ХАР ЯМААТ

Хар ямаат нь Монгол орны дорнод хэсэгт Хэнтий аймгийн Баян-Овоо сумын зүүн өмнөд, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын баруун хойд нутгийн хилийн заагт оршино. Хамгийн өндөр цэг нь Түмэнцогт уул бөгөөд далайн төвшнөөс дээш 1358 метр юм.  Нутгийн хойд хагаст багахан ойн төгөл бүхий Дулааны уул, дунд хэсэгт Хар Ямаат уул, өмнөд хэсэгт нь Түмэнцогт уул тус тус оршино. Эдгээр уулын орчим нь хээрийн бүсэд ховор тохиолдох байгалийн өвөрмөц тогтоцтой, өвлийн улиралд цагаан зээрийн гол байршил газар болдог. Мөн нүүдлийн, усны, эргийн шувуудын байрлан саатах Хэрлэн голын татам орчмын газар юм.  Иймээс тус нутгийн биологийн төрөл зүйл, газарзүйн өвөрмөц хэв шинжүүдийн онцлогийг зохицуулан хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх зорилгоор 1998 онд УИХ-ын 28 дугаар тогтоолоор байгалийн нөөц газар болгон тусгай хамгаалалтанд авчээ. Энэ нутаг нь байгалийн сонгомол эмзэг экосистем учир 1980-аад оноос эхлэн ШУА-ийн хүрээлэнгүүд суурин судалгаа явуулж байна.

Судалгааны үр дүнд тахь нутагшуулах боломжтой  нутаг гэж үзэж байсан бөгөөд цаашид зайлшгүй хамгаалах шаардлагатай хэмээн улсын тусгай хамгаалалтад авсан байна. Усны нөөц нь Хэрлэн голын дэд савд багтана. Хэрлэн гол нь нөөц газрын хойд хэсгээр 20 орчим километр газраар урсаж өнгөрнө. Гүний цэнгэг усны нөөцөөр усан хангамж хүрэлцээтэй мужид багтах бөгөөд Ямаатын булаг, Шарын булаг, Чулуутын булаг зэрэг байнгын ундаргатай, өвөлдөө харзалдаг булгууд бий. Түүнээс гадна Ямаатын худаг, Адгийн худаг зэрэг 10 орчим гүний худагтай. Хар Ямаат уул, Түмэнцогт уулын ар хажуугаар ургасан хус, улиангар бүхий төгөлд уулын ойн ширэгт бараан хөрс, уулсын орой, хяраар уулын хар шороон хөрс, уулсаас тал бүр тийш намссан ухаа гүвээт өндөрлөгүүдэд сайр чулуурхаг хар хүрэн хөрс тархсан байдаг. 

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0