12. МОНГОЛЫН ТҮҮХ

МОНГОЛ ХАТАДЫН ТҮҮХЭЭС

Цагаадайн төрийг удирдсан Эргүнэ хатан: Түүхэнд Эргүнэ, Ургана, Уркена, Оркына гэх зэргээр тэмдэглэжээ. Тэрбээр Чингис хааны охин Чэчэйхэн бэхи-гийн хүү Барбөхийн охин аж. Гоо үзэмж төгс, сэргэлэн цовоо, эелдэг найрсаг зантай тул Цагаадай хан ихэд таалж, өөрийн ууган хүү Мүтүгэний хүү Хархүлэг ачдаа эхнэр болгон авч өгчээ. Цагаадай хан өөрийн суудлаа Хархүлэгт гэрээслэн үлдээсэн ба 1242-1246 он хүртэл 4 жил захираад байж байтал Гүюг хаан их сууринд суусан даруйдаа “хүү нь байхад ач нь яахин улсыг захирах билээ” хэмээн Хархүлэгийг хаан ширээнээс буулгаж, Цагаадайн хүү Есөнмөнхийг хаан болгосон байдаг. Есөнмөнх 1251 он хүртэл Цагаадайн төр улсыг барьж байтал Гүюг тэнгэрт хальж Тулуйгийн хүү Мөнх хаан ширээнд сууснаар өөрийн дотно нөхөр Хархүлэгт хаан ширээг нь эргүүлэн авч өгсөн аж. Гэвч Хархүлэг Цагаадайн улсын эзэн суух гэрэгэ зарлигийг Мөнх хаанаас аваад буцаж явах замдаа Алтай орчимд таалал төгсөж, хаан ширээ нь түүний хүү Мубарак шах-д очсон боловч дэндүү балчир байжээ. Ийнхүү Хархүлэгийн бэлэвсэн эхнэр Эргүнэ Цагаадайн улсын төрийн эрхэнд 1251 онд гарч ирсэн түүхтэй.

Эргүнэ хатан өөрийн эр нөхрийн үхэлд Есөнмөнхийг буруутган өөрийн талын ноёд цэргийн хүчээр баривчлан Алтан ордны Бат хаан руу явуулжээ. Бат хаан Есөнмөнхийг хэсэг зуур өөрийн дэргэд байлгаж байгаад эргүүлэн нутаг буцаахад Эргүнэ хатан хожмын аюулаас сэрэмжилж түүнийг хөнөөсөн гэдэг. Үүнийг буруушаасан ард иргэд нь Эргүнэ хатнаас дөлж зугтан улсаа захирч хүчрэхгүй болсон тул Тулуй, Зүчийн удмынхан газар нутгийг нь эрхшээлдээ оруулжээ. Цагаадайн газар нутгийг хувааснаар Чингис хааны удмынхан хоорондоо эвдрэлцэх үүд хаалга нээгдсэн гэдэг. Мөнх хаан, Бат хаан хоёр Монголын эзэнт гүрний газар нутагт ингэж ноёрхоод зогсохгүй Өгөөдэй, Цагаадайн удмын балчир хүүхдүүдийг их хааны ордонд хүмүүжүүлэх нэрээр эзэмшил нутгаас нь холдуулж хүчийг нь сааруулах бодлого хэрэгжүүлжээ. Энэ хооронд буюу 1251-1260 он хүртэл Эргүнэ хатан Цагаадайн улсын төрийг дангаар захирч, эмгэнэлтэй хүнд үеүдийг туулж гал голомтоо авч үлдэж чадсан байна. Ямагт төрийн эрх ашгийг дээдлэн, ёс заншлаа эрхэмлэн улсаа захирч байсан ба түүний эгч нар болох Аригбөхийн хатан Илчигмиш, Хүлэгү хааны хатан Кубак, Өлзий нарын ухаалаг сэцэн хатад дэм болдог байжээ.

Бөх гүнж буюу Хотол Цагаан гүнж: Монголын эзэнт гүрний Хайду хааны охин, Чингис хааны 5 дахь үеийн удам Хутулан буюу “Хотол цагаан гүнж” гоо үзэсгэлэнтэйгээс гадна биерхүү, хүч чадалтай нэгэн байсан тул эрийн гурван наадамд хүчээ үздэг нэгэн байжээ. Тэрбээр баатар эрсийн морьт тулаан үзэх дуртай ба түүнийг “бөх гүнж” хэмээн нэрлэсэн домог мэт яриа олон бий. Хутулан гүнж нэг эхээс цуварч төрсөн 10 гаруй ахтай байсан ба багаасаа хүдэр чийрэг ах нартайгаа ноцолдон өсч, хор шартай нэгэн тул бууж өгөхгүй өрсөлдсөөр иржээ. Нас биед хүрмэгцээ эрчүүдийн тэмцээнд оролцож, цэргүүд удирдан хэд хэдэн удаагийн дайн тулаанд орж ялалт байгуулан нэр алдраа мандуулжээ. Олон баатар эр ханилан суухыг хүссэн авч “надтай барилдаад дийлсэн нь намайг аваад суу” хэмээн ам гарчээ. Гэвч давж унагах баатар эр гарсангүй гэнэ. Хайду хааны хамгийн хайртай охин нь байсан учир гүнжид атаархагчид “Бөх гүнж хаан эцэгтэйгээ эр эмийн ажил хийдэг” хэмээн цуу дэгдээжээ. Тиймээс Хутулан гүнж хаан эцгийнхээ нэр төрийг сэвтээхгүйн тулд баатар эрсийн дундаас итгэлтэй нэгэн эрийг сонгож гэрлэжээ.

Италийн алдарт жуулчин Марко Поло болон Ираны түүхчид Хутулан гүнжийн талаар бичиж үлдээснээр Европод энгүй хүчтэй бөх гүнжийн тухай яриа дэгдсэн байна. Францын эрдэмтэн зохиолч Франсуа Питис Де Ла Крой гүнжийн тухай зохиол бичиж, түүнийг 19 настай Трундот хэмээх охины дүрээр дүрсэлсэн байдаг. Зохиолд Хутулан гүнжийн бөх барилдаж даваад эр нөхрөө сонгох хүсэлтийг гурван янзын оньсого болгон өөрчилжээ. Хутулан гүнжид унасан бөхчүүд мөрийнд адуугаа алддаг байсан бол Трундоттой суухыг хүссэн эрчүүд оньсого тааж чадахгүй бол амиа өгдөг байжээ. Мөн тус зохиолоор Италийн алдарт хөгжмийн зохиолч Ж.Пуччини “Азийн гүнж Трундот” хэмээх алдарт дууриа туурвижээ. Гэвч тус дуурийн гол дүр Трундот нь Хутулан гүнж шиг хүч чадалтай, баатарлаг эмэгтэй бус өөрөөсөө дорд гаралтай эр хүнтэй суухаас татгалзсан бардам эмэгтэйн дүр аж. Өөрөөр хэлбэл, Хотол цагаан гүнжийн домог нь хөгшин Европын урлаг соёлд бардам эмэгтэйн түүх болон хувирч үлджээ.

Хотол цагаан гүнжийн үед Монголын их хаад үзэсгэлэн төгс охидоо харь улсын хаан вангуудад бэлэг болгон өгөхдөө давхар тагнуулын үүрэг гүйцэтгүүлдэг байжээ. Түүний хамгийн тод үлдсэн жишээ нь Сүн улсын хаанд Хубилай хаанаас эхнэр болгон илгээсэн Эсүн гүнж байв. Түүний илгээсэн мэдээллүүд Сүн улсыг мөхөөхөд ач тусаа өгсөн ба ван жанжингуудын харилцаа, цэрэг арми, зэр зэвсгийн байдлыг удаа дараа мэдээлж байжээ. Мөн Хубилай хааны гүнж Хутагт бэхи, ач охин Будшилэн, Есөнтөмөр хааны охин Инилжгинбал, Хубилай хааны 5 дахь удмын Нүнчиг зэрэг үзэсгэлэнт бүсгүйчүүд өндөр ёслолын хүрээнд Солонгосын үе үеийн хаад вангуудын хатан болж байсан түүхтэй. Дашрамд дурдахад, харь улсад гүнжээ өгч тагнуулдах арга ялангуяа XI-XII зууны үеийн Хятадын Сүн Тан улсын үед жинхэнэ урлагийн хэмжээнд хүрсэн байв. “Хүннү нарын нүдийг урвуулахын тулд хээнцэр хувцас, тэрэг сүйх тэдэнд өгөх хэрэгтэй. Хүслийг нь урвуулахын тулд сайхан сууц, татвар эмс өгөх хэрэгтэй. Тэднийг дагаж иртэл нь ухааныг нь урвуулан эзэн хаан тэднийг цайлан дарс, хоолоор дайлах хэрэгтэй” Энэ бол эртний Хятадын таван урхины аргууд ажээ.

Хятадын эзэн хаан Гао Цзу зөвлөх түшмэлээсээ нүүдэлчдийн хүчирхэг гүрнийг эрхшээлдээ оруулахын тулд ямар арга зохистойг асуухад өөрийн гүнжийг Модунд өгөхийг зөвлөж “Модун амьд байхдаа таны хүргэн чинь байх болно. Түүнийг үхсэний дараа таны гүнжийн хүү буюу ач хүү чинь Шанью болно. Ийм маягаар Хүннү улсыг аажмаар дайн хийлгүй мөхөөж болно” хэмээжээ. Үнэхээр түүний хэлсэн дагуу Хан улсын өгсөн гүнжээс төрсөн хүүхдүүд Лю овогт хэмээн Гао Цзу хааны овгоор овоглох болж, яваандаа хаан ширээний төлөө Модун шанью-гийн монгол хатадаас төрсөн хөвгүүдтэй тэмцэлдэж байжээ.

Үзэсгэлэн төгс Балжин хатны түүх:  Балжин хатны түүх нэлээд өвөрмөц юм. Буриадын домогт өгүүлснээр, Байгаль нуурын орчимд Хори-түмэдийн Төгөлус, Булгачин, Хэрэмчин аймгууд нутаглаж байгаад 1207 онд ойн иргэдийн хамтаар Их Монгол улсад нэгдэн оржээ. Чингис хааны Хятадыг дайлаар мордсон үед Хори-түмэдүүд хааны ордонд бослого гаргаж их эзний итгэлт анд Борохулыг хөнөөжээ. Чингис хаан Дөрвөдийн Дөрбэй Доншин жанжинд Хори-түмэд аймгийг байлдан дагуулахыг зарлиг болгож эзлүүлсний дараа зүүн түмэдийг Борохулын гэр бүлийн мэдэлд өгч, Хори-түмэдийг одоогийн Хөх хотын зүүн хойд тал руу Өвөрмонголын нутагт шилжүүлэн суулгажээ. Энэ үеэс Балжин хатны домог эхэлдэг. Эцэг эх нь Ордос нутгаар нутаглаж байсан түүхч Тойсомын Галсан мөшгөн судалсаар “Балжин хатан нь Монголын Алтан хааны охин бөгөөд Батмөнх даян хаан ба Мандухай сэцэн хатны гуч” болохыг тогтоожээ. Чингис хааны зүүн урагш нүүлгэсэн Хори-түмэд XYI зууны эхээр эргэн ирж Онон голын орчимд нутаглахад эртнээс нутагшсан хамниганууд дургүйцэж, тэмцэл тулаан хийх болсноор Буриадын Бавж баатрын цэргүүд хамнигануудыг буулган авчээ. Хожим нь эвийн хэлэлцээр хийж найрсгаар суусан аж.

1580-аад онд Солонгууд аймгийн захирагч Бүүвэй бэйл баатар өөрийн хүү Дай хунтайжид үзэсгэлэнт бүсгүй Балжинг сүй тавин авч өгчээ. Ингэснээр Байгаль нуурын орчимд буриадуудын байр суурь дахин бэхжиж, Балжин хатны инжинд Онон гол руу ирээд удаагүй байсан Хори буриадын 11 овгийг Түмэдийн мэдлээс салгаж, Байгаль нуур руу нүүлгэсэн байна. Инжиндээ бүхэл бүтэн 11 овгийг хамруулж байсныг бодоход Балжин хатан нь хосгүй үзэсгэлэнт нэгэн байжээ.

Дай хунтайж хатныхаа санаа бодлыг хүндэлж үгэнд нь ордог байснаар хори буриад түмэн нэг хэсэгтээ айх аюулгүй амар амгалан амьдарчээ. Гэвч амьдрал нь тэгш байсангүй ба Дай хунтайжийн эцэг Бүүвэй бэйлийн хатан нас барснаар хөгшин бэйл үзэсгэлэн төгс бэр Балжинд сэтгэл алдран түүнийг хүүтэйгээ хуваан эзэмших болжээ. Балжин хатан эсэргүүцэн тэмцээд нэмэргүй хүчинд автдаг байсан тул эцэст нь Бүүвэй бэйлийн эсрэг тэрсэлж хэрцгийгээр алагджээ. Төр бат бэх оршин тогтнох үндэс нь өрх гэр, овог аймгийн нэгдэл хэмээн Балжин хатан үзэж бардам дээрэнгүй, өрх гэрийн ёс горимыг умартсан Бүүвэйл бэйлтэй тэмцсэнээр цаазаар авхуулах ялд унажээ. Бүүвэйл бэйл түүнийг цаазаар авахдаа бүх биеийг нь мөчилж хуваагаад дөрвөн зүг найман зовхист тарааж хаясан гэх бөгөөд үүнээс үүдэлтэй “Балжин толгой”, “Балжин хөл”, “Балжин гар”, “Балжин нуруу” гэх мэт нэртэй газрууд Буриадад бий болж эдүгээ ч тэр нэрээрээ үлдсэн гэх түүхтэй.

Манжийн төрийг удирдаж явсан Сэцэн Амирлангуй: 1625 онд Манж Чин улсын угсаа залгамжлах хунтайж Тай Цун 15 настай нэг охинтой урагласан нь Монголын Хорчин аймгийн ноён, Чингис хааны отгон хөвүүн Тулуйн угсааны Хиад боржигон овогт бэйл Зайсангийн охин Амирлангуй (1613-1687) байжээ. Хятадын түүхэнд “Хуванхэу буюу Хаш хатан”, “Тахимдуу Ёст гэгээн сод Амирлангуй хатан” гэж тэмдэглэжээ. Амирлангуй гүнж Манж Чин улсын анхны хаан Нурхайч баатрын хаан ширээ залгамжлах ханхүү Тай Цуны ес дэх татвар эм болж очиход хааны ордны ихэс дээдсүүд дээрэнгүй хандахын зэрэгцээ хуучин татвар эмс үл тоон дорд үзжээ. Хүүхэд зангаа гээгээгүй, хөгжилтэй сэргэлэн Амирлангуй энэ бүхнийг үл тоосон бөгөөд өөрийн зарц шивэгчидтэй найз нөхөд мэт харьцан өөрийн хүрээллийг бий болгожээ. Шивэгчид нь түүний төлөө насан туршдаа үнэнч зүтгэсэн гэдэг.

Гүнжийг хааны ордонд ирсний дараахан Ар халхын ноён Чибхэмэн угсаа залгамжлах ханхүү Тай Цунд нэгэн догшин морь бэлэглэжээ. Тэр морийг хааны ямар ч мундаг адуучин номхруулж чадахгүй байсан аж. Гэтэл Амирлангуй гүнж тэр морийг хэдхэн хоногийн дотор хонины морь шиг номхруулан эрэмгий давхиж явах болсон тул түүгээр бахархсан ханхүү Тай Цун өнөөх морийг гүнжид бэлэглэхийн зэрэгцээ их хэмжээний торго, үнэт эдлэлээр шагнажээ. Тэрбээр шагнасан эд зүйлсийг өөртөө авсангүй, зарц шивэгчин, ордны тайган нарт хишиг болгон хувааж, “Гурван улсын үлгэрийн дэвтэр” гэх мэт номоор сольсон ажээ. Энэ үйлдэл нь түүний нэр хүндийг улам өргөн, тойрон хүрээлэх хүмүүсийн тоог улам нэмэгдүүлжээ. “Маргааш 100 уут дүүрэн эрдэнэсийг эзэмшихийн тулд өнөөдөр 10 уут дүүрэн эрдэнэсийг ашигтайгаар зарлагадаж бай” гэсэн үзэл баримтлалыг дээдэлдэг Тай Цун ханхүүд Амирлангуй гүнжийн үйлдэл ихэд таалагддаг байсан болохоор 1626 онд хаан сууринд суумагцаа “Баруун ордны их хатан” хэмээн өргөмжилжээ. Гүнж 20 нас хүрэхээсээ өмнө 3 удаа төрж дан гүнж нар төрүүлжээ. Гэтэл бусад хатад, татвар эмсээс хүү төрж хааны нуган үрийн тоо өссөөр байжээ. Амирлангуй гүнж хүү төрүүлэх юмсан гэж өдөр шөнөгүй мөрөөддөг болжээ. Дөрөв дэх удаагаа бие давхар болсноо мэдээд хүү байгаасай гэж өдөр бүр залбирч, хүү төрдөг л юм бол хүүгээ хаан ширээ залгамжлагч болгоно хэмээн шийдэж, түүнийгээ хэрэгжүүлэх арга ухаан сийлж эхэлжээ. Хүү төрүүлсэн ч өмнө төрсөн бусад эмсийн 8 хүүг яах билээ хэмээн бодлогоширчээ. Хаан суудал алсын од мэт хол санагдаж байсан ч “Чингисийн удмын хүү Манж Чингийн хаан болох ёстой” хэмээн бодож зориг шулууджээ. Тэрбээр есөн эрдэнэ дүүрэн шигтгэсэн гоёмсог даашинз хийлгэж, өөртөө үнэнч зүтгэдэг ордны уран дархчуудаар маш нууц байдалд бүтээлгэжээ. Даашинзаа өмсөхөд Амирлангуй гүнжийн биеэс мянга мянган гэрэл цацарч байх шиг сүр жавхлантай, тансаг дэгжин харагддаг байж. Үнэнч шивэгчдээ ашиглан “Амирлангуй хатан есөн эрдэнээр туяарч эхэлсэн нь түүнээс Алтан луу Жинлэн төрөхийн тэмдэг” гэсэн цуу яриаг тараалгажээ. Цуу ярианд хаан эзэн Тай Цун хүртэл итгэж ихэд баяртайгаар өдөр хоног тоолон хүлээх болов. Бусад хатад цуу ярианд эгдүүцэн дайсагнасан ч Амирлангуй гүнж огт тоохгүй байсаар байв. Тэрбээр дахин эрсдэлтэй алхам хийсэн нь “Тэнгэрийн хүн зүүдэнд нь ирж одоо төрөх ханхүү нь ирээдүйд дэлхийг захирах Богд хөвгүүн юм хэмээн хэлэв” гэсэн цуу яриаг дэгдээжээ.

Хаан цуу яриаг тараасан эздийг нэгбүрчлэн байцаасан боловч нэг л үгтэй байж, тэр ч байтугай “би ч бас тэгэж зүүдэлсэн” хэмээн хариулцгаажээ. Үүний дараа Амирлангуй гүнжээс төрөх хөвгүүн “тэнгэрийн хөвгүүн” гэсэн яриа хүчтэй тархжээ. Төрөх өдөр ойртох тусам Амирлангуй гүнж түгшиж байсан ч огт барьц алдаж сандрахгүйгээр хоног хугацаагаа гүйцээж, хаан эзэн ч хатнаа төрөхийг хүлээн холхиж байсан гэдэг. Үүр цайх үед Амирлангуй гүнж хүсэн хүлээсэн хүүгээ төрүүлжээ. Хаан эзэн Тай Цун ч учиргүй баярлаж “Хаан миний ес дэх хүү, энэ бол гайхамшигтай сайхан баяр” хэмээн баярлаж “Фу Лин буюу Буян ирэгч” хэмээх нэрийг өгчээ. Дуулиантай төрсөн ханхүүгээ хаан тэр дор нь хаан ширээ залгамжлагчаар зарлажээ.

Тай Цун хаан 1643 онд тэнгэрт хальсан бөгөөд хаан нас барсан өдрөөс эхлэн Амирлангуй хатны 6 настай хүү Фу Лин Манж Чин улсын хаан ширээнд сууж “Эеэр засагч” хааны эрин эхэлсэн боловч бага балчир хааны эсрэг ил далд өрсөлдөөн өрнөж, нас биед хүрсэн хан хөвгүүд эхчүүдийн хамт хорон явуулга хийж, нас барсан хааны төрсөн дүү Түркүн угсаа залгамжлагч Фу Линтэй өрсөлдөж эхэлжээ. Арга ухаан төгс Амирлангуй өөрт үнэнч албатуудынхаа хүчээр хүүгийнхээ эсрэг чиглэсэн бүхнийг сөрж, дотоодын хямралыг дарж, бас хятадын Мин улсыг ч мөхөөж, хүүгийнхээ хүчийг зузаатгаж, Манжийн төр мөхөхөөс аварч чаджээ. Хаан ширээг булаахыг завдсан Түркүний цаад санааг нь мэдэж байсан Амирлангуй хатан хүүгийнхээ байр суурийг бэхжүүлэхийн тулд Түркүний удаа дараа гуйсан урагийн гуйлтыг хүлээн зөвшөөрч гэрлэн суусан байдаг. 1650 оны сүүлээр Түркүн Хар хотод өвчний улмаас нас барсан даруйд өөрийн талын сайд түшмэдийг дайчлан эд хөрөнгийг нь хурааж, өнгөрсөн цаг хугацаанд хийсэн хэрцгий үйлдлүүдийг нь сөхөн буруутгаж, онголсон газрыг нь сүйтгэжээ.

Амирлангуй хатан хүүдээ төр захирахад нь тусалж, олон жил үргэлжилсэн дайн дажны уршгаар үгүйрч хоосорсон ард түмэнд хааны ордонд арвилан гамнаж үлдээсэн зоос, амуу будааг тарааж олон удаа тэтгэсэн байдаг.  1661 онд хүү Фу Лин хүнд өвчин туссан ба хаан ширээгээ эх хатантай зөвлөлдөн гутгаар хүү 8 настай Сиован Еэ-д өвлүүлэхээр тогтжээ. Хааны ор залгасан хүү нь Манж Чин улсын түүхэнд хамгийн гарамгай хаадын нэг Энх-Амгалан байсан юм. Амирлангуй хатан 1661-1672 он хүртэл нас бага, цус шингэн ач хүүдээ чадлынхаа хирээр хавсран дэмжжээ. Эдэнд шунадаггүй, өнгөнд автдаггүй, сэцэн ухаантай Амирлангуй хатан Манж Чин улсын 3 үеийн хааны засаг явуулах үйлсэд хүчин зүтгэсэн ба 1687 оны 12-р сарын 25-нд 75 настайдаа өвчнөөр нас баржээ.

Алша вангийн авъяаслаг шүлэгч охин: Энэ бол дундад зууны үед Хиад боржигон аймгаас хятад газар богтлогдож очсон үзэсгэлэн төгс Агай хатны түүх юм.  1805 оны зуны нэгэн өдөр Манж Чин улсын нийслэл Бээжин хотод 20 орчим тэмээ хөсөглөсөн жингийн цуваа орж ирсэн нь Манжийн хааны зарлигаар яаманд ажиллахаар Ар Халхаас гэр бүлийн хамт ирж буй Алшаа вангийн хөсөг байв. Бичиг үсгийн өндөр боловсролтой Алшаа ван 4 настай бяцхан охиноо дагуулан ирсэн бөгөөд түүнийг Насланбуу гэдэг байжээ. Алшаа вангийн төрсөн эгч Жимээ нь эрдэм мэдлэг өндөр, шүлэгч хүн байсан тул Насланбуу охин багаасаа нагац эгчийнхээ нөлөөгөөр бичиг номонд сайтар суралцсан нэгэн байжээ. Мөн Алшаа ван охиноо 7 настай байхад нь Манж Чингийн өндөр боловсролтой хүмүүсийн нэг эрдэм мэдлэг төгс, яруу найрагч эмэгтэй Хүй Ен Бумба-д шавь оруулсан гэдэг.  Насланбуу хаан угсаатай хүнтэй ураглаж тухайн үеийн Манжийн хаан Сайшаалтаас “хатан” гэх алдрыг хүртжээ. Олон шавь нартай байсан ба хожим Манж Чингийн өмнөө барьдаг чадварлаг сэхээтний нэг болж олон бичиг үсэгтэнг сургажээ. 

Шүлэг яруу найраг нь монгол хэлэнд хөрвүүлэгдсэн байдаг ба Халх Монголоо санагалзан ийн өгүүлжээ.
Дөрвөн настайдаа нийслэл хотноо нүүдэллэн ирээд би
Дээдсийн нутаг Монгол газраас гучин жил холдов оо.
Төрж өссөн уул ус минь хаа байдаг бол
Тэнгэрийн хаяа, газрын хязгаарт үүл манан үргэлж
Түүх шастираа Чингис хаан тив дэлхийд үлдээж
Тэнгэр уудам дайны талбар нь тэртээд хүрээд алсрав аа
Дайчин баатарууд арван түмэн нум сумаа хөвчилж
Даяар алдарт тэнгэрлиг хөвгүүд эрт урьдаас хүчирхэг...

Тэрбээр Хятад даяар алдартай Күнзийн сургаалийг шүүмжилжээ. “Эмэгтэй хүн эрдэмгүй бол эрхэм болой” гэсэн үзлийг шүүмжилж “чалчаа үг, эртнээс аваад шүлэгчийн авъяас хүртэл эмэгтэй хүнд заяасан байдаг юм” хэмээн эсэргүүцдэг байв. Хар тамхинд автсан нэгэн залууд “Сайн эр нэр нүүрээ гутаавал санасан үйл хариугүй болно, эрэлхэг зоригоо бүрэн бадраавал эртний үйлээ дахин сэргээнэ” гэх мэтээр ухааруулж байсан гэдэг.

“Гуниг хорслын шүлэг”, “Алтан бэлзэгийн дуу” хэмээх шүлгүүд нь өнөө хүртэл хадгалагдсаар ирсэн. Атаатан дайсандаа хорлогдон үхсэн нөхөртөө зориулж “Гуниг хорслын шүлэг”-ээ бичээд амиа хорлосон гэх бөгөөд шүлгийн агуулга нь гүн эмгэнэлийн өнгө аястай. Тэрбээр хятад шүлгийн өнгөөр төрөлх монгол үгээрээ аятай зохицлоор нийцүүлж бичдэг нэгэн байснаараа авъяаслаг шүлэгч болон мөнхөрсөн аж. Монголын эртний хатадаас түүн лүгээ шүлэг яруу найрагт дурлаж байсан хүн бараг үгүй.


Та аялал, амралтын талаарх  илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.

ТОО
0
0
0