ЭРГЭЛИЙН ЗОО

Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг дахь Эргэлийн зоо нь байгалийн сонин тогтоцтой археологийн олдвор ихтэй газар бөгөөд 30 сая гаруй жилийн өмнөх шим ертөнцийн гэрч болсон эртний сүүн тэжээлтэн загас, яст мэлхий, гүрвэл зэрэг сээр нуруутны олдворыг хадгалсан хурдас чулуулгаас тогтсон ширээ хэлбэрийн тэгш өндөрлөг юм. Иймээс эртний амьтан, ургамлын ховор олдворыг байгалийн байдлаар нь хадгалах зорилгоор 1996 онд УИХ-ын 43 дугаар тогтоолоор тусгай хамгаалалтад авсан байна. Анх 1992 онд Америкийн эрдэмтэн Рой Чэпмен Эндрюс судалж байсан байна.

Оросын эрдэмтэн И.А.Ефремов, Польшийн нэрт эрдэмтэн К.Яваровская нарын удирдсан олон экспедиц ажиллаж байжээ. Энэ газрын тухай дэлхийн эрдэмтэдийн бичсэн 50 орчим эрдэм шинжилгээний бүтээлүүд байдаг ба тэдгээрт “Алтан уул” хэмээн нэрлэгдэж энэ нэрээр алдаршсан байна. Эргэлийн зоогоос олдсон эрт галавын олон амьтаны чулуужсан яс дэлхийн болон Монголын байгалийн түүхийн музейнүүдэд хадгалагдаж байна. Эрт дээр үеэс ард түмэн энэ нутгийг тахин шүтэж, морь уралдуулж, бөх барилддаг байсан домог яриа байдаг.

Энд бударгана, шар мод, гашуун суль, агь, хөмөл, таана, ерхөг, тэсэг, гоёо, цулхир, хармаг, алтан харгана, хайлаас зэрэг ургамал ургадаг. Амьтаны аймгийн хувьд хар сүүлт, цагаан зээр, хулан зэрэг говийн унаган амьтад,  үнэг, чоно, хярс, шилүүс, дорго зэрэг хөхтөн амьтад,  ногтруу, ятуу, элээ, хэрээ, ууль, сар, тоодог зэрэг олон зүйл жигүүртэн шувуудтай нутаг юм. 

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0