Монгол орны зүүн хойд хэсэгт, ойт хээрээс тал хээрийн
бүсэд шилжих заагт орших Тосон Хулстайн нам уул, ухаа гүвээт тал хээр, хуурай
хээрийн экосистемийг хадгалан хамгаалах, цагаан зээрийн тоо толгойг
нэмэгдүүлэх, өсөн үржих таатай нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 1998 онд УИХ-ын 28
дугаар тогтоолоор байгалийн нөөц газрын ангилалд хамааруулан улсын тусгай
хамгаалалтанд авсан.
Хэнтий аймгийн Баян-Овоо, Норовлин,
Дорнод аймгийн
Хөлөнбуйр, Цагаан-Овоо сумдын нутгийг хамарна. Цагаан зээрийн төллөх, идээшлэх,
бэлчээрийн гол газар нутаг юм. Тосон Хулстай орчмын нутагт хур борооны усаар
тэжээгддэг нуур тойрмууд байх учир усны шувууд түр хугацаагаар буудаллан
саатах, өндөглөх зэрэгт аюул багатай орчин болдог. Тийм учраас биологийн төрөл
зүйлийн хамгаалалтын хувьд улс орны төдийгүй бүс нутаг, дэлхий нийтийн хэмжээнд
ач холбогдолтой нутаг юм.
Монголд ховор амьтан шувуудын төрөл зүйл, тухайлбал
дагуур зараа, хээрийн тоодог, дагуур тогоруу зэрэг шувууд байдаг. Эрээн нуур,
Хотонт, Хулст, Цагаан зэрэг олон тооны жижиг нуур тойром нь усны шувуудын нүүдэллэн
өнгөрөх, өндөглөх газар болдог. Цагаан зээрийн бэлчээрлэн идээшлэх, хаврын цагт
төллөх гол газар болохоос гадна Хэрлэн голыг гатлан урагш хойш нүүдэллэх гол
зам болсон газар юм. Монгол тарвага, манжуурын номин, хоёр зүйлийн огодой нь
хөрсний үржил шимийг эргүүлж, номингийн хувьд хөеө засах замаар бэлчээрийн
экологит чухал үүрэг гүйцэтгэдэг.