УГТАМ УУЛ


Дорнод аймгийн Баяндун сумын төвөөс зүүн тийш 30-аад километр зайд далайн төвшнөөс дээш 1210 метр орших өндөр уул юм. Монголын Улаан номонд орсон бөгөөд Монгол Дагуурын дархан газарт тархсан нэн ховор амьтан ургамалтай. Баяндун, Дашбалбар сумын хээр талд орших ой модтой энэ уул нь Улз голын урд хэсгээр баруун өмнөөс зүүн хойшоо сунаж тогтсон. 1993 онд УИХ-ын 83 дугаар тогтоолоор тусгай хамгаалалтанд авсан. Баруунаас зүүн тийш явах тутам газрын өндөршил аажмаар намсч гадаргын байдал ухаа толгодын шинжтэй болж тал газартай нийлнэ. Монголын нилээд хойгуур өргөрөгт оршдог учраас усны баялаг харьцангуй нягт зэргээс шалтгаалан олон ам, хөндий, гуу жалгаар зүсэгдсэн хэрчигдэл ихтэй. Хар шороон хөрс, хар хүрэн нүүрс тархаж, уул толгодын бэлийн төгсгөлд, ам хөндийн ёроолд нугын ба нугат намгийн хөрс голчлон дайралдана. Баруун, Зүүн Сүүж, Аргалант, Жимгэр, Дангай, Дэл, Тавнан гэх мэтийн жижиг горхи бүхий олон хөндийтэй. Толь нуур, Хайрханы цагаан нуур, Өвгөдийн хар, Цагаан нуур зэрэг жижиг нуур тойром ихтэй. Угтамын хийдийн дэргэд Могойтын рашаан байдаг. Хамгийн том гол нь Улз гол бөгөөд Хэнтий аймгийн Норовлин сумын нутгаас эх авч Монгол дагуурын нутгаар урсан улсын хил дайран Тарь нуурт цутгана. Ойн бүс тун бага бөгөөд хуурай хээр болон уулын хээрийн ургамал зонхилсон байдаг. Амьтны аймгаар харьцангуй баялаг бөгөөд тал газрын ихэнх амьтад бий. 251 зүйл шувуу бүртгэгдсэн. Өмнөдийн дулаан орны шувууд Сибирь лүү нүүдэллэх замд буудаллан өнгөрдөг бүс учраас олон зүйл шувууг энд харах боломжтой.

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0