12. МОНГОЛЫН ТҮҮХ

МОНГОЛЫН ЗАСАГ ЗАХИРГААНЫ ТҮҮХ

1500 онд Монголыг нэгтгэн захирсан Батмөнх даян хаан улсаа хөвгүүддээ хуваан өгснөөр Чингис хааны үеээс уламжлагдсан ирсэн засаг захиргааны системд том өөрчлөлт орж “Дөчин түмэн Монгол, Дөрвөн түмэн Ойрад”-ыг задалж дөрвөн түмэн Ойрадын “түмэн” байх эрхийг хасаж улсаа Зүүн гар, Баруун гар хэмээн ерөнхийд нь хоёр хувааж дотор нь 6 түмэн болгон хуваасан юм. Үүнд: Зүүн гурван түмэнд Ордос, Түмэд, Юншөөбү, Баруун гурван түмэнд Цахар, Урианхай, Халх түмнийг нэгтгэжээ.

Батмөнх даян хааны 11 хөвгүүний 7 нь Мандухай сэцэн хатны, 4 нь бага хатан Жимсгэнийх байжээ.

  • Ахмад хөвгүүн Төрболд эцгээсээ өмнө нас барсан.
  • Хоёрдугаар хүү Улсболд 1500 онд Ибрай тайшид алагдсан.
  • Гуравдугаар хүү Барсболд жонон өргөмжлөгдсөн.
  • Дөрөвдүгээр хүү Арсболд Түмэдийн 7 отогийг захирсан.
  • Тавдугаар хүү Очирболд Цахарын 8 отогийг хишигтний хамт захирсан.
  • Зургадугаар хүү Алчуболд Халхын өвөр 5 отогийг захирсан.
  • Долдугаар хүү Арболд Цахар ба Хуучидын 2 отогийг захирсан.
  • Наймдугаар хөвгүүн буюу Жимсгэнэ хатны ахмад хөвгүүн Гаруудай эцгээсээ өмнө нас барсан.
  • Есдүгээр хөвгүүн Гэрболд Ахан болон Найманы отогийг захирсан.
  • Аравдугаар хөвгүүн Увсанз Юншөөбү түмнийг захирсан.
  • Отгон хөвгүүн Гэрсэнз жалайр хунтайж Халхын 7 отогийг тус тус захиран суужээ.

Батмөнх даян хааны дараа түүний ахмад хөвгүүн болох Төрболдоос төрсөн Боди алаг хаан залгамжилж өөрийн эзэмшил Цахарт төвлөн сууснаар хаан ширээ, улсын тамга Монголын өмнөд хэсэгт шилжиж, “Өвөрлөгч” гэдэг түүхэн нэр томъёо үүсчээ.

Батмөнх даян хаан нас эцэслэхийн өмнө отгон хүү Гэрсэнзэд 13 отог бүхий Халх түмнийг захируулжээ. Харин Гэрсэнз жалайр хунтайж өөрийн 7 хөвгүүндээ 13 отгоо хувааж, Халхын 7 хошууг үүсгэн захируулжээ. Энэ нь дотроо Баруун, Төв, Зүүн гар болж шарын шашны удирдагчдаас дараах цолуудыг авсан юм.

  • Гэрсэнзийн гутгаар хүү Ноонох үйзэнгийн ач Абтай нь “Очирбат тулгар Түшээт хан”
  • Гэрсэнзийн хоёрдугаар хүү Аминдуралын ач Шолой нь “Махасамади гэгээн Сэцэн хан
  • Гэрсэнзийн ахмад хөвүүн Ашихай дарханы удам Дайхур нь “Эрдэнэбишрэлт Засагт хан”

цолтойгоор тус тус захиран суусан. Энэ нь эцэстээ засаг захиргааны хамгийн том нэгж болсон юм. Долнуурын 1691 оны гэрээгээр Халх монгол Манж чин улсад дагаар орсны дараа манж нар Халхын хошуудыг дотор нь жижиглэж 43 болгоод Түшээт хан аймагт 11 хошуу, Сэцэн хан аймагт 11 хошуу, Засагт хан аймагт 7 хошуу ноогдуулжээ. Хожим 1725 онд эдгээр гурван аймгаас 19 хошууг тасалж шашин төрд туслагч “Сайн ноён хан” аймгийг байгуулаад Эфү Дашдондогт захируулсан. Манж нар ийнхүү Монголын засаг захиргааг эвдэж аймаг, хошуу, сум, баг болгон хуваагаад нэг багт 10 өрх айл хамааруулжээ. Хошуу нь сум ба хамжлага хэмээн үндсэн хоёр хэсэгт хуваагдаж байв. Аймаг хошуудын хил хязгаар нь уртрагийн дагуу хойноос урагш чиглэлтэй байв.

1921 онд Ардын хувьсгал ялж Монголын засаг захиргааны системд өөрчлөлт орсон.

  • Түшээт хан аймаг – Богд хан уулын аймаг,
  • Сэцэн хан аймаг – Хан Хэнтий уулын аймаг,
  • Сайн ноён хан аймаг – Цэцэрлэгмандал уулын аймаг,
  • Засагт хан аймаг – Хантайшир уулын аймаг хэмээн тус тус нэрлэжээ.
  • Ховдын хязгаарт байсан Дөрвөдийн Зоригтхан аймаг, Далай хан аймаг хоёрыг 1921 онд нэгтгэж Улаангом төвтэй Чандмань уулын аймаг болгон зохион байгуулжээ.

1931 оны 1-р сарын 7-ны өдрийн Засгийн газрын тогтоолоор Архангай, Алтай, Дорнод, Дорноговь, Дөрвөд, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Тариалан, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Газар тариалангийн аймгууд байгуулагдсан. 1932 онд Газар тариалангийн аймгийг Сэлэнгэ, Дөрвөд аймгийг Увс болгож өөрчлөөд шинээр Баянхонгор, Дундговь, Сүхбаатар, Булган аймгийг байгуулсан. 1935 онд Алтай аймгийг татан буулгаж Завхан аймагт нийлүүлсэн бөгөөд 1940 онд дахин байгуулж Говь-Алтай нэртэй болгожээ. 1940 онд Ховд, Увс аймгийн казах, урианхайчууд голлон нутагладаг 20 орчим сумдыг нийлүүлж Баян-Өлгий аймгийг байгуулжээ. 1950-иад он гэхэд Дархан, Эрдэнэт, Чойр гэсэн улсын чанартай хотууд бий болсон.

Та аялал, амралтын талаарх  илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.

ТОО
0
0
0