Хөх нуурын монголчууд нь Хөх нуурт монголчууд 3 удаа нүүдэл хийж очсоноос үүдэлтэй ажээ. Эхнийх нь Хүннү улс задрахад очсон бөгөөд одоо тэднээс хойч үе нь үлдсэн эсэх нь тодорхойгүй. Харин хоёр дахь удаагаа Чингис хааны өргөмөл хүү Цагааны удирдсан цэргүүд Хөх нуурыг эзлэн авч амьдран суусан нь эдүгээ 10 мянга гаруй хүн байдаг бөгөөд өөрсдийгөө Цагаан монголчууд хэмээн нэрлэдэг. Тэд ондоошин үлдсэн эртний монгол хэлээр ярьдаг байна. Гурав дахь нүүдэл нь 1630 оны үед гурван талаас цуглан уулзаж алалдан байлдаж, үлдсэн нь хамтран амьдарч өнөөг хүрчээ. Төв Халхаас Цогт хунтайжийн 10 түмэн цэрэг, 250-400 мянган хүн ам нүүж очсон. Цахараас Лигдэн хаан 4 түмэн цэрэг, 150-200 мянган хүн амтай нүүдэллэж Хөх нуурт очих замдаа ихэнх нь цэцэг өвчнөөр үрэгджээ. Цогт хунтайж Хөх нуураас урагшлан Төвдийн ихэнхийг эзлэн хоёр талаас нь бүслэн хааж байтал Ойрадын Гүүш хаан Төрбайх 3 түмэн цэрэгтэй ирж Төвдүүдтэй нийлэн Цогт хунтайжтай тулалджээ. Эл 3 дахь удаагийн нүүдлийн үлдэгдэл болох Хөх нуурын Дээд монголчууд гэж нэрлэгдсэн 8 түм гаруй хүн Цайдамын хөндийд амьдран эдүгээ бидний адил монголоор ярьж монгол ахуйгаар амьдарч байгаа ажээ.
Халимаг ба Буриадын монголчууд: 1622-1648 онд оросууд буриадын нутгийг эзэмшилдээ авсны дараа 1727 онд Орос-Манжийн Буурын голын хэлэлцээрээр буриадын нутаг дэвсгэр бүрмөсөн Оросын харъяанд оржээ. Эдүгээ 1 тойрог, 16 аймгийн зохион байгуулалттай 350 мянган буриадууд автономит эрхтэйгээр Оросын харъяанд аж төрж байна. Оросод нүүж очсон Халимаг монголчууд 1655 онд Оросын хаанд элч илгээн тус улсын холбоотон болсон хэдий ч Зүүнгарын хаант улс, монголчуудтай үргэлж холбоотой байж өөрсдийн соёл уламжлалаа ямар нэг хэмжээгээр хадгалж үлдсэн хүмүүс юм. Тэд Оросын өмнөд хилийг Кавказ, Туркуудээс хамгаалах болсноор Оросын цэргийн гол холбоотон болж, 1681 онд Башкирыг Оросод нэгтгэхэд, 1709 онд Шведтэй хийсэн тулалдаанд, 1710 онд Туркийн эсрэг дайнд, 1728 онд Персийн эсрэг дайнд, 1786 онд Кавказыг эзлэн авахад, 1810-1814 онд Францтай хийсэн дайнд гол холбоотон болж оролцжээ. Францын дайнд Халимагийн Түндэв, Цэрэнжав, Жамъян, Цэвэгжав нарын удирдсан халимаг цэргүүд Оросын армийн бүрэлдэхүүнд явж Австри хүртэл тулалдан Оросын хаанаас их шан харамж хүртжээ. 1917 оны Оросын хувьсгалын дараа халимагийн олон язгууртан ноёд Франц, АНУ руу цагаачилсан бөгөөд Ижил мөрөнд үлдсэн бусад халимагууд өлсгөлөнд нэрвэгдэхэд 1922-1923 онд Монголын Ардын засгийн газраас тусламж үзүүлж байжээ. Эдүгээ Астраханы Губернд багтсан 10 аймаг бүхий 150000 Халимаг монголчууд Оросын харъяанд аж төрж байна.
Эх сурвалж: Монгол орны лавлах
Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.