Булган гол нь
Баян-Өлгий аймгийн Булган,
Ховд аймгийн
Булган сумдын нутгийн дундуур урсаж улмаар улсын хил даван Оронго голд цутгадаг.
Төв Азийн гадагш урсгалгүй ай савд
багтах гол юм. Булган голд амьдардаг үнэт арьстай ховор амьтан болох минжийг
хамгаалах зорилгоор анх 1965 онд анх дархан цаазат газрын ангиллаар
хамгаалалтанд авсан байна. Булган голын дархан газар нь зөвхөн минжийг
хамгаалах, өсгөн үржүүлэх зорилготой учраас 1995 онд УИХ-ын тогтоолоор тусгай хамгаалалттай
газар нутгийн хуулийн дагуу өөрчилж, ховордсон амьтныг хамгаалах зорилго бүхий
биологийн нөөц газар болгосон байна. Голын хөндийн хоёр талаар орших уулс нь
Монголын атираат уулсын тогтолцоонд хамаарах ба элсэн чулуу, шаварлаг занараас
тогтоно. Зарим газар боржин чулуулгын илэрц ажиглагдана.
Зүүн баруун Хаац
уулсаас баруун тийш Монцогийн улаан гол, Ярантын уулын орчим нутагт салхины
нөлөөгөөр тогтсон элсэн толгод томоохон талбайг эзлэн оршино. Баян-Өлгий
аймгийн Булган сумын хойд зах Булган голын эхээр Монгол Алтайн салбар уулсууд
оршино. Булган гол 100 гаруй цутгал гол горхитой бөгөөд тэдгээрээс хамгийн том
нь Индэрт, Тошилт, Дээд доод нарийн, Баянгол зэрэг голууд юм. Булган гол нь
эхэн хэсэгтээ боргио, харгиа ихтэй ширүүн урсгалтай, доошлох тусам урсгал нь
намуухан дөлгөөн болно. Булган гол нь өндөр уулнаас буугаад хангай говь
хосолсон өргөн хөндий дундуур урсаж улмаар БНХАУ-ын нутгийг дайран Енисей
мөрөнд нийлж, Хойд мөсөн далайд цутгана. Газрын гадарга нь гадаад хүчний
нөлөөнд хүчтэй автсан хурц ирмэгтэй хяр, хад цохиотой уул нуруу, хонхор хөндий,
нүх сэнж үүссэн цохиот уулс, бөмбөг шиг бөөрөнхий болтлоо элэгдсэн мөлгөр
чулуутай хуурай сайр, хотос, хонхор, жижиг үйрмэг чулуу бүрхэн хучсан дэнж, тал
бэл бүхий төрх байдалтай юм. Булган голын орчимд уур амьсгал ерөнхийдөө эрс тэс
шинжтэй, зун нь халуун, өвөл нь хүйтэн, хур тунадас бага, салхи ихтэйгээс гадна
намар орой хүйтэрч, хавар эрт дулаарах учраас хүйтний улиралд манай орны бусад нутгаас арай өвөрмөц
юм. Булган гол нь эрт үед одоогийн Үенч, Бодонч голуудын адил Бор цонжийн говь
руу урсдаг байснаа хожим шинэхэн тектоник хөдөлгөөнөөр чиглэлээ өөрчлөн баруун тийшээ
урсах болсон нь сонирхол татаж байгаа юм.
Ургамалжилтийн хувьд баглуур, шар мод, хялгана, буйлс зонхилсон
цөлийн хээрийн бүлгэмдэлтэй байдаг. Хэвгий тал, толгодлог газраар хялгана, хиаг,
шаваг бүхий бүлгэмдэл ноёрхоно. Харин голын хөндий, хужирлаг нугын хөрстэй
газраар бургас, харгана, чацаргана бүхий дэрст ургамал зонхилно. Булган голын хөндий нь зэрлэг чацарганы
бут хадгалагдаж үлдсэн цөөн газрын нэг юм. Нөгөө талаар энэ орчимд бургас
шугуй, дэрс, хонхот харгана, зэгс, шагшуурга бүхий цөөрөмтэй байдаг нь усны
минж идэш тэжээлээ олох, өсч үржих, амьдархад тохиромжтой нөхцөлийг бүрдүүлдэг.
Амьтны аймгийн хувьд нэн ховор амьтан болох минж, мөнгөн
сортой хар булга, хадны цагаан элэгт суусар, замба гүрвэл гэх мэт амьтан бий. Нөөц
газрын зурваст аргаль, янгир, хулан, хар сүүлт, ирвэс, шилүүс, үнэг, чоно,
мануул зэрэг амьтад элбэгээс гадна Булган голд алгана, мөрөг, зоодой зэрэг
загас амьдарна. Мөн нүүдлийн болон усны олон төрөл шувуудтай.