талаар нилээд судалчихсан байсан болохоор 100 гол цутгадаггүйг мэдэх ажээ. Тэгээд нууранд цутгах гол горхийг тоолох өдөр товложээ. Монголын талынхан болзоот өдрийн өмнө уул усаа тахин, сан тавьж судар уншуулж аргалснаар зүсэр бороо оруулжээ. Уулын жалга судаг бүхэн гол горхи болон урсаж зөвхөн нэг хэсэгт тоолоход л 100 давсан тул явж тоолох аргагүй болсон гэдэг. Энэ тухай Манжийн хаанд айлтган Хөвсгөл нуурыг далай болгоод зогсоогүй татвараас чөлөөлсөн гэдэг.