МОНГОЛЫН МӨНГӨН ТЭМДЭГТИЙН ТҮҮХ

Хүннү, Түрэг, Уйгар  улсын үеэс зоосон мөнгө цутгаж арилжаа наймаанд хэрэглэж байсан баримт олон бий. Чингис хаан Монголын нэгдсэн тулгар төрийг үүсгэн байгуулсны дараа “Сүхэс” нэртэй алт, мөнгөн зоос цутгуулж улмаар 1227 онд дэлхийд анх удаа цаасан тэмдэгт хэвлүүлж гүйлгээнд хэрэглэжээ. Улмаар 1236 онд төрөл бүрийн хэмжээ, хэлбэр, жинтэй зоосон мөнгөнүүдийг нэгтгэн ижил хэмжээ бх ижил жинтэй зоос цутган “мөнгөний шинэтгэл” хийж байсан түүхтэй. 1253 онд “Мөнгөний хэрэг эрхлэх хэлтэс” буюу одоогийнхоор банк байгуулж цаасан ба зоосон мөнгийг их хэмжээгээр гүйлгээнд гаргажээ. 1241 онд “Их Монгол улсын мөнгө” нэртэй зоосыг анх удаа “нэг” гэсэн тоотой гаргасан байна. Хубилай хааны үе 1260 онд Хархорумд “Мөнгө тушаах банк” байгуулж аравт, хорьт, зуут, мянгатын дэвсгэрт бүхий мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд оруулан 1282 онд худалдааны төв газруудад тэгшитгэх банк нэртэй салбаруудыг байгуулж мөнгөний гүйлгээг эрчимжүүлжээ. Мөн цаасан мөнгөний шинэтгэл хийж, 1327 онд хуучирсан цаасан мөнгийг шатааж устгах газартай болгон устгалын ажилд мужийн түшмэлийг гэрчээр оролцуулдаг журам тогтоож байв. Монголын эзэнт гүрний үед 100 гаруй удаа алт мөнгөн болон металл зоос, цаасан тэмдэгтүүдийг гүйлгээнд гарган хэрэглэжээ. Жич: Юань гүрний үед гүйлгээнд анх гаргасан цаасан мөнгөн дэвсгэрт болон Монголын эртний хаадын нэр овгийн тамгатай 52 ширхэг зоосны цуглуулгыг өнгөрсөн онд улсын санд худалдаж авсан байна. Энэ нь маш ховор дурсгал буюу 800 жилийн өмнө Хубилай хааны зарлигаар барлаж бүтээсэн мөнгөн дэвсгэрт юм.Монголчуудыг дэлхийн түүхэнд мөнгөн дэвсгэртийг анх гаргасан гэж үздэг. Үүний баталгаа болох мөнгөн тэмдэгт дэлхийд маш ховор бөгөөд олон улсын шинжээч, судлаачдын хэлж буйгаар дэлхийн дуудлага худалдаанд 200 гаруй мянган доллараар үнэлэгддэг эд ажээ. Ихээхэн элэгдэж хуучирсан ч найман зууны түүхийг ардаа эвхсэн насыг нь бодохоор энэ дайтай байгаа нь олзуурхмаар ажээ. Монгол дөрвөлжин бичиг, хятад ханзаар бичиж, хааны тамгаар баталгаажуулсан мөнгөн тэмдэгт олон зуун жилийн дараа ийнхүү төрсөн нутагтаа эргэн ирлээ.

1224-1225 онд Чингис хаан зарлиг буулган Афганистанд нүүрэн талдаа “Үнэн өлзийт ерөнхий өрлөг жанжин” нөгөө талдаа “Туйлын дээд Чингис хаан” гэж араб үсгээр бичсэн мөнгөн зоос цутгуулж гүйлгээнд оруулсан байна. Чингэс хаан улаан гахай жил буюу 1227 онд анх удаа цаасан мөнгө хэвлэн гаргасан тухай Хятадын эрдэмтэн Фэн син вей, Японы эрдэмтэн Е.Кого (Дорнод Азийн мөнгөний диллоги бичиг 1938) нар батлан бичжээ.  Мөн Энэтхэгийн соёлын академийн ерөнхийлөгч, нэрт эрдэмтэн, доктор проффессор Локеш Чандра бичихдээ: “Монгол нь эртний бичиг, соёлын их гүрэн байсны хувьд хөрш зэргэлдээ орнуудад мэдэгдэхүйц нөлөө үзүүлж байсныг түүх мартахгүй хэмээн дурсжээ.Тэрээр Монголчууд түүхэнд анх удаа цаасан мөнгө хэрэглэж эхэлсэн нь хүн төрөлхтний нийгэм эдийн засгийн харилцаанд үндсэн эргэлт гаргасан юм. Алт, мөнгө, адуу малыг цаасан мөнгөөр солино гэдэг тухайн үедээ гайхалтай хувьсгалт зүйл байлаа” гэжээ. Чингис хааны залгамжлагч хөвгүүд нь их хэргийг үргэлжлүүлж байсны дотор 1236 оны 1-р сараас эхлэн Өгөөдэй хааны зарлигаар цаасан мөнгийг дахиж хэвлэн гаргажээ. Өгөөдэй хаан 1240 онд албаны цаасан мөнгө 76 мянган нэгжийг өр төлбөр төлөхөд хэрэглэж байсан мэдээ бий.

Монгол орон Манжийн эрхшээлд орсон үед үндэсний эдийн засаг, соёл шинжлэх ухааны ололт бүхэлдээ доройтсон юм. 1911 онд Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн өрнөж, 1921 онд Ардын хувьсгал ялснаар өөрийн мөнгөний гүйлгээг шинэчлэн сэргээх боломж бүрдсэн. Тухайн үеийн Монгол улсын зах зээлд Орос, Хятадын цаасан тэмдэгт, Англи, Америк, Мексик алт мөнгөн зооснууд, цутгасан гулдмай мөнгө, хятад-манжийн юмбүү нэртэй мөнгөн цутгамал, амбан шар, атан тэмээ, агт морь, хонь мал, хадаг, цай, ангын үс зэрэг бараа товарууд зэрэгцэн арилжааны хэрэгсэл болж мөнгөн гүйлгээний эдийн засагт сөргөөр нөлөөлж байжээ. 1921 оны 3 дугаар сард үндэсний санхүүгийн системийн эх суурийг тавьж, 1924 оны 6-р сарын 2-нд Монгол-Зөвлөлтийн хувь нийлүүлсэн Монголын худалдаа аж үйлдвэрийн банк “Монгол банк”-ыг байгуулж, мөнгөн гүйлгээг цэгцэлж, нэгэн хэмжүүрт шилжүүлэх шаардлагатай байсан тул 1921 оны 8-р сард мөнгөний нэгжээр “лан”-г түр хэрэглэж бүх төрлийн тооцоог лангаар үйлдэхээр тогтоожээ. Нэг лан цэвэр мөнгөтэй хятадын мөнгөн янчаан, оросын алтан монетын нэг янчаан 42 мөнгийг тэнцүүлж, оросын мөнгөн төгрөгийг 2 лантай тэнцүүлэхээр тогтоосон байна.

1924 оны 8-р сард хуралдсан МАХН-ын III их хурлаар Монгол банкны үйл ажиллагааны тухай авч хэлэлцээд “Үндэсний мөнгөн тэмдэгт бий болгож гүйлгээнд гаргах нь чухал” хэмээн онцлон заажээ. Ийнхүү 1925 оны 2-р сарын 22-нд мөнгөний шинэчлэл хийх түүхэн тогтоол гаргаж “1.Мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд гаргах онцгой эрхийг Монголын худалдаа аж үйлдвэрийн банкинд олгох, 2.Банкны тэмдэгт цаас нь мөнгөний нэгж болох төгрөгөөр 1, 2, 5, 10, 25, 50, 100-тын дэвсгэртээр гаргах, 3.Мөнгөн тэмдэгт бүрэн баталгаатай байх, 25-аас доошгүй хувь нь үнэт металлаар, 75 хүртэл хувь нь түргэн худалдаалагдах бараа материалаар батлагдана” хэмээн заасан байдаг. Ийнхүү үндэсний мөнгөн тэмдэгтийг “төгрөг” хэмээн нэрийдэж гүйлгээнд гаргаснаас хойш эдүгээ 90 гаруй жил болж байна. Анх 900 сорьцтой, 18 грамм жинтэй цагаан мөнгөн зоосыг батлан гаргаж “төгрөг” хэмээн нэрлээд тус зоосны зэрэгцээ цаасан тэмдэгтийг батлан гүйлгээнд гаргажээ. Төгрөгийг эхлээд цалингаар дамжуулан гаргаж, дараа нь улсын хэмжээний бүх албан газруудын төсөвт зардлуудад гаргаж гүйлгээнд оруулжээ. Төгрөг гүйлгээнд гарангуутаа гадаадын мөнгөн тэмдэгтүүдийн ширүүн эсэргүүцэлтэй тулгарч байжээ. Гадаад мөнгөн тэмдэгтүүдээс эхлээд зах зээлд эзлэх жин багатай мөнгөнүүдийг гүйлгээнээс татаж авах ажлыг маш түргэн хугацаанд амжилттай хэрэгжүүлсэн байна. Хятад янчаан тоогоор олон, зах зээлд зонхилох үүрэгтэй, ард түмэн металл мөнгийг хэрэглэж заншсан, орос хятадын цаасан тэмдэгтийн ханш буурч итгэл алдсан нөхцөлд үндэсний шинэ цаасан тэмдэгтийг гүйлгээнд нэвтрүүлнэ гэдэг хүнд байв.

1925 оны байдлаар тус улсын гүйлгээний эргэлтэнд гадаад худалдаачдын нийт 20 гаруй сая мөнгөн тэмдэгт гүйлгээнд эргэлдэж байжээ. Мөнгөний шинэтгэл нь улс орны ашиг сонирхолд нийцсэн арга хэмжээ байсан учраас Монголын нийт ард түмний ухамсартай дэмжлэгийн ачаар төгрөг ба янчаан хоорондын тэмцлийн явцад янчааны ханш буурч, төгрөгийн худалдан авах чадвар дээшилж, төгрөгийн нэр хүнд, эзлэх жин түргэн өсөж зах зээлд амжилттай нэвтэрч чаджээ. Шинэ мөнгөн тэмдэгт төгрөгийг гүйлгээнд оруулснаар 6.8 сая янчаантай тэнцэх хэмжээний гадаад мөнгийг хурааж гадаадын мөнгөн тэмдэгтийн гүйлгээнд том цохилт өгсөн байдаг. 1927 он гэхэд дотоодын зах зээл дээрээс хятад янчаан бүрэн шахагдаж монгол төгрөг дангаараа үйлчлэх болжээ. Монгол банкны эрдэнэ металлын нөөц ч өсөж 4.2 дахин нэмэгдсэн байна. 1928 оны 4-р сарын 15-наас Монгол банкинд хуримтлагдсан улсын алт болон валютын нөөцөд түшиглэн төгрөгийг алтан баталгаанд оруулснаар БНМАУ-ын үндэсний валют “төгрөг” нь бат найдвартай валют болох үндэс тавигдаж 1928 оны 8-р сарын 1 гэхэд нэг төгрөг нь 51.8 америк центтэй тэнцэх болжээ. Ингэснээр мөнгөний шинэтгэл амжилттай дуусаж, төгрөг нь БНМАУ-ын мөнгөний хууль ёсны бат бэх нэгж болж чадсан байна. Улсын банк мөнгөний фондыг өргөтгөн сэлбэх зорилгоор 1939, 1941, 1955, 1996 онуудад төгрөгийг шинээр хэвлүүлэн гүйлгээнд гаргажээ.

Цаасан дэвсгэрт: Монгол улсын анхны мөнгөн тэмдэгт 1, 2, 5, 10, 25, 50, 100-тын дэвсгэртийг ЗХУ-д үйлдвэрлэж 1925 оны 1-р сарын 9-нд гүйлгээнд гаргажээ.  Уг мөнгөн тэмдэгтэд Соёмбо бэлгэдлийг үндсэн хээ болгон томоор тусгаж уйгаржин монгол үсгээр бичиж хэвлэсэн байна. Тус мөнгөн тэмдэгтэд Монгол банкны анхны дарга Микилман, нярав Большаков, гишүүдээр Амар, Шигунов, Бат-Очир, Дугар нар гарын үсэг зурж байжээ.

1939 оны мөнгөн тэмдэгтүүдийн хэмжээг өөрчлөхгүйгээр бүх дэвсгэртийн нүүрэн талд Соёмбо бэлгэдэл болон жанжин Д.Сүхбаатарын хөргийг адил хэмжээтэйгээр байрлуулж ар талыг нь угалзаар чимэглэж, бүх бичээсийг уйгаржин монгол бичгээр бичжээ. Хоёртын дэвсгэртийг гуравтын дэвсгэртээр сольж гаргасан байдаг. 1941 оны мөнгөн тэмдэгтэд нүүрэн талд байх Соёмбо бэлгэдлийг таван хошуу мал бүхий сүлдээр сольж, жанжин Д.Сүхбаатарын хөргийг хэвээр үлдээн, бичээсүүдийг нь монгол ба кирилл бичгээр үйлдэн хэвлүүлжээ.

1955 онд дэвсгэртүүдийн хэмжээг томсгож, хээг өөрчлөн бүх бичиглэлийг кирилл болгож, зураач Шибу, Д.Амгалан нарын зурсан шинэчилсэн сүлдийг оруулж, жанжин Д.Сүхбаатарын хөргийг хэвээр үлдээсэн байна. 1966 онд төгрөгийн ханшийг өөрчлөхгүйгээр дэвсгэрт бүрийн хэмжээг гүйлгээнд хэрэглэхэд тохиромжтой болгон жижигрүүлж, өнгө, зураг урлалыг цоо шинэ болгон өөрчилж Ц.Минжүүр, Д.Цэрэнпил нарын шинэчлэн батлуулсан сүлдээр чимэглэжээ. Тавьт ба зуутын дэвсгэртийн ар талд анх удаагаа Засгийн газрын ордны зургийг хэвлэсэн нь онцлог байжээ. Мөнгөн тэмдэгтийн цаасыг хуурамчаар хийгдэхээс сэргийлэн усан хээний аргаар өлзий хээг бүтээн оруулсан бөгөөд цаасны найрлагын тавны гурвыг хөвөн, тавны хоёрыг нийлэг эд эзэлж байхаар тохируулжээ. Энэ үед өмнөх мөнгөн тэмдэгтүүдийг албан ёсоор гүйлгээнээс хассан.  

1981, 1983 онд 1966 оны мөнгөн тэмдэгтийг сэлбэн хэвлүүлж, 1981 онд 20-тын дэвсгэртийг шинээр бүтээж гүйлгээнд нэмж хэрэглэсэн байна. 1993 оны шинэ Монгол улсын мөнгөн тэмдэгтийн загварыг Гавъяат зураач М.Бүтэмж, тухайн үед Монгол банкны Удирдах зөвлөлийн гишүүн байсан Г.Төмөрбаатар нар зохион бүтээж нарийвчилсан зургийг Английн мөнгөний үйлдвэрийн зураач Г.Ботвик зурсан байна. Аравтаас зуутын дэвсгэртэд жанжин Д.Сүхбаатарын хөрөг, таван зуутаас арван мянгатын дэвсгэртэд Чингис хааны хөргийг дүрсэлж хуурамчаар үйлдэхээс хамгаалсан 10 орчим хийцтэйгээр бүтээжээ. Түүхэн болон байгалийн зураг, төрийн туг, Соёмбо, үндэсний хээ угалзаар чимэглэж, 100 хувийн хөвөн цаасаар бүтээж, хуурамчаар үйлдэхээс сэргийлэн усан хээ, металл утас, байнга давхцах дүрс, микро үсгэн шугам, хэт ягаан туяанд тодрох дүрс, гарт тэмтрэгдэх товгор хээ, бүх төрлийн хувилагч болон скайнераар хувилахад тодрохгүй ба хувилагдахгүй байх дүрс, гэрлийн ойлтоос тодорч харагдах дүрс зэрэг  нууц тусгай хийцийг оруулан бүтээсэн байна.

2002 онд дахин хэвлүүлсэн арван мянгатын дэвсгэртэд хамгийн сүүлийн үеийн нууц хийц болох өнгө сольж гялалздаг “колограмм” хийцийг оруулжээ. Шинэ мөнгөн тэмдэгтийн дэвсгэртүүд дээр Монгол банкны Ерөнхийлөгч Д.Моломжамц гарын үсэг зурсан. 1998 онд гүйлгээнд гарсан мянгатын дэвсгэрт дээр Монгол банкны ерөнхийлөгч Ж.Үнэнбат гарын үсэг зурж, 2000 оноос хойш гадаадад хэвлүүлж буй дэвсгэртүүдэд Монгол банкны ерөнхийлөгч О.Чулуунбат гарын үсгээ зуржээ. 2006 онд анх Хорин мянгатын дэвсгэртийг гүйлгээнд оруулсан ба есөн төрлийн нууцлал болон таних тэмдэгтэйгээр үйлдвэрлэгджээ. Налуугаас харахад дөрвөн морьтон баатрын дүрс, дэвсгэр өнгө нь дөрвөн хэсэгт тодордог, дэвсгэр зургийн зүүн доод талын босоо хэвтээ ирмэгийн дагуу “Mongolbank” хэмээн маш жижгээр бичсэн, 20000 гэсэн тоо нь бусад дэвсгэртийнхээс илүү товгор, гурван мм өргөнтэй тасалдаж харагдах металл утсан дээр Соёмбо дүрс нэмж солигдож харагддаг байдалтайгаар хэвлэжээ. Гүйлгээнд байгаа дэвсгэртүүдийг төв орон нутгийн банкны бүх байгууллага шалган тогтоож, муудсан мөнгөн тэмдэгтийг Төв банкинд татан авч тусгай комиссын хяналттайгаар шалгаж зориулалтын машинаар хигэж үртэс болгон устгадаг.


Зоосон мөнгө: Зоосон мөнгийг 1925, 1937, 1945 онд Зөвлөлт Холбоот Улсад, 1959 онд Хятад улсад хэвлүүлж гүйлгээнд гаргасан бөгөөд 1970 оноос хойш жилийн хэрэгцээгээр жил бүр өөрсдөө үйлдвэрлэн гүйлгээнд гаргаж байжээ. 1925 онд 10, 15, 20, 50 мөнгөний зоос, 1937 онд 10, 15, 20 мөнгөний зоосыг цэвэр цагаан мөнгөөр цутгаж гүйлгээнд гаргаж байв. 1959 онд 1, 2, 5 мөнгөний голдоо нүхтэй зоосыг хөнгөнцагаанаар хийлгэж нэвтрүүлжээ. 1970 оноос хойш нэг төгрөгний зоосыг Маркс, Сүхбаатарын хөрөгтэйгөөр, Соёмбо, Сансрын бэлгэ тэмдэг зэрэг 8 төрлийн зураг дүрстэйгээр хэвлэж гаргажээ. Мөн БНМАУ тунхагласны 50 жилийн ойд зориулан цагаан мөнгөн зоос, Улсын банк байгуулагдсаны 50 жилийн ойгоор 10 төгрөгний зоосон мөнгө, 1996 онд 20, 50, Жанрайсиг сүмийн зурагтай 100 төгрөгний зоос, Засгийн газрын ордны дүрстэй 200 төгрөгний зоосон мөнгө, 2001 онд Ардын хувьсгалын 81 жилийн ойгоор Д.Сүхбаатарын хөрөгтэй 500 төгрөгний зоосон мөнгийг тус тус гаргаж байжээ. Эдүгээ зоосон мөнгийг гүйлгээнээс хассан бөгөөд тусгай нөхцөл байдалд дурсгалын зоосыг цөөн тоогоор бүтээлгэдэг.

Орчин үед “Coin invest trust” компанитай байгуулсан гэрээний хүрээнд “Бүргэд” мөнгөн зоос, “Чингис хаан” алтан зоос, “John F Kennedy” алтан ба мөнгөн зоос, “Морь” алт ба алтадсан мөнгөн зоос, “Чингис хаан” мөнгөн ба өнгөт мөнгөн зооснуудыг хэвлүүлж олон улсын зоос цуглуулагчдын зах зээлд гаргаад байна. Энэхүү гэрээний тайлант хугацаанд эдгээр зооснуудын борлуулалтын орлогоос Монгол банкинд багагүй хувь оруулжээ. Мөн Олон улсын үзэсгэлэнгээс Монголын зооснууд шагнал хүртсэний дотор “Нохой зээх” цэвэр мөнгөн зоос нь Берлинд болсон Дэлхийн мөнгөний үзэсгэлэнгээс олон улсын шагнал “Оны шилдэг зоос (coin of the year)”, мөн “Шилдэг мөнгөн зоос (Best silver coin of the year)” шагналуудыг хүртсэн бол “Хув ууль” цэвэр мөнгөн зоос нь “Хамгийн алдартай зоос” (Most popular coin), Москва хотод болсон Олон улсын дурсгалын зоосны YI уралдаанаас “Оны шилдэг мөнгөн зоос” төрөлд 3 дугаар байрын шагналыг тус тус хүртжээ.

Эх сурвалж: Монгол орны лавлах

Та аялал, амралтын талаарх  илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0