Хиагтын 3 улсын гэрээгээр Гадаад Монгол нь өнөөгийн хоёр
Солонгос хиллэдэг 38-р өргөрөг шиг
“цэрэггүй бүс” болсон юм. 1919 онд Чита хотод Нармай Монгол байгуулагдаж Халхыг
өөрийн нэгэн хэсгээ хэмээн зарлаж “хэрвээ ирж нэгдэхгүй бол очиж эзэлнэ” хэмээн
сүрдүүлсэн. Монголын ван гүнгүүд Нармай Монголыг дагавал буриадуудын гарт орно,
цаана нь байгаа япончууд харгис хатуу улс, Буриад-Японы холбоо болох Нармай
Монголоос аврах ганц гарц нь Бээжин болоод байна гэж үзжээ. Үүнийг далимдуулан
Дундад иргэн улс буюу Бээжин “Гадаад Монголын автономийг монголчуудын өөрсдийнх
нь саналаар цуцлах” үйл ажиллагаа явуулсан. Үүнийг Монголын төрийн язгууртнууд
нь дэмжиж, харин шарын тал буюу Богд гэгээн, лам хуврагууд дэмжээгүй бөгөөд
автономит байдлаа эцсээ хүртэл хадгалахыг хичээсэн. Богд хаан “хүлээх хэрэгтэй,
цаг нь болоогүй, жаахан харзнаж бай” гэхчилэнгээр аргацааж байсан гэдэг.
Хүрээнд сууж байсан төлөөлөгч Чен И нь Ерөнхий сайд
Бадамдоржоос асуулгүйгээр гаргасан “64 зүйл” гэрээний төсөлд Бадамдорж бүтэх
бүтэхгүй элдэв санаа гарган чадлынхаа
хэрээр саад болж Богд гэгээний айлдсанаар сатааруулж байсан гэдэг. Үүний
дараахан Хятадын шинэхэн топ улстөрч Сю Шүжан Хүрээнд ирж Чен И-гийн 64 зүйл
гэрээний төслийг урж, улмаар “Монголын автономитыг сайн дураар устгах
бичиг”-ийг гардуулан өгсөнд Ерөнхий сайд Бадамдорж “Ингэсэнд орвол үхсэн минь
дээр” гэжээ. Сю Шүжан цэрэг жагсаан гарын үсэг зурахгүй бол Богд хаан, Ерөнхий
сайд Бадамдорж хоёрыг баривчлан Бээжинд аваачна хэмээн сүрдүүлжээ. Хүчинд
автсан Ерөнхий сайд Улсын дээд доод хурлаар ёс төдий хэлэлцүүлж асуудлыг
шийдээд хэлсэндээ хүрч, хэдэн сарын дараа Хэнтийд очиж нас барсан байдаг. Оросууд харин Монголын эдийн засгийг
хамаарсан хэвээрээ байсан ба Монгол нутаг дээрээ 2 эзэнтэй болчихсон үйл явдал
байв.
Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.