Монголчуудын
анхны төр улс Хүннү улсын нутаг дэвсгэр “өмнө зүг Цагаан хэрэм, Ордос нутаг,
умар зүг Байгаль нуур, баруун зүг Ил тарвагатай, дорно зүг Солонгос хүртэл
уудам их нутгийг эзлэн” оршин тогтнож байжээ. Монгол нутаг дахь анхны хилийн
цэрэг, хил хамгаалалтын албаны үндсэн суурь Хүннү улсын үед тавигдсан байна.
Учир нь Хүннүчүүд дорнод Ху ба Хятадын Хан улстай хиллэх нутгийнхаа хил
хязгаарын дагуу харуул суулгаж, хилийн харуулаа “Оуто” хэмээдэг байв. Сурвалжид
тэмдэглэснээс үзэхэд Хүннү улсад хил хязгаар хариуцсан ван цолтныг “Оуто ван”
хэмээн нэрийддэг байсан байна.
Чингис хаан тархай
бутархай олон овог аймгуудыг 1206 онд нэгтгэн Их Монгол улс байгуулсан тэр үед
Монгол улсын газар нутаг “Умард байгалиас өмнөд Түмэн газрын цагаан хэрэм
хүртэл, зүүн зүг Хянганы нуруунаас өрнө зүг Алтайн уулс өнгөртөл өргөн уудам
газар, нутаг дэвсгэрийг хамарч байжээ. Их Монгол улсын засаг захиргааны зохион
байгуулалт Өгөдэй хааны үед гүйцэд төлөвшин тогтжээ. Өгөдэй хаан улс иргэний
газар нутгийг хувааж өгөхдөө энэхүү хуваарилалтаас уламжлан Их Монгол улсын
гадаад хил хязгаар ч нарийсан тодорхойлогдсон юм.
Монголын зүүн, зүүн
өмнөдөд Зүрчидийн Алтан улс, баруун өмнөдөд Тангуд улс байжээ. Эдгээр улсуудтай
зах нийлж байсан хилийн шугам хаагуур, ямар байдалтай байсан нь тодорхойгүй. Их
Монгол улс Алашаагийн говь, Эзний голын хойд талаар Тангуд улстай, Цагаан
хэрмээр Алтан улстай зах нийлж хиллэж байсан тухай төсөөлөл байдаг.
Монголын их хаадын
явуулсан байлдан дагууллын үр дүнд Ази, Европыг хамарсан өргөн уудам нутагт Монголын
эзэнт гүрэн тогтжээ. Их Монгол улсын гадаад зах хязгаар улсын хил байхаа больж,
эзэнт гүрний гол нутаг суугуул Монгол орон бусад эзэмшлүүдийн хоорондох дотоод
хил хязгаар болон хувирсан байна. Монголын эзэнт гүрэн 1260-аад оны үеэс
Монгол, Түвд, Хятадыг багтаасан Юань улс, Дундад Ази, Дорнод Туркестаныг
хамарсан Цагаадайн улс, Иран, Ирак, Өвөр Кавказыг эзэлсэн Хулагугийн буюу Ил хаадын
улс, Кипчакийн тал, өмнөд Оросыг багтаасан Алтан ордны улс гэсэн дөрвөн том
улсад хуваагдсан юм.
Хятадад төвлөрөн тогтнож
байсан Монголын Юань улс (1262-1368) унаснаар монголын гадаад зах хязгаар өөрчлөгдсөн
ч XVII зуун хүртэл үндсэн төрлөө хадгалсаар иржээ. Харин XIV зуунаас эхэлсэн
улс төрийн тархай бутархай байдал монголын нэгдмэл байдлыг сулруулж, монголчууд
өмнөд монгол, Халх монгол, Баруун монгол буюу Ойрад гэсэн харьцангуй биеэ
даасан гурван хэсэгт хуваагдахад хүргэжээ. Тийнхүү хуваагдахад байгаль,
газарзүйн орчны нөлөөлөл багагүй байв. Өмнөд ба Халх Монгол их говиор
зааглагдаж, Халх ба Ойрад монголын нутгийн зах Алтай, Хангайн уулсаар
зааглагдаж байжээ. XVII зууны эхэн үеэс Монголын хойд, урд хоёр талаас түрэмгийлэн эзлэх Хаант Орос, Манж Чин улсын
бодлого эрс идэвхжиж монголын газрын зурагт өөрчлөлт орохын эхлэл тавигджээ. Лигдэн хааны тэмцэл дарагдаж,
1636 онд өмнөд Монгол Манжийн захиргаанд орсноор Цагаан хэрмээр байсан Монгол
улсын хил халх монголын нутгийн урд зах болон дотогшилжээ. Өөрөөр хэлбэл, Халх,
Өмнөд монголын нутгийн зааг болж байсан хилийн дээс нь 1636 оноос Халх монгол,
Манж чин улс гэсэн хоёр улсын хил болон хувирав.
Мөн энэ үеэс оросууд
Сибирийн аймгуудыг эзлэн Монголын нутгийн хойд талаас түрж шахах болжээ.Монголчууд
Сибирь, Байгаль нуур хавийн газар нутагт бүрэн суурьшиж чадаагүй нь тэдний
эрхлэх үндсэн аж ахуйтай нь холбоотой юм. Оросын засгийн газраас Сибирь рүү
газар зүйн шинжилгээний анги, хасаг цэргийн отрядуудыг илгээж, газар орны
байдал, байгалийн баялаг, нутгийн оршин суугчдын аж амьдрал, шашин шүтлэгийг
тагнаж байжээ. Түүний дараагаар гол зангилаа газарт шивээ, өвөлжөө байгуулж
бэхжээд нутгийн овог аймгуудад Оросын хааны алба татварыг ноогдуулан харьяат
болгож байжээ. Сибирь рүү мэргэжлийн барилгачид, цэргийн инженерүүдийг илгээнтомоохон
хот, бэхлэлтүүдийг тусгайлан бэлдсэн зураг төслөөр бариулж эхэлжээ. Сибирийн
суугуул иргэд Оросын түрэмгийлэх бодлогыг нэг бус удаа эсэргүүцэн тэмцсэн
боловч тэднийг цэргийн хүчээр дарж байв. Манжийн Энх-Амгалан хаан Оросын газар
нутгийн түрэмгийллийг эсэргүүцсэн халхчуудын тэмцлийг дэмжиж, 1676 онд Түшээт
хан Чахундорж, Баатар хунтайж, Өндөр гэгээн нарт их бэлэг сэлт бүхий элч
илгээж, Оросын эсрэг Халх, Манжийн улс төр, цэргийн холбоо байгуулан Манжтай
хэлэлцээ хийхээр ирсэн Ф.А.Головин тэргүүтэй төлөөлөгчдийг довтолж байжээ.
Оросууд Сибирь болон
буриад монголчуудыг эрхэндээ оруулсны адилаар Халхыг амархан эзэлж хараахан
чадахгүй байсан бөгөөд үүнд Сибирь дэх Оросын цэргийн хүч хүрэлцэхгүй байжээ.
Галдан бошгот Халхыг эзлэхдээ Оросоос цэргийн тусламж авсан хэмээн цуурхсан тул
Манж нар Ойрад, Оросын цэргийн холбоо байгуулагдахаас айн болгоомжилж, Оростой
найрамдал тогтоохыг яаравчилжээ. Хаант Оросын хувьд энэ боломжийг ашиглан
Манжтай хилийн гэрээ байгуулж авах ашигтай тохироо бүрдсэн байна. ХэлэлцээрОросын
Нерчүү хотын дэргэд 1689 оны 8-р сарын 12-ноос 27-нд явагдсан ба Манжийн талыг
гүн Согот, Оросын талыг гүн Ф.А.Головин нар тэргүүлж байв.
Нерчүүгийн гэрээгээр тус
тусын эзэлж авсан нутгаар зааглаж, хоёр улсын хилийг Хар мөрний баруун хэсгээр
тогтоожээ. Хожим 1858 онд Аргуны хэлэлцээрээр дутуу орхисон зүүн ба хойд хэсгийн
хилийг бүрэн гүйцээж тогтоосон байдаг. Манж нар “Ариун хамар” хүртэл, Агнуурын
тэнгис төдийгүй Камчатскийн ихэнх хэсгийг өөртөө авахыг зорьж байсан бол
Оросууд Байгаль нуур, Агнуурын тэнгисийн эрэг хавийн нутгийг авч үлдэн Хар
мөрнөөс урагших газрыг Манжид өгснөөр хэлэлцээр дуусгавар болсон.Энэ
хэлэлцээрээр баруун, зүүн Сибирь, Байгаль нуур хавийн асар уудам нутагт Орос эзэн
байх эрхийг хүлээн зөвшөөрчээ. Хил тогтоох хэлэлцээрийн
хоёр дахь үе Халх Оросын хил орчмын Буур голын хөндийд 1727 оны 8-р сарын 25-нд
эхэлсэн ба Манжийн талаас амбан сайд Тулушин, Халхын ван Эфү Цэрэн, Оросын
талаас гүн Рагузинский нар тэргүүлж Буурын гэрээг байгуулав. Уг гэрээгээр
Баргын нутаг дахь Эргүнэ голын зүүн эргийн Авгайт уулнаас Саяны нурууны
Шавинайн даваа хүртэл Монголын хойд хилийг тогтоожээ.
Хиагт горхи дахь Монгол,
Орос хоёр харуулын хоорондох газрыг тэгш хуваан голд нь овоо босгон “Дундын
овоо” хэмээн нэрийдээд түүнээс баруун, зүүн тийшхи хилийн шугам, овоо
тэмдгүүдийг босгон байгуулжээ. Манжийн хиа Хувьт, хаван Наянтай, Оросын хилийн
комиссар И.Глазунов нарын толгойлсон зүүн зүг явсан ажлын хэсэг Дундын овооноос
Эргүнэ голын эрэг дэх Авгайт уул хүртэл Халх, Баргын нутгийн хойд талаар хилийн
63 хос овоо тэмдэг босгоод түүнийгээ тодорхойлсон бичиг үйлдэж, 1727 оны 10-р
сарын 12-нд Авгайт ууланд гарын үсэг зуран солилцжээ. Дундын овооноос баруун
зүгт одсон хэсэг Дундын овооноос эхлэн Тагна Тувагийн баруун хойно орших баруун
Саяны нурууны Шавинайн даваа хүртэл Халх, Хөвсгөлийн урианхай, дархад, Тагна
Тувагийн нутгийн хойд захаар хилийн 24 хос овоо тэмдэг босгож, бичиг үйлдэн 1727
оны 10-р сарын 27-ны өдөр Шавинайн даваан дээр солилцжээ. Тийнхүү Барга нутгийн
зүүн хойд захын Авгайт уулнаас тагнын Тувагийн баруун хойд талын Шавинайн даваа
хүртэл 87 хос овоо босгожМонгол, Оросын хилийг албан ёсоор тогтоож, чандлан
хамгаалах болсон нь XVII зууны дунд үеэс Монголын баруун хойд, хойд талаас
хүчтэй түрэх болсон Оросын түрэмгийллийг зогсооход чухал ач холбогдолтой арга
хэмжээ болсон ч Монголчуудын уугуул нутгаас ихээхэн газар нутаг алдагдсан
түүхийн нэгэн хар толбо болон үлдсэн юм.
Манжийн түрэмгийлэгчид
1756 онд Зүүнгарын улсыг байлдан эзэлж авснаар Монголын нутгийн баруун хил
хязгаарт ихээхэн өөрчлөлт гарч, Зүүнгарын хаант улсын нутгийн үлэмж хэсэг
Зүүнгарын Алатау нурууны ар бие, Догол нуур, Төмөрт нуур, Долоон ус гол, Или
мөрний дунд ба адаг урсгалын сав газар Оросын мэдэлд, үлдсэн ихэнх нутаг
манжийн харьяанд оржээ. Манжийн түрэмгийлэгчид Хойдын ноён Амарсанаагийн
бослогыг цус урсган дарж Ойрад монголчуудыг бараг үлдээлгүй аллага үйлджээ.
1760 онд Ойрадын газар нутагт уйгаруудаар голлосон цэрэг-засаг захиргааны
онцгой нэгж Шинэ хязгаар-Шинжааныг байгуулсан юм. Зүүнгарын улсын үндсэн хүн
амын олонхи нь алагдаж, зарим хэсэг нь зүг бүр дүрвэжээ.
Орос, Манж хоёр 1864 оны
9-р сарын 25-нд Тарвагатайн нурууны өвөрт орших тарвагатай (одоогийн Чугачук)
хотод байгуулсан гэрээгээр хуучин Зүүнгарын Хаант улсын нутгийн хойд хилийг
буюу Тагна Урианхайн Шавинайн даваанаас баруун тийших хилийг тогтоохдоо
монголчуудыг огт оролцуулаагүй ажээ. Уг гэрээгээр Тарвагатайн нуруу, түүний ар
бие, хөндий, Хар эрчим голын адаг, Зайсан нуур, Мароканоль нуур зэрэг Зүүнгарын
улсын нэлээд нутаг Оросын мэдэлд орсон байна.
1911 оны 11 дүгээр сарын
29-нд тусгаар тогтнолоо зарлаж, Жибзундамба хутагтыг хаан ширээнд залсан Богд
хаант Монгол улсын засгийн газар хойт зүгийн зах хязгаарыг хамгаалж ирсэн
эртний өрхийн гэр болон суман харуулуудыг өөрчлөн зохион байгуулж, Орос Монгол
улсын хилийг өрхийн харуулуудаар хамгаалуулах болжээ. Харуулууд нь улсын хил хамгаалахын
зэрэгцээ сүм, дуган шүтээний бүрэн бүтэн байдлыг давхар хариуцдаг байв. Богд хаант Монгол улсын
засгийн газрын бодлого нь Манж, Хятадын дарлалаас Өвөрмонгол, Баргын газар
нутгийг салган авч өөртөө нэгтгэн Монгол үндэстний хүчирхэг төр улсыг байгуулахсонирхолтой
байсан боловч хүчин мөхөсдөж зорилгодоо хүрч чадаагүйгээр барахгүй газар нутгаа
алдсан юм.
1913 оны 10-р сард Орос
Хятад хоёр улсын Бээжинд байгуулсан тунхаглалаар Алтайн хязгаарт Хятад улс,
Тагна Тувагийн хязгаарыг Хаант Орос тус тус авахаар хэлэлцэн тохирсон байна.
1913 онд Хятадын засгийн газар Алтайн хязгаарыг хүчээр нэгтгэн авахаар үлэмж
цэргийг Монголд түлхэн оруулж, зарим газрыг эзлэн авснаар Монгол, Хятадын
хооронд зэвсэгт мөргөлдөөн эхэлжээ. 1913 оны 12-р сард Монголын талыг Оросын
консул М.Н.Кузьминский, Хятадын талыг Торгуудын ван Балт нар төлөөлөн байлдааны
ажиллагааг зогсоох хэлэлцээр байгуулж, Алтайн нуруугаар Цагаан түнгэ хүртэл
цэрэггүй бүс тогтоожээ.
1915 оны Хиагтын гурван
улсын гэрээгээр Хаант Орос, Хятад хоёр Алтайн нурууны нутгаарх цэрэггүй бүсийн
шугамыг улсын хил хэмээн Монголд хүчээр тулган хүлээлгэж, 1914 онд Тагна Тува,
Хаант оросын эзэмшил болсныг баталсан байна. Ингэж Алтайн нурууны өмнөд бэл,
Хар эрчис, Чингил, Булган, Өрөнгө голууд, Өрөнгө нуурын сав дагуух Монголын
нутаг Хятадын мэдэлд оржээ. 1915 оны Монгол, Орос,
Хятад гурван улсын Хиагтын гэрээгээр тогтоосон Хаант Монгол улсын нутаг
дэвсгэрийн зах хязгаар одоогийн Монгол улсын гадаад хилийн үндэс болж байна.
1921 оны үндэсний
ардчилсан хувьсгалын түүхэн гавьяа нь дэлхийн олон улсын тавцанд тусгаар
тогтносон бүрэн эрхэт Монгол улсыг дахин тунхаглах, улсын хил хязгаар, газар
нутаг, ард түмний уламжлалт зан заншил, соёлыг баттай авч үлдэхэд чухал нөлөө
үзүүлсэн юм.
1962 оны 12 дугаар сарын
26-ны өдөр “БНМАУ ба БНХАУ-ын хилийн Гэрээ” байгуулж, 1964 оны 06 дугаар сарын
30-ны өдөр гарын үсэг зурсан “БНМАУ-ын Засгийн газар ба БНХАУ-ын Засгийн газрын
хооронд байгуулсан хоёр улсын хилийн тухай Протокол”-ын дагуу 1962-1964 онд
хилээ газар дээр нь тогтоон тэмдэглэж, 1982-1984 онд анх удаа хамтран шалгаж,
хоёр дахь удаагийн хамтарсан шалгалтыг 2001-2005 онд явуулж дуусгажээ. 1962 оны
12-р сарын 26-ны өдөр гарын үсэг зурсан “БНМАУ ба БНХАУ-ын хилийн гэрээ”-нь
НҮБ-ын Нарийн бичгийн дарга нарын газарт бүртгэгдсэн олон улсын гэрээ,
хэлэлцээрүүдийн 14375 тоот бүртгэлд 1975 оны 10-р сарын 9-нд бүртгэсэнээр манай
улсын өмнөд хил олон улсын хэмжээнд баталгаажсан байна.
Монгол, Оросын хил нь
1689 оны Нерчүүгийн хилийн гэрээ, 1727 оны Буурийн гэрээ, Хиагтын гэрээ, 1864
оны Тарвагатайн протокол, 1881 оны Санкт-Петербургийн гэрээгээр анх үүсгэн
тогтоогдсон. Энэхүү тогтоосон хилийг
баримтлан 1958, 1976 онд БНМАУ, ЗСБНХУ-ын хооронд байгуулсан хилийн
гэрээнүүдээр шинэчлэн тодотгосон бөгөөд хилийн шугамыг бодит газар дээр нь
тогтоон тэмдэглэх ажлыг 1977-1979 онд зохион байгуулж, улсын хилийн анх
удаагийн хамтарсан шалгалтыг 1987-1996 онд хийж дуусгасан байна. Ийнхүү Монгол улсын хил
олон зуун жилийн туршид өөрчлөгдөн хувирсаар ХХ зууны дунд үеэс олон улсад
хүлээн зөвшөөрөгдсөн хил хязгаар, газар нутагтай болсон билээ.
Эх сурвалж: Монгол орны лавлах
Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.