Дундговь, Дорноговь,
Өмнөговь аймгийн нутгийн заагаар
Монголын төв нутагт хамгийн хойно орших заган ой бүхий говь нутаг. Энэ нутгийг 1996
онд УИХ-ын 43 дугаар тогтоолоор улсын хамгаалалтанд авахдаа Модон овооны говийг
оролцуулан авчээ. Загийн усны байгалийн нөөц газар нь заган ойн тархалтын
хамгийн залуу нөхөн ургалттай газар учраас тэдгээр загийг хамгаалах, нөхөн
ургах нөхцөлийг бүрдүүлэх, зүй зохистой ашиглах зорилгоор байгалийн нөөц газар
болгожээ. Нутаг дэвсгэрийн ихэнх хэсгийг нам уулс, цав толгодын дунд хангай
байдалтай орших талархаг газар эзлэх боловч дунд нь хунгар довцог элснүүд бий.
Хамгийн том нь Хавтгай, Жаргалант уулын зүүн хойно орших Өөшийн элс юм. Булаг
шанд байхгүй бөгөөд 10 гаруй гар худаг, уурхайн худагтай боловч зарим нь
дарагдаж эвдэрсэн байна. Гадаргын ус ховор тул хүн мал суурьших нь цөөн, зэлүүд
нутаг юм.
Загийн ус нь заган ойн ихээхэн нөөц бүхий үзэсгэлэнт
газар бөгөөд шаваранцар бор хөрсөнд нь баглуурт таана, хялганат, чулуусаг алаг
өвс, баглуур хялганат, бор бударганат хялганат зонхилно. Нутгийнхан заг модыг
“Алтан говийн мөнгөн ой” гэж нэрлэдэг. Заг модны иш, мөчир нимгэн цагаан
хальсаар бүрхэгдсэн байдаг учир “Мөнгөн ой” гэсэн ажээ. Заг нь луулийн овгийн
ургамал бөгөөд Монголд зөвхөн цагаан модон заг ургадаг. Дундад Азийн нутагт хар
заг, цагаан заг ургадаг ажээ. Заг хамгийн өндөртөө 8м хүрдэг боловч Монгол орны
хувьд 1-3 метр өндөртэй, сөөгөн хэлбэрээр ургадаг байна. Загийн үндэс газрын
гүн рүү 5 метр хүртэл сунаж ургах бөгөөд өсөж өндөрсөх тусам уртсаж 10м ч хүрэх
тохиолдол байдаг байна. Загийн үндэс гол ишнээс салаалан 5-10 метр, заримдаа түүнээс ч илүү зайд
тархан ургадаг. Загийн усны байгалийн цогцолбор газарт хар сүүлт бусад
газраас арай илүү тоо толгойтой байдаг. Цагаан зээр, хярс, мануул, чоно, үнэг,
өмхий хүрэн, шувуудаас ногтруу, хахилаг элбэг бий.