1225 он гэхэд Хорезм улс мөхөж, Чингис хаан хөвгүүдээ дагуулан Эрчис мөрний эхэнд очиж Их хуралдай хийж эзлэгдсэн газар нутгийг дөрвөн хүүдээ хуваан өгчээ. Зүчид Туркестаныг, Цагаадайд Мавереннахрыг, Өгэдэйд Долоон мөрөн ба Зүүнгарыг, Тулуйд Монголын нутгийг тус тус эзэмшил болгон өгчээ.
ЦАГААДАЙН УЛС: Цагаадай Чингис хааны хоёр дахь хүү бөгөөд 1183 онд төржээ. Хаан эцгийгээ нас барснаас хойш Төв Азийг насан эцэс болтлоо захирсан бөгөөд Цагаадайн улсыг байгуулжээ. Чингис хааны зарлигаар Их засаг хуулинд хяналт тавих, гаргасан зарлигийн бичээч байсаар хан цолтон төдий байсан боловч Их Монгол Улсын хойч үед түүний байгуулсан улс нэлээд алдартай болж иржээ.
Цагаадай шударга зоригтой жанжин байсан бөгөөд 1211 онд Зүрчидийг байлдан дагуулахад оролцсоноор цэрэг дайны амьдрал нь эхэлжээ. 1219 онд Хорезмын Отрар хотыг эзэлж явахад нь ууган хөвгүүн Муутогоон нь амь үрэгджээ. Эл мэдээг Чингис хаан Цагаадайд дуулгахад хэдэн өдрөөр гашуудан цэргээ удирдах чадваргүй болсон байсан хэмээн тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Хатан Хутугай бэхи нь хааны хар сүлдийг авч гурвантаа эргүүлэн даллаж, алтан илдийг өргөөд халиун морио унан 20 түмэн цэрэг удирдаж цайз руу дайран орж эзэлжээ. 1236 онд Өгэдэй хаан Хутугай бэхи хатны гавъяаг үнэлэн Цагаадайд дундад орны 47330 өрхийг, дараа нь Шэн жүгийн түмэн өрхийг өгсөн гэдэг.
Цагаадайн улсын газар нутаг нь зүүн тийш Ил гол, баруун зүг Сырдаръяа мөрний эх, өмнө зүгт Аму мөрөн, хойд зүгт Чүй мөрний саваар Сибирь хүртэл маш өргөн уудам байжээ. Цагаадай Отрар хотыг эзэлж захирагчийг нь баривчлаад Чингис хаантай нийлэхээр Бухар хотод ирэхэд Чингис хаан шунахай Иналчугийн нүд, чихэнд хайлуулсан мөнгө цутган цаазалжээ. Чингис хааны хөвгүүд дотроос Цагаадай эцэгтээ маш үнэнч, маш дайчин хүн байсан бөгөөд 1242 онд нас баржээ. Түүний дараа Алха, Бал, Төмөр, Үлэг бэхи нар Цагаадайн улсыг залгамжлан захирсан байна. Төмөр нь хожим “доголон Төмөр” хэмээн алдаршсан бөгөөд одоогийн Узбекстаны Шибан хүртэл газар нутгаа тэлж, дайнч чанараараа Чингис хаанаас дутахааргүй байсан хэмээн түүхэнд тэмдэглэгджээ. Доголон Төмөр нь хааны шууд угсаа биш хүргэн нь байсан бөгөөд Барлас аймгийн хүн байжээ.
Эх сурвалж: Монгол орны лавлах
Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.