Увс аймгийн Баруун-Туруун сумын
нутгийн хамгийн зүүн хойд захын талбайг 2006 оны УИХ-ын 26 дугаар тогтоолоор улсын
тусгай хамгаалалтанд авсан. Тэсийн гол нь Булнайн нурууны араас эх авч Увс
нуурт цутгадаг бөгөөд Увс нуурын цутгал олон голуудаас хамгийн томоохон нь юм.
Эхэн ба дунд хэсэг нь ой модтой уулын дундуур, доод ба адаг хэсэг нь цөлөрхөг
газраар урсдаг өвөрмөц үзэсгэлэнтэй газар нутаг юм. Энэ бүс нутагт үүссэн цагаасаа
хойш нүүгээгүй Алтан элс гэж нэрлэгддэг манхат элс байдаг. Энэхүү Алтан элсэнд
хар модон төгөл ургадаг. Газрын зураг дээр Тэс голыг Булнайн нуруунаас эх авч
Монгол, Оросын нутгийг дамжин урссаар Увс нуурт цутгасан байдлаар нэг л голыг
тэмдэглэн зурсан байдаг. Харин Монголчууд энэ голыг Тэс таван гол гэж нэрлэдэг.
Үнэн хэрэгтээ Тэсийн голын хөндийд таван гол урсаж Увс нуурт цутгаж буйг газрын
зураг дээр тэмдэглэлгүй үлдээжээ. Эдгээр Тэс таван голыг тус тусад нь Жирээг,
Их гол, Хар ус, Нарийн, Хошт эрэг гэж нэрлэдэг бөгөөд эдгээр таван голын сав
нутгаар Тэсийн голынхон аж төрөн сууна.
Тэс таван голын сав нутгийг Тэс сумын иргэдийн баян чинээлэг, аз жаргалтай
амьдран суух бурхнаас заяасан сайхан нутаг хэмээн хэлж болно.
Тэсийн голын олон салаалсан хэсэгт
улиасан төгөл бүхий бургасан шугуй, тэмээн харганы ширэнгэ бүхий алаг өвст,
үет, улалжит нуга, алаг цоог төгөл ойтой. Голын хөндий дагаж зэрлэг чацарганы
нөөц ургадаг бөгөөд тошлой, долоогоно, хад, мойл, улаалзгана, нохойн хошуу
зэрэг олон төрлийн жимстэй. Тэсийн голын зэгс шугуйд Улаан
номонд орсон нэн ховор зэгсний гахай, бор гөрөөс, буга, ойн солонгозэрэг хөхтөн
амьтад бий. Сүүлийн жилүүдэд минж, ондатр нутагшин үржиж байна. Нэн ховор
хотон, халбаган хошуут, хар өрөвтас, ямаан сүүлт нугас, гангар ба хуруут хун,
реликт цахлай, цасч дэглий, хээрийн галуу, тоодог зэрэг олон зүйл шувуудтай.