МОНГОЛЫН АГААРЫН ХҮЧИН ҮҮССЭН ТҮҮХ

МИАТ компаний түүх: Монголын агаарын хүчний үүсэл хөгжил нь МИАТ компаний үүсэлтэй салшгүй холбоотой ба ЗХУ-аас Монгол улсад бэлэглэсэн Германы зохион бүтээгч Гүго-гийн загвараар зохиосон ачаа тээврийн Ю-13 онгоц анх 1925 оны 5-р сарын 25-ны өдөр Монголд газардсанаар Монголын агаарын хүчин байгуулагдсан өдөр гэж албан ёсоор үздэг. 1946 онд Иргэний агаарын тээврийн тасаг 7 дээд зэрэглэлийн онгоц, ПО-2 хэмээх 1 онгоцтойгоор байгуулагдан Дундговь аймгийн Сайншанд, Өндөрхаан болон Сүхбаатар аймгуудад дотоодын иргэний агаарын тээврийн үйлчилгээг үзүүлж эхэлсэн түүхтэй. Түүнчлэн БНМАУ-ын Сайд нарын зөвлөл 1946, 1947 онуудад "Ард түмний агаарын шуудангийн дүрэм" болон "Агаарын шуудангийн онгоцны сүлд тэмдэгийг баталсан тухай"  27, 32 тоот тогтоолуудыг тус тус гаргажээ.

Анхны иргэний агаарын тээврийн тасаг нь Улаанбаатараас хамгийн ойрын аймгууд болох Сэлэнгэ, Булган, Архангай, Өвөрхангай, Хэнтий, Сүхбаатар, Чойбалсан зэрэг аймгуудад шууд нислэг үйлдэхээс гадна алслагдсан аймгуудад шуудангийн хуваарьт бус, хязгаарлагдмал тоотой чартер нислэгүүдийг зохион байгуулж байсан юм. Улс орны хөгжил, соёл шинжлэх ухааны хурдацтай өөрчлөлт шинэчлэлт нь иргэний агаарын тээврийн салбар, шинэ технологи, онгоцны нийлүүлэлтийг цаашид сайжруулж, боловсон хүчнийг бэлдэж сургахыг шаардсан ажээ.

1955 онд хамгийн анхны бэлтгэл оюутнууд Оросын Эрхүү хотын Иргэний агаарын сургуульд АН-2 онгоцны нисэх багийн сургалтанд явсан ба Г.Раднаа, Д.Жамбалдорж, А.Доржсүрэн нар нисгэгч, С.Нэргүй болон Т.Самдан нар механикаар бэлтгэгдсэн юм.

1956 он нь Монголын иргэний агаарын тээврийн хөгжилд шинэ эриний эхлэл болсон он юм. Учир нь 1956 оны эхээр Зөвлөлт Холбоот Улсаас  АН-2 онгоц 5 хүргэгдэн ирсний зэрэгцээ нисгэгчдийн бэлтгэл сургууль амжилттай дуусч Монголын ард түмнийг хуваарьт нислэгийн үйлчилгээгээр хангах боломжтой болсон юм. 1958 оны байдлаар АН-2 онгоц 14, ИЛ-14 онгоц 7, нийт 21 иргэний агаарын тээврийн онгоцтой байсан ба нийт 11605 зорчигч мөн 363700 кг ачаа, шуудан тээвэрлэсэн байв. 1970 он гэхэд Монголын иргэний агаарын тээврийн МИАТ компани нь аймаг, сум, нэгдлийн төв зэрэг дотоодын 130 газарт буюу нийт нислэг үйлддэг газрынхаа 80 хувьд үйлчилгээгээ хүргээд байсан билээ.

Тэр үед Монголын иргэний агаарын тээврийн МИАТ компани нь долоо хоногт 4-6 удаа Улаанбаатараас аймгуудын төв рүү, 2-3 удаа аймгийн төвөөс сумын төв рүү нислэг үйлдэж байсан ба нийт зорчигчдын 30 хувь нь сумын төвүүд болон аймгийн төвүүдийн хооронд, 70 хувь нь Улаанбаатараас аялж байсан юм. 1966-1970 оны хооронд компаний боловсон хүчин өндөр мэргэшсэн ба онгоцны парк хоёр дахин ихэссэн юм. Түүнээс гадна Өвөрхангай, Хөвсгөл аймгууд дахь нисэх буудлууд газардлагын болон шөнийн нислэгийн гэрэлтүүлгийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон байна. Маршрут шинэчлэгдсэнээр нислэгийн замын нийт урт 60 хувиар нэмэгдсэн юм.

1987 он бас нэгэн онцлог жил болжээ. Монголын иргэний агаарын тээврийн МИАТ компани ЗХУ-аас ТУ-154 онгоц түрээслэн авч гадаадын нислэг үйлдэж эхэлсэн бөгөөд Оросын Москва, Иркутск болон Хятадын Бээжин хотуудад төлөөлөгчийн газруудаа нээжээ. Иргэний агаарын тээврийн хөгжил, Монголын гадаад харилцааны хүрээ тэлсэн явдал мөн олон улсын стандартын шаардлагыг хангасан нислэг үйлдэх шаардлагууд нь Монголын иргэний агаарын тээврийн байгууллагыг бүтцийн өөрчлөлт хийхэд хүргэсэн ба 1993 онд Зам тээвэр харилцаа холбооны яам 180 тоот тушаал гаргаж МИАТ-д бүтцийн өөрчлөлт хийн бие даасан, улсын өмчийн Монголын Иргэний Агаарын Тээврийн Компани болгосон юм.

1993 онд МИАТ компани АН-24 онгоц 12, АН-26 онгоц гурав, Ю-12 онгоц тав, АН-2 онгоц 45, Б-727 онгоц нэг, ТУ- 154 онгоц нэг, АН-30 онгоц нэг буюу нийт 68 онгоц бүхий парктай болсон байлаа. 1994 оны зургадугаар сард Солонгос улсаас 2 ширхэг Б-727онгоц худалдан авснаар олон улсын нислэгийг өөрийн онгоцоор үйлдэх боломжтой болсон юм. Олон улсын үйл ажиллагаа өргөжин тэлж 1990 онд тус компани нь бүртгэлийн СИТА системийн гишүүн, мөн 1996 онд Олон Улсын Агаарын Тээврийн Холбоо буюу ИАТА-ийн гишүүн тус тус болжээ.

1998 оны 5 дугаар сард тус компани нь олон улсын болон дотоодын нислэгийн паркт шинэчлэлт хийх төслийн хүрээнд, олон улсын агаарын тээврийн удирдлагын дуу чимээний шаардлагад нийцүүлэх зорилгоор 1 ширхэг А310-300 онгоцыг Airbus Industry Financial Service (Аэробусны Санхүүгийн Үйлчилгээ) байгууллагаас зээлээр авсан юм.





2002 оны 7 дугаар сард GATX –аас Б737-800 онгоцыг үйл ажиллагааны зээлээр авсан ажээ.  

Эх сурвалж: Монгол орны лавлах

Та аялал, амралтын талаарх  илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.



Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0