4. БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОР ГАЗАР

ХАР УС НУУР

Монголын том нууруудын нэг Хар ус нуур нь 1153 ам километр талбайтай, 72 километр урт, 26 километр өргөн, дундаа аралтай, урд захаараа хулс, шагшуургатай нуур юм. Зэгсний гахай зэрэг ховор амьтадтай, цөлжүү хээр, заримдаг цөлийн нуур бөгөөд Хар нуур, Дөргөн нууруудыг оролцуулан 1997 онд улсын тусгай хамгаалалтанд авсан. Их нууруудын хотгорын бүлэг нууруудын дотор далайн төвшнөөс дээш 1157 метр өндөрт орших цэнгэг устай, урсгал нуур юм. Хэдийгээр том талбайтай боловч маш гүехэн нуур бөгөөд хамгийн гүн нь 4.4 метр, дундаж гүн нь 2 метр байдаг. Хар ус нуурт том жижиг 10 гаруй арал байгаагаас хамгийн том нь 400 ам километр талбайтай, 30 орчим километр урт, усны мандлаас 272 метр өндөр Агшаб хэмээх арал бөгөөд тэрээр Хар ус нуурыг хойд урд гэсэн том жижиг хоёр хэсэгт хуваана. Хойд урд нуурыг 1-2 метр гүнтэй, 50-100 метр өргөн, 20 гаруй километр урт Лүн Юм гэдэг нэртэй хоолой холбоно. Хойд нуур нь 400 орчим ам километр талбайтай боловч нилдээ зэгсээр хучигдаж нуур гэхээргүй бага устай болжээ. Хар ус нуур нь 70450 ам километр талбайгаас усжина. Үүний 70% нь ганц Ховд голын сав газарт хамаарна.

Монгол Алтайн нуруунаас эх авч урсах Ховд, Буянт Цэнхэрийн гол жилд барагцаалбал 2.2 шоо километр ус нийлүүлэх бөгөөд илүүдэл усаа ууршуулахын хамт 40 километр урт 50-75 метрийн өргөн Чоно харайхын голоор Хар ус нуурт өгнө. Хар ус нуурын бүс нутагт 12 мянган хүн ам оршин сууж, 642 мянган мал бэлчдэг учраас усны бохирдол, бэлчээрийн даац хэтрэх асуудал гарч байгаа ажээ.  Тийм учраас БОАЖЯ-наас анхаарал тавьж, төрийн захиргааны 12 байгаль хамгаалагчтай хэсэг 2007 оноос ажиллаж эхэлсэн. Хар ус нуурыг хамарсан уг цогцолбор газрын байгалийн тогтоцыг судлаачид гайхамшигтай хэмээн дуу алддаг. Энд цэнгэг уст нууруудаас гадна ус намгархаг газар, говь хээр, тал хээр, Алтайн мөнх цаст сарьдаг уулс байдаг бөгөөд байгалийн гайхамшигт урлан мэт оршдог. Зарим тохиолдолд үзүүлэн болгож зориуд урласан мэт харагддаг. Энд ирсэн гадаадын жуулчид Хар ус нуурыг “газрын диваажин” хэмээн шагшин магтдаг билээ.

Тус цогцолбор газарт 54 зүйлийн хөхтөн амьтан, 268 зүйлийн жигүүртэн шувуу, 455 зүйлийн өвс ургамал, 4 зүйлийн загас, 6 зүйлийн мөлхөгч амьтан, 131 зүйлийн шавьж амьдардгийг тогтоосон байна. Гэвч Хар ус нуурын хөвөө орчмын айлууд зэгс хулсыг нь хайр найргүй устгаснаас болж Ховд, Буянт голын бургас бут сөөг багасан, нуурыг тэжээдэг олон салаа гол хатаж ширгэжээ. Үүнээс болж хорт өвсний тархац нэмэгдэн малын бэлчээр хомсдож байгаа ажээ.

  • ТОО
    0
    0
    0