1200 ЖИЛИЙН ӨМНӨХ ЦЭВЭР УСНЫ ХУДАГ

744-840 оны хооронд оршиж байсан Уйгарын хаант улсын нэг хот Хар балгасын туурь эдүгээ Архангай аймгийн Хотонт суманд бий. Монгол-Германы хамтарсан “Орхон” шинжилгээний анги 2018 оны малтлагаар цэвэр усны худаг олсон нь гайхалтай нээлт болов. Эрдэмтэн Хендрик Роланд “археологич хүний амьдралд ховор тохиолдох гайхамшигт олдвор” хэмээн онцолсон бол судлаач Кристина Франкен “Монголын түүхийн судалгаанууд ус чийгтэй орчинд хийгдсэн бараг л анхны тохиолдол” хэмээн тодотгосон.


Худаг 12м орчим гүн, доторлогооны модон байгууламж маш сайн хадгалагдсан, тув тунгалаг, цэв хүйтэн устай. Ёроолын усан дотроос нангиад бичээстэй хүрэл хонх, хэд хэдэн ваар, алтадсан төмөр цоож, гантиг чулуун арслангийн үлдэгдэл олдсон. Хүрэл хонхноос гарах жингэнэсэн чимээ судлаачдад гайхалтай сэтгэгдэл төрүүлжээ. Вааран дээр Уйгарын хааны ургийн тамгыг сийлсэн байсан, харин хонхон дээр “тухайн хонхныхоо жингэнэн дуугарах дуу чимээг магтан дуулсан шүлэг бүхий мөртүүд” байсан аж. Мөн худагийн нойтон шавар дотроос нарийн сийлбэртэй модон эдлэлүүд, гялалзсан хар өнгөтэй шилмүүст модны навч зэргийг цоолборлож хээлсэн метр гаруй урттай модон шонгийн хоёр хугархай гарсан нь хадгалалтын хувьд гайхалтай олдвор төдийгүй Уйгарын хаант улсын соёл, нүүдэлчдийн гар урлалын өндөр ур чадварыг харуулсан чухал дурсгалууд болсон юм.

Хар балгасын ордон хэмээгдэх цайзын барилга нь 35м.кв талбайтай бөгөөд Уйгарын 2 дахь хаан YIII зууны дунд үед бариулжээ. Эдүгээ хотын хэрмийн овгор нь ойролцоогоор 12 метр өндөр бөгөөд шавар шороо үелүүлэн дэлдэж хийсэн тавцантай, голдоо задгай хүрээ бүхий, харин төв хэсэгт нөгөө цэвэр усны худаг бий.  

100 орчим жил оршсон Уйгарын хотуудыг Киргизүүд довтлон шатааснаар тус хот үнс нурманд дарагдан 1200 жил өнгөрсөн ч ийнхүү үлдэж чаджээ. Уйгар улс оршин байх цаг үед Тан улс доройтож байсан бөгөөд үе үе Уйгар улсаас цэргийн тусламж авдаг байв. Эл байдлыг ашиглан уйгарчууд хүчээ зузаатган, баян тансагийг хөгжүүлж, Байгаль далайгаас Дорнод Туркестаны цөл газар хүртэл уудам дэлгэр оршиж, Торгоны замаас ашиг хүртэн, хөл хөдөлгөөнд умбаж байжээ.

Газар дор 1200 жил дараастай байсан тус худаг нь хоногт 20 тонн ус гаргах хүчин чадалтай ба хотын чухал хэсэгт байрлаж байсан нь тухайн цаг үед хотын хүмүүсийг ган гачиг, дайн тулааны бүслэлт зэргээс аврах тактикийн шинжтэй гэж эрдэмтэд дүгнэсэн.  

Малтлагад Монголын талыг археологич, доктор, профессор У.Эрдэнэбат ахалж, МУИС, ШУА-ийн түүх, археологийн судлаачид оролцсон бол худагийн ёроолоос олдсон тэдгээр олдворуудыг Япон улсын Соёлын өвийн сэргээн засварлах төв хариуцаж байгаа аж.

ТОО
0
0
0