3. БАЙГАЛИЙН НӨӨЦ ГАЗАР

НАМНАН УУЛ

Булган аймгийн Хутаг-Өндөр, Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутгийн заагт орших Намнан уул нь ховор амьтан, ургамлаар баялаг бөгөөд газарзүйн өвөрмөц байдал, түүх соёлын дурсгалт зүйлсийг хамгаалах зорилгоор 2003 онд УИХ-ын 30 дугаар тогтоолоор улсын тусгай хамгаалалтанд авчээ. Баруун урдаас зүүн хойш сунаж тогтсон, далайн төвшнөөс дээш 2013 метр өргөгдсөн, уулсын орой хяр нь бөмбөгөр, өвөр хажуу нь эгц, ар хажуу нь налуувтар, ой модоор битүү хучигдсан байна. Уулсын хажуу нь эртний ан цав болон урсгал усны элээх, эвдлэх үйл ажиллагааны нөлөөгөөр нилээн хэрчигдсэн V хэлбэрийн ам хөндий үүсгэжээ. Эдгээр хөндий нь нуур ус, гол горхиор баялаг. Хөндлөн булаг,  Ар  Өвөр Шивэртийн гол, Улаан толгойн булаг зэрэг олон жижиг гол горхи эх аван урсана. Өвөр хажуугаас Их, Бага цагаан бургас, Дэцлэн, Ихт, Улиастай зэрэг олон жижиг гол горхи эх авч Сэлэнгэ мөрөнд цутгадаг. Ууланд уулт хээрийн хар хүрэн, хар шороон хөрс, уулын тайгын ширэгт хөрс, оройгоор нь уулын тайгын цэвдэгт хөрс тус тус тархжээ.

Энд улалж-алаг өвст шинэсэн ой, дээд хэсэгтээ хаг-хөвдөт шинэсэн, хуш-шинэсэн ойтой. 30 гаруй төрлийн ховор, нэн ховор, эмийн ургамал ургахаас гадна нэрс, үхрийн нүд, хад, алирс зэрэг жимс жимсгэнэ элбэг ургадаг. Намнан уул нь амьтнаар баялаг бөгөөд буга, бор гөрөөс, гахай, хүдэр зэрэг туруутан амьтадаас гадна сойр, ятуу, хөтүү зэрэг шувууд бий. Мөн түүх соёлын дурсгалт газрууд цөөнгүй байхаас дурдвал, Намнангийн хүрээний туурь, Бий булагийн балгас, Өндөр ухаагийн овоо зэрэг болно.  

ТОО
0
0
0