ЧУЛУУН ЗЭВСГИЙН ҮЕИЙН ДУРСГАЛ

Хүн төрөлхтөн бий болоод  хамгийн  урт удаан үргэлжилсэн үе бол чулуун зэвсгийн үе. Энэ үеийг дотор нь хуучин үе буюу палеолит, дунд үе буюу мезолит, шинэ үе буюу неолит гэж хувааж үздэг.

Хуучин чулуун зэвсгийн үеийг мөн дотор нь доод палеолит, дунд палеолит, дээд палеолит гэж ангилдаг.

Доод палеолит. Монгол нутагт анх хүн 800000 жилийн тэртээгээс амьдарч ирсэн гэж үздэг.

  • Баянхонгор аймгийн Баянлиг сумын Цагаан агуйн суурин: Эндээс гол төлөв бор шаргал өнгийн чулуугаар хийсэн дурсгалууд олдсон ба давхаргуудад хийсэн шинжилгээгээр тухайн бүс нутаг шилмүүст ойтой чийглэг дулаан уур амьсгалтай байсан нь тогтоогдсон ба  730000 жилээс өмнөх үед хамаарна гэдэг нь батлагдсан.
  • Баянхонгор аймгийн Өлзийт сумын Нарийн голын хөндийн суурин: Эндээс ногоон саарал өнгийн хайрган чулуугаар хийсэн 212 ширхэг олдвор олдсон ба бусад дурсгалтай харьцуулан насжилтыг нь 500000 жил гэж тогтоосон байна.
  • Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутаг Ярх уулын суурин: Энэ нь одоогоос 300000 жилийн өмнөх дархны газар бөгөөд хасын хольцтой цахиурын төрлийн чулуугаар хийсэн зэвсэг их олдсон. 
  • Өмнөговь аймгийн Ханбогд сумын Оцон мааньтын суурин: Хар өнгийн чулуугаар хийсэн байдаг.
  • Өвөрхангайн Богд, Өмнөговийн Булган сумын заагт байх Цахиуртын хөндий: Ойролцоогоор 20 квадрат киломер талбай бүхий энэ суурин хөрсөн дээрээ чулуун зэвсгийн доод үеэс дээд үе хүртэлх үеийн дурсгалыг хадгалсан Төв Азидаа төдийгүй дэлхийд ховор олдвор.

Дунд палеолит. Энэ үе бол дэлхийн цаг агаар хүйтэрч мөстлөгийн үе эхэлсэн байсан. Амьтан ургамлын аймагт өөрчлөлт ороод зогссонгүй хүний бие хүртэл өөрчлөгдсөн үе. Энэ үеийн хүний араг яс олдсон германы газрын нэрээр энэ үеийн хүмүүсийг неандертал хүн гэдэг. Дунд палеолитын үеийн том ололт бол хүн гал гаргаж түүнийгээ ашиглаж сурсан явдал. Доод палеолитын үед байгалийн бэлэн гал, галт уулын болон аянга цахилгааны гал хэрэглэж байжээ. Энэ үед хамаарах гол дурсгал нь Ховд аймгийн Барлагийн голын дурсгал болон Их богд уул Орог нуурын дурсгал болно.

Дээд палеолит. Энэ үе одоогоос 40000-35000 жилийн өмнө эхэлж 12000-10000 жилийн өмнөх хүртэл үргэлжилнэ. Хүний гавлын яс томорч үг ярианы эрхтэн хөгжиж эрүү одоогийн хэв шинжийг олж орчин үеийн хүн хомосапейнис үүсчээ. Огтлох, цоолох, хусах зэрэг багажууд энэ үед модон бариултай болжээ. Дээд палеолитэд холбогдох дурсгал нэлээд олон бий. 

  • Хархорины дэргэд Орхон голын баруун эрэгт буй Мойлтын ам, 
  • Улаанбаатар хот орчим Шархад, Сонгинохайрхан уулан дахь дурсгал, 
  • Баянхонгор Түйн голын сав, 
  • Өвөрхангайн Хужирт зэрэг газруудад бий. 
  • Сүүлийн үед олдоод байгаа Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Чихэн агуйн хонгилд хийсэн малтлагын явцад хөрсний доод давхаргаас дээд палеолитын чулуун зэвсгүүд олджээ. Малтлагаас олдсон ясанд хийсэн шинжилгээгээр 27000-24000 жилийн өмнөх үед холбогдох нь тогтоогджээ.
  • Ховд аймгийн Манхан сумын Хойт Сэнхэрийн агуйн зураг: Агуйн цайвар өнгийн хананд улаан зосоор олон тооны ан амьтан тэмдэг зэргийг зурж үлдээжээ.
  • Ховд аймгийн Буянт сумын Чандмань хар үзүүрийн зураг: Чандмань хар үзүүр гэх толгойн баруун талын том толигор хаднаа олон тооны амьтдыг хонхойлгон цохиж сийлжээ. 
  • Ишгэн толгойн хадны зураг:  Урд, дунд, хойд Цэнхэрийн голууд Манхан сумын орчим нийлэх ба уг хөндийн дунд байх  хоёр толгойн нэгийг Ишгэн толгой гэнэ. Энэ толгойн хаднаа 150 орчим дүрс бий.
  • Баян-Өлгийн аймгийн Улаанхус сумын Бага Ойгор, Цагаан салаан зураг: Олон мянган хадны сүг зурагтай.
  • Хэнтий аймгийн Батширээт сумын Рашаан хад: Ихэнх зураг нь энэ үед хамаарна гэж үздэг.


Дунд чулуун зэвсэг буюу мезолитын үе: Энэ үед нум сум хэрэглэж эхэлсэн байна.

  • Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Чихэн агуйн дурсгал.
  • Дорнод аймгийн Хэрээ уулын суурин.
  • Хэнтий аймгийн Баян-овоо сумын Гүрмийн нуур, Батхаан уул: Ялтсаар хийсэн сумны зэвүүд олдсон байна.
  • Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Дулааны говь: Элсэн довцгууд, загийн шугуйтай хотгор газар бөгөөд эргэн тойрон уулаар хүрээлэгдсэнэртний нуурын сав газар байсан ажээ. Олдсон чулуун зэвсгийн дотроос хамгийн олон тоотой олдсон зэвсэг нь сумны зэв.
  • Рашаан хадны зураг: Рашаан хадны зүүн ёроолд орших 6м урт, 2-3м өргөн, 60-70см зузаан том хавтгай хадны өвөр талд 180 орчим, ар талд 40 орчим, сэрвээн дээр нь 50 орчим, нийт 270-аад тэмдэг дүрс сийлжээ. Түүнээс гадна тэр орчмын хаданд энд тэнд хэсэг бүлгээр нь 220 орчим тамга буюу нийтдээ 500 орчим тамга сийлсэн байна.  
  • Можоогийн хадны зураг: Увс аймгийн Сагил сумын Түргэний нурууны ар биеийн салбар уулаас эх авч Үүрэг нуурт баруунтайгаас цутгах уулын нарийн голыг Цагаан гол гэнэ. Цагаан голын нарийн хөндийн эхэнд хойноос уруудсан хоёр салаа амны уулзварт буй хадтай хошууг Можоо гэж нэрлэнэ. Можоо нь ногоон саарал, саарал өнгийн хадтай бөгөөд тэнд аргаль, янгир, тэмээ, хүн, нохой, үхэр зэргийг ганц нэг ба хэсэг бүлгээр нь сийлсэн хэдэн зуун зурагтай.

Шинэ чулуун зэвсэг буюу неолитын үе: Энэ үеийн  гол онцлог нь чулууг сайтар зүлгэж билүүдэх, өнгөлөх, хөрөөдөж ховил гаргах, өрөмдөж цоолох аргыг сэдэж олсонд оршино. Олс, дээс зэрэгт нарийн ширхэгтэй элс шигүүлээд түүгээрээ хөрөөдөж чулуун эдлэлд ховил гурив гаргах, модон өрөмний үзүүрт мөн нарийн ширхэгтэй элс шигтгэн өрөмдөж чулуун зэвсгүүдэд нүх гаргаж цоолох болжээ. Ийм аргаар гол төлөв сүх, ооль хийдэг байсан байна.

  • Дорнод аймгийн Тамсагбулаг: Хүний булш, сууц бүхий суурингуудыг нээж судалсан ба Төв, Умард Азийн чулуун зэвсгийн судлалд онцгой байр суурь эзлэх дурсгал болно. Эндээс олдсон булшинд оршуулсан хүнийг сууцны хойд хананы шалны дор хоёр хөлийг өвдгөөр нь ихэд атийлган, гарыг нь унжуулан явган суугаа байдлаар оршуулжээ. МЭӨ IV-III мянган жилд холбогдох 15 орчим насны, 1.20м өндөр, монгол төрхийн эмэгтэй хүнийг оршуулахдаа 200 гаруй сувсан зүүлт, 20 гаруй бугын соёогоор хийсэн зүүлт, бог малын чөмөгний ясан гэртэй, дотроо 1 ширхэг нарийн хурц үзүүртэй ясан зүү, 20 см урт, 2.5 см өргөн ясан хутга хоёрыг тус тус дагалдуулан тавьжээ.
  • Өмнөговь аймгийн Булган сумын Баянзаг, Өвөрхангай аймгийн Дэлгэрэх сумын Цоорхойн агуй, Уянга сумын Шурангийн улаан хад, Баглуур хад, Төв аймгийн Зуунмод,  Архангай аймгийн Жаргалант сумын Улиастын гол, Дулааны үзүүр, Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Зорголхайрхан, Хэнтий аймгийн Биндэр сумын Бичигт хад, Баянхонгор аймгийн Баянлиг сумын Цагаан агуй, Баян-Өндөр сумын Саальтын агуй, Цагаан магнайн агуйгаас олдсон хадны зосон зургууд орно.
Та аялал, амралтын талаарх  илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0