ӨНӨӨГИЙН ЕРТӨНЦИЙГ ҮНДЭСЛЭГЧ ЭЗЭН ЧИНГИС ХААН - НОМ

АНУ-ын нэрт эрдэмтэн, Макалейстрийн их сургуулийн профессор, хүн судлаач Жак Уэтерфорд нь овог аймгийн судалгаагаар мэргэшсэн нэгэн бөгөөд сүүлийн 30 орчим жилийн турш Монголын түүх, байлдан дагуулалтын талаар нарийвчилсан судалгаа хийсэн бөгөөд 2004 онд “Өнөөгийн Ертөнцийг үндэслэгч Эзэн Чингис хаан”, 2010 онд “Монголын их хатадын нууц товчоо” зэрэг номоо хэвлүүлж олны хүртээл болгосон юм. Монголын түүх судлалыг дэлхий дахинд таниулж буй судалгааных нь ажлыг үнэлэн Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган “Найрамдал” медалиар шагнасан юм. 30 гаруй оронд хэвлэгдсэн  Чингис хааны тухай ном нь өнөө жил дэлхийн номын худалдааны тэргүүлэгч сайт болох www.amazon.com-оос зарласан уншигчдын сэтгэлд хамгийн их нийцсэн номын жагсаалтад орж, шилдэг 31 номтой 5 үеийн турш өрсөлдөн дараалан ялж 2011 оны дэлхийн шилдэг номоор шалгарсан билээ. Профессор Уэтерфорд 1998-2004 он хүртэл 6 жилийг зарцуулан бичсэн Монголчуудын өвөг дээдсийн байлдан дагуулалтын тухай энэхүү ном нь одоо ч хүн төрөлхтний анхаарлын төвд байсаар байна. Тэрбээр “Монголчуудын эвийн хүч энэ номыг дэлхийн шилдэг ном болгож чадлаа, Монголын ард түмэнд баярлалаа” хэмээн хэлсэн байдаг ба цаашид өөрийн нэрэмжит сангаараа дамжуулан Монголын түүх судлалыг хөгжүүлэх, Монголын залуу үеийг түүхэнд улам бүр дуртай болгоход нь их зүйл хийхээр төлөвлөж байгаа ажээ.

“Америк бол миний төрсөн нутаг, харин Монгол бол миний сэтгэл зүрхний нутаг” хэмээн ярих дуртай Жак Уэтерфорд 1946 онд Америкийн Өмнөд Каролинд төрсөн ба анх 12 настайдаа Харолд Ламбын бичсэн Чингис хааны түүхийг уншсан гэдэг. Тэрбээр “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч эзэн Чингис хаан” номоо Монголд байхдаа бичих гэж оролдсон боловч мэдрэмж нь хэтэрч, сэтгэл хөдлөлд автаад байсан гэдэг. Тэгээд Америктаа харьж өөрийн компъюторынхоо ард ганцаараа сууж байгаад бичжээ. Номоо бичиж байхдаа Жанцанноровын Мандухай киноны хөгжмийг Чинбатын тоглосноор сонсож, Монголын агаар үнэрийг бага багаар мэдрэн сэтгэлээ хөглөн бичдэг байсан ажээ. Харин Хатадын тухай номоо бичихдээ Шуранхай хамтлагийн дууг сонсдог байсан хэмээн хуучилсан байдаг.


Та аялал, амралтын талаарх  илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0