МОНГОЛ УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ТУХАЙ ХУУЛЬ

I бүлэг. Нийтлэг үндэслэл

Нэгдүгээр зүйл. Хуулийн зорилт 
Хоёрдугаар зүйл. Аялал жуулчлалын тухай хууль тогтоомж
Гуравдугаар зүйл. Хуулийн нэр томъёо

II бүлэг. Аялал жуулчлалын байгууллага
Дөрөвдүгээр зүйл. Аялал жуулчлалын байгууллага, түүний ангилал 
Тавдугаар зүйл. Дээд зэрэглэлийн зочид буудлын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл 
Зургадугаар зүйл. Тусгай зөвшөөрөл олгох, түүнийг олгохоос татгалзах үндэслэл
Долдугаар зүйл. Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах, хүчингүй болгох 
(6, 7 дугаар зүйлийг 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болгосон)
Наймдугаар зүйл. Аялал жуулчлалын байгууллагын бүрэн эрх 
Есдүгээр зүйл. Аялал жуулчлалын гэрээ
Аравдугаар зүйл. Жуулчны үйлчилгээний байгууллага
Арваннэгдүгээр зүйл. Аялал жуулчлалыг төрөөс хөхүүлэн дэмжих

III бүлэг. Хөтөч-тайлбарлагч
Арван хоёрдугаар зүйл. Хөтөч-тайлбарлагчид тавих шаардлага
Арван гуравдугаар зүйл. Хөтөч-тайлбарлагчийн эрх, үүрэг

IY бүлэг. Аялал жуулчлалын талаархи төрийн байгууллагын бүрэн эрх
Арвандөрөвдүгээр зүйл. Аялал жуулчлалын талаархи Засгийн газрын бүрэн эрх 
Арван тавдугаар зүйл. Аялал жуулчлалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын тогтолцоо 
Арван зургадугаар зүйл.  Аялал жуулчлалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх
Арвандолдугаар зүйл. Аялал жуулчлалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх  (Энэ заалтыг 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон)
Арваннаймдугаар зүйл. Бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын бүрэн эрх

Y бүлэг. Аялал жуулчлалын сан
Аялал жуулчлалын сан (Энэ бүлгийг 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон)

YI бүлэг. Аялал жуулчлалын үйл ажиллагаанд тавих хяналт, хүлээлгэх хариуцлага
Хорин хоёрдугаар зүйл. Аялал жуулчлалын үйл ажиллагаанд тавих хяналт
Хорин гуравдугаар зүйл. Аялал жуулчлалын улсын байцаагчийн эрх, үүрэг 
Хорин дөрөвдүгээр зүйл. Аялал жуулчлалын тухай хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

 

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ТУХАЙ ХУУЛЬ


2000 оны 5 дугаар сарын 05-ны өдөр                                                               Улаанбаатар хот

 

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. Нийтлэг үндэслэл
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1 Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр аялал жуулчлалыг хөхүүлэн дэмжих, аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэх, жуулчны үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино.


2 дугаар зүйл. Аялал жуулчлалын тухай хууль тогтоомж
2.1 Аялал жуулчлалын тухай хууль тогтоомж нь Иргэний хууль 1, Газрын тухай 2, Байгаль орчныг хамгаалах тухай 3, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль 4 болон энэ хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.


2.2
Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.


2.3
Улсын тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулахаар бол түүнтэй холбогдсон харилцааг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар зохицуулна.


3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёо

3.1 Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно.

  • 3.1.1 “аялал жуулчлал” гэж хувь хүн өөрийн байнга оршин суудаг газар нутгаасаа нэгээс 183 хүртэлх хоногийн хугацаагаар амралт, сувилал, танин мэдэхүйн зорилгоор болон шашин шүтлэг, ажил мэргэжлийн шугамаар өөр газар нутагт аялан явахыг, 
  • 3.1.2 “аялал жуулчлалын байгууллага” гэж аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг бүрдүүлэх, сурталчлах, худалдах, худалдан авах, аялал жуулчлалын багц буюу тухайлсан үйлчилгээг зохион байгуулж байгаа ашгийн төлөө хуулийн этгээдийг, 
  • 3.1.3 “аялал жуулчлалын бүс нутаг” гэж Монгол Улсад аялал жуулчлал хөгжүүлэхэд тохирсон байгаль, түүх, соёлын нөөц бүхий газар нутгийг, 
  • 3.1.4 "аялал жуулчлалын бүтээгдэхүүн” гэж аялал жуулчлалын байгууллагаас үзүүлж байгаа жуулчдын сонирхлыг татах, тэдний аялах тав тухтай нөхцөлийг хангасан төлбөрт үйлчилгээг, 
  • 3.1.5 “жуулчин” гэж аялал жуулчлал хийж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг, 
  • 3.1.6 “жуулчны үйлчилгээний байгууллага" гэж зочид буудал, жуулчны бааз, зоогийн газар, амралт сувилал, тээвэр, холбоо, үзвэрийн зэрэг үйлчилгээг жуулчинд үзүүлж байгаа байгууллагыг, 
  • 3.1.7 “хөтөч-тайлбарлагч” гэж аялал жуулчлалын хөтөлбөрийн дагуу жуулчинд газарчлан, орчуулга, тайлбар хийх хувь хүнийг, (Энэ заалтад 2001 оны 11 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар орсон өөрчлөлтийг тусгав.)
  • 3.1.8 “дээд зэрэглэлийн зочид буудал” гэж зочид буудлын цогц үйлчилгээний жишиг шаардлагын 3 ба түүнээс дээш од бүхий зэрэглэлийг хангасан үйлчилгээний байгууллагыг,  (Энэ заалтыг 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн.)

 

ХОЁРДУГААР БҮЛЭГ. Аялал жуулчлалын байгууллага
4 дүгээр зүйл. Аялал жуулчлалын байгууллага, түүний ангилал
4.1 Аялал жуулчлалын байгууллага нь дараахь үйл ажиллагаа эрхэлнэ.

  • 4.1.1 Аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг төлөвлөх, бүрдүүлэх, сурталчлах, бөөнөөр болон жижиглэнгээр худалдах, аялал зохион байгуулах,
  • 4.1.2 Виз авахтай холбогдсон болон аяллын бусад бичиг баримтын бүрдүүлэлт хийх,
  • 4.1.3 Онгоц, төмөр зам болон тээврийн хэрэгслээр зорчих билет /тийз/-ийн захиалга хийх, билет /тийз/ худалдах, худалдан авах, 
  • 4.1.4 Зочид буудал, жуулчны бааз, байр, үзвэрийн захиалга хийх, 
  • 4.1.5 Жуулчныг угтан авах, үйлчлэх, үдэн гаргах ажлыг зохион байгуулах, 


4.2
Аялал жуулчлалын байгууллагыг туроператор, турагент гэж ангилна. 

  • 4.2.1 Туроператор нь энэ хуулийн 4.1.1-4.1.5-д заасан үйл ажиллагаа эрхэлнэ. 
  • 4.2.2 Турагент нь энэ хуулийн 4.1.2-4.1.5-д заасан үйл ажиллагааг бүхэлд нь, эсхүл түүний тодорхой хэсгийг, түүнчлэн туроператорын бүтээгдэхүүнийг зуучлан худалдах, худалдан авах үйл ажиллагаа эрхэлнэ.


5 дугаар зүйл. Дээд зэрэглэлийн зочид буудлын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл
5.1 Дээд зэрэглэлийн зочид буудлын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг аялал жуулчлалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгоно. (Энэ заалтад 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон.)


5.2 Дээд зэрэглэлийн зочид буудлын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүсэгч нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас гадна дараахь бичиг баримт бүрдүүлнэ.

  • 5.2.1 Дээд зэрэглэлийн зочид буудлын барилгын архитектур төлөвлөлт, техник, технологийн болон инженерийн системийн М1:100 ба М1:200 масштабын тойм зураг, холбогдох хяналтын байгууллагын дүгнэлт, 
  • 5.2.2 Дээд зэрэглэлийн зочид буудлын барилгын стандарт, ангилал, зэрэглэл, техник, технологийн талаар гаргасан шинжээчийн дүгнэлт, 
  • 5.2.3 Дээд зэрэглэлийн зочид буудлын зэрэглэл тогтоох комиссын дүгнэлт.


5.3 Дээд зэрэглэлийн зочид буудлын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн талаарх энэ хуулиар зохицуулаагүй бусад харилцааг “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуул”-иар зохицуулна. (Энэ зүйлийг 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан)


6 дугаар зүйл. Тусгай зөвшөөрөл олгох, түүнийг олгохоос татгалзах үндэслэл 

6.1 Дараах шаардлага хангасан нөхцөлд тухайн этгээдэд аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоно. 

  • 6.1.1 Аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулахад шаардагдах ажлын байр, техник хэрэгслээр хангагдсан байх,
  • 6.1.2 Аялал жуулчлалын мэргэжил эзэмшсэн, эсхүл аялал жуулчлалын байгууллагад 3 ба түүнээс дээш жил удирдах ажил эрхэлж байсан бөгөөд аялал жуулчлалын мэргэжлийн сургалтанд хамрагдан гэрчилгээ авсан зохих түвшний удирдах ажилтантай байх,  


6.2 Энэ хуулийн 5.2-д заасан эрх бүхий этгээд нь өргөдөл, баримт бичгийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тусгай зөвшөөрөл олгоно. 

6.3
Энэ хуулийн 5.4,  6.1-д заасан шаардлага хангаагүй этгээдэд тусгай зөвшөөрөл олгохоос татгалзана. 

6.4 Тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэрийн талаар шүүхэд гомдол гаргаж болно. 


7 дугаар зүйл. Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах, хүчингүй болгох 
7.1 Тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх хугацаа 2 жил байна. 

7.2 Тур оператор, тур агент нь тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх хугацааг сунгуулах хүсэлтээ уг хугацаа дуусахаас ажлын 30-аас доошгүй өдрийн өмнө аялал жуулчлалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гаргана. 

7.3 Тур оператор, тур агент нь тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх хугацаанд энэ хуулийн 6.1-д заасан шаардлага хангасан, жуулчдаас үйл ажиллагаатай нь холбогдсон гомдол гаргаагүй бол тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилээр сунгана. 

7.4 Үйл ажиллагаа нь тогтмолжиж, цаашид аялал жуулчлалын үйл ажиллагаа дагнан эрхлэх байгууллагад байнгын тусгай зөвшөөрөл олгож болно. 

7.5 Дараах тохиолдолд тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх хугацааг сунгахаас татгалзах буюу тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно. 

  • 7.5.1 Зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулж байх явцдаа энэ хуулийн 6.1-д заасан шаардлагыг удаа дараа зөрчсөн.
  • 7.5.2 Өөрийн гэм буруутай үйлдлийн улмаас жуулчдад удаа дараа буюу их хэмжээний хохирол учруулсан, эсхүл уг байгууллагын үйл ажиллагааны талаар жуулчдаас удаа дараа үндэслэл бүхий гомдол гаргасан.
  • 7.5.3 Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох талаар бусад хуульд заасан үндэслэл байвал,


7.6 Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан буюу зөвшөөрлийг хүчингүй болгосон шийдвэрийн талаар шүүхэд гомдол гаргаж болно. ( 6, 7 дугаар зүйлийг 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болгосон)


8 дугаар зүйл. Аялал жуулчлалын байгууллагын бүрэн эрх
8.1 Аялал жуулчлалын байгууллага нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

  • 8.1.1 Аялал жуулчлалын байгууллага нь энэ хуулийн 4.2-т заасан ангилалд нийцүүлэн үйл ажиллагаа явуулах, 
  • 8.1.2 Аялал жуулчлалын бүтээгдэхүүнээ өөрийн нэрийн өмнөөс сурталчлах, худалдах, худалдан авах, 
  • 8.1.3 Тухайн жилд үйлчлүүлсэн жуулчдын талаархи судалгааг тогтоосон журмын дагуу аялал жуулчлалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргаж өгөх,  (Энэ заалтад 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон)
  • 8.1.4 Монгол Улсын нийгэм, эдийн засаг, төрийн байгуулалт, түүх соёл, ёс заншил, зан үйлийн талаар жуулчдад үнэн бодит мэдээлэл өгөх, 
  • 8.1.5 Байгаль, түүх, соёлын нэн ховор зүйлсийг хайрлан хамгаалахад өөрийн зүгээс шаардагдах арга хэмжээ авах, гарсан зөрчлийн талаар холбогдох байгууллагад мэдэгдэх, 
  • 8.1.6 Аялал жуулчлалын үйлчилгээний ажилтнуудаа мэргэжлийн сургалт, дамжаанд хамруулж байх, 
  • 8.1.7 Аялал жуулчлалын бүтээгдэхүүнийхээ үнэ тарифыг тогтоох, 
  • 8.1.8 Аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагуудтай гэрээ байгуулах, 
  • 8.1.9 Жуулчдад мэргэжлийн хөтөч-тайлбарлагчаар үйлчлэх, 
  • 8.1.10 Эрх бүхий байгууллагаар зэрэглэлээ тогтоолгох, (9, 10 дахь заалтыг 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн)


8.2 Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах, байгаль орчинд сөрөг нөлөөгүй, хүн амын эрүүл мэнд, уламжлалт зан заншилд харшлахгүй аялал жуулчлалын хэлбэрийг хөгжүүлнэ.


9 дүгээр зүйл. Аялал жуулчлалын гэрээ
9.1 Тур оператор буюу тур агент нь аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулна.


9.2 Аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлэхтэй холбогдсон харилцааг Иргэний хуулийн 370-379 дүгээр зүйл, энэ хууль, аялал жуулчлалын байгууллага жуулчинтай байгуулсан гэрээгээр зохицуулна. Гэрээнд дараахь нөхцөлийг тусгана. (Энэ хэсгийг 2002 оны 7 дугаар сарын 4-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан.)

  • 9.2.1 Гэрээний талуудын албан ёсны нэр, хаяг, улсын бүртгэлийн гэрчилгээний дугаар, банкны дансны дугаар, (Энэ заалтад 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар орсон өөрчлөлтийг тусгав)
  • 9.2.2 Жуулчдын бүрэлдэхүүн, аяллын хөтөлбөр, тэдгээртэй холбогдсон мэдээлэл,
  • 9.2.3 Аялал жуулчлалын бүтээгдэхүүний чанар, үнэ, түүнийг төлөх журам,
  • 9.2.4 Аяллын хугацаа, жуулчдыг угтах, үдэх журам, талуудын эрх, үүрэг,
  • 9.2.5 Жуулчдаас үйлчилгээний талаар гомдол гаргах, маргааныг хянан шийдвэрлэх журам.


9.3 Аялал жуулчлалын гэрээний үүргийг гүйцэтгэх, гэрээг цуцлах, өөрчлөх, хүчин төгөлдөр бус гэж тооцоход Иргэний хуулийн холбогдох заалтыг мөрдөнө.


10 дугаар зүйл. Жуулчны үйлчилгээний байгууллага
10.1 Жуулчны үйлчилгээний байгууллага нь дараахь шаардлагыг хангаж ажиллана.

  • 10.1.1 Тухайн үйлчилгээний стандарт, зэрэглэлд тавигдах шаардлагын дагуу үйл ажиллагаа явуулах, 
  • 10.1.2 Үйлчилгээнийхээ үнэ тарифыг олгогдсон зэрэглэлийн дагуу тогтоох, ил тод байрлуулах, 
  • 10.1.3 Нийтийн гэрээний нөхцөлөө дараагийн хуанлийн жил эхлэхээс З-аас доошгүй сарын өмнө зарлах, 
  • 10.1.4 Байгууллагынхаа оноосон нэр, зэрэглэл, жуулчин хүлээн авах эрхийг тодорхойлсон гэрчилгээг ил байрлуулах, 
  • 10.1.5 Аялал жуулчлалын байгууллагатай байгуулсан гэрээний дагуу жуулчдад үйлчлэх, тэднээс үйлчилгээний хөлсийг давхардуулж авахгүй байх, 


10.2 Дээд зэрэглэлийн зочид буудал болон жуулчны баазын зэрэглэл тогтоох журмыг аялал жуулчлалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална. (Энэ хэсгийг 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан)

10.3 Жуулчны үйлчилгээний байгууллага энэ хуулийн 4.1-д заасан үйл ажиллагаа явуулахыг хориглоно.


11 дүгээр зүйл. Аялал жуулчлалыг төрөөс хөхүүлэн дэмжих
11.1 Төрөөс экспортын үйлдвэрлэлд үзүүлэх дэмжлэг, хөнгөлөлтөд аялал жуулчлалын байгууллага, зочид буудлын гадаадын жуулчдад үзүүлсэн үйлчилгээ нэг адил хамаарна.


11.2 Аялал жуулчлалын салбарт хөрөнгө оруулалт хийсэн иргэн, хуулийн этгээдэд татварын хөнгөлөлт үзүүлэх асуудлыг татварын холбогдох хууль тогтоомжийн дагуу зохицуулна.

11.3 Энэ хуулийн 14.1.1-д заасны дагуу байгуулсан аялал жуулчлалын бүс нутгийг хөгжүүлэх зорилгоор зарласан уралдаанд төсөл нь шалгарсан этгээдэд төслөө хэрэгжүүлэхэд зориулж төрөөс зохих санхүүжилтийг гэрээний үндсэн дээр олгож болно.



ГУРАВДУГААР БҮЛЭГ. Хөтөч-тайлбарлагч
12 дугаар зүйл. Хөтөч-тайлбарлагчид тавих шаардлага
12.1 Дараахь шаардлагыг хангасан хувь хүн хөтөч-тайлбарлагчийн үйлчилгээ үзүүлж болно. 

  • 12.1.1 Монгол Улсын иргэн байх, 
  • 12.1.2 Нэг буюу түүнээс дээш гадаад хэл эзэмшсэн, хөтөч-тайлбарлагчийн сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан, эрх бүхий байгууллагаар хөтөч-тайлбарлагчийн ангилал, зэрэглэлээ тогтоолгосон байх, (Энэ заалтад 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон)
  • 12.1.3   Хөтөч-тайлбарлагчийн үйлчилгээ үзүүлэхэд эрүүл мэндийн хувьд  тэнцсэн байх.


12.2
Аялал жуулчлалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь энэ хуулийн 12.1-д заасан шаардлагыг хангасан хувь хүний хөтөч-тайлбарлагчийн ангилал, зэрэглэлийг тогтооно. (Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар өөрчилсөн орсон)


13 дугаар зүйл. Хөтөч-тайлбарлагчийн эрх, үүрэг
13.1 Хөтөч-тайлбарлагч нь дараах эрх, үүрэгтэй.

  • 13.1.1 Аялал жуулчлалын тухайн байгууллагаас баталсан хөтөлбөрийн дагуу жуулчдад үйлчлэх, тэдний аюулгүй байдлыг урьдчилан сэргийлж, хангуулах, 
  • 13.1.2 Жуулчдад үйлчилж байх хугацаандаа аялал жуулчлалын тухайн байгууллага болон өөрийн нэр бүхий хөтөч-тайлбарлагчийн тэмдгийг ил зүүх, 
  • 13.1.3 Монгол Улсын нийгэм эдийн засаг, төрийн байгуулал, байгаль, түүх, соёл, ард түмний зан заншлын талаар жуулчдад бодит мэдээлэл өгөх, улс, хувь хүн, байгууллагын нууцад хамаарах мэдээллийн нууцыг задруулахгүй байх, 
  • 13.1.4 Үйлчилгээнийхээ явцад өөрийн буруугаас жуулчинд болон аялал жуулчлалын тухайн байгууллагад учруулсан хохирлыг арилгах, 


13.2 Хөтөч-тайлбарлагч нь жуулчдаас шан харамж шаардах, аялал жуулчлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно. (Энэ хэсгийг 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан.)



ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ. Аялал жуулчлалын талаархи төрийн байгууллагын бүрэн эрх
14 дүгээр зүйл. Аялал жуулчлалын талаархи Засгийн газрын бүрэн эрх
14.1 Засгийн газар аялал жуулчлалын талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

  • 14.1.1 Монгол Улсад аялал жуулчлал хөгжүүлэх бүс нутгийг улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн бодлоготой уялдуулан тогтоох, 
  • 14.1.2 Аялал жуулчлалын талаар төрөөс явуулах нэгдсэн бодлогыг хэрэгжүүлж, холбогдох хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах,
  • 14.1.3 Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр батлах, 
  • 14.1.4 (энэ заалт хүчингүй болсон)
  • 14.1.5 Аялал жуулчлалын салбарт гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг хөхүүлэн дэмжих, зохистой харьцааг бий болгох, 
  • 14.1.6   (энэ заалт хүчингүй болсон)
  • 14.1.7 Аялал жуулчлалын тухай хууль тогтоомжийн биелэлтэд тавих хяналтыг хэрэгжүүлэх, аялал жуулчлалын улсын хяналтын дүрмийг батлах,


15 дугаар зүйл. Аялал жуулчлалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын тогтолцоо
15.1 Аялал жуулчлалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын тогтолцоо нь аялал жуулчлалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Ерөнхий сайдын дэргэдэх аялал жуулчлалын зөвлөл болон орон нутгийн аялал жуулчлалын асуудал эрхэлсэн нэгж (ажилтан)-ээс тус тус бүрдэнэ. (Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар өөрчилсөн орсон)


15.2
Аялал жуулчлалын зөвлөл нь (цаашид “Зөвлөл” гэх) аялал жуулчлалын талаархи төрийн нэгдсэн бодлого боловсруулах болон хэрэгжүүлэх асуудлаар Ерөнхий сайдад зөвлөгөө өгөх, санал дүгнэлт гаргах үүрэгтэй.

15.3 Зөвлөл нь дарга, улсын төсөв, санхүү, аялал жуулчлал, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас санал болгосон тус бүр нэг, аялал жуулчлал эрхэлсэн төрийн бус байгууллагаас санал болгосон аялал жуулчлалын байгууллагын гурван гишүүнээс тус тус бүрдэнэ. (Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар өөрчилсөн орсон)

15.4 Зөвлөлийн дарга, гишүүдийг Ерөнхий сайд томилно.

15.5 Зөвлөлийн дарга нь аялал жуулчлалын асуудал эрхэлсэн Загийн газрын гишүүн байна. (Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар өөрчилсөн орсон)

15.6 Зөвлөлийн ажиллах журмыг Засгийн газар батална.

15.7 Бүх шатны Засаг дарга аялал жуулчлал хөгжүүлэх эрэлт хэрэгцээг харгалзан аялал жуулчлалын асуудал эрхэлсэн нэгж (ажилтан)-ийг ажиллуулж болно.


16 дугаар зүйл.  Аялал жуулчлалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх
16.1 Аялал жуулчлалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь аялал жуулчлалын талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

  • 16.1.1 Аялал жуулчлалын талаар төрөөс баримтлах нэгдсэн бодлого боловсруулах, зохицуулах, мэргэжлийн удирдлагаар хангах, 
  • 16.1.3  Аялал жуулчлал хөгжүүлэх төлөвлөгөө гаргаж, хэрэгжилтийг хангах, 
  • 16.1.4 Улсын болон олон улсын хэмжээнд аялал жуулчлалын  байгууллага хоорондын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, 
  • 16.1.5 Аялал жуулчлалын салбарт хүний нөөцийн хөгжлийг төлөвлөх, сургалтын бүтэц, хөтөлбөрийг эрх бүхий байгууллагатай хамтран батлах,
  • 16.1.6 Аялал жуулчлалын байгууллага, дээд зэрэглэлийн зочид буудал, жуулчны баазад зэрэглэл тогтоох, хөтөч-тайлбарлагчийн ангилал, зэрэглэл тогтоох журмыг батлах, (Энэ залтыг 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан)
  • 16.1.7 Аялал жуулчлалын бүсэд үйл ажиллагаа явуулах жуулчны бааз, зочид буудал, амралт, рашаан сувиллын газрын тоо, байршлыг тогтоох, тэдгээрийн нэгдсэн бүртгэл хөтлөх, (Энэ заалтад 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт орсон)
  • 16.1.8 Аялал  жуулчлалын дэд бүтцийг хөгжүүлэх, Монгол  орныг гадаад, дотоодод сурталчлах үйл ажиллагааг санхүүжүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх, (Энэ заалтыг 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн)
  • 16.1.9 Монгол орныг гадаадад, дотоодод сурталчлах, (Энэ заалтыг 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар нэмж, дугаарыг 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчилсөн)
  • 16.1.10 Дээд зэрэглэлийн зочид буудлын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, (Энэ заалтыг 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар нэмж, дугаарыг 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчилсөн)
  • 16.1.11 Аялал жуулчлалын статистик мэдээллийг нэгтгэж, судалгаа, дүн шинжилгээ хийх, (Энэ заалтыг 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар нэмж, дугаарыг 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчилсөн)
  • 16.1.12 Аялал жуулчлалын мэдээллийн нэгдсэн сүлжээ, сан байгуулах, (Энэ заалтыг 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн)
  • 16.1.13 Аялал жуулчлалын бүсэд хүлээн авах жуулчдын тоог тогтоох, (Энэ заалтыг 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар нэмж, дугаарыг 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчилсөн)
  • 16.1.14 Аялал жуулчлалын зам чиглэлийг тогтоох, (Энэ заалтыг 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар нэмж, дугаарыг 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчилсөн)
  • 16.1.15 Аялал жуулчлалын хөгжилд сөргөөр нөлөөлөх үйл ажиллагаа явуулахыг хориглох,  (Энэ заалтыг 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар нэмж, дугаарыг 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчилсөн)


16.2 Энэ хуулийн 16.1.8-д заасан үйл ажиллагааг гадаад улс, олон улсын байгууллага, түүнчлэн   гадаадын болон дотоодын аж ахуйн нэгж, байгууллага,   иргэдийн хандив, тусламж, хуулиар хориглоогүй бусад эх үүсвэрээс санхүүжүүлж болно.  (Энэ хэсгийг 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн)

 

17 дугаар зүйл. Аялал жуулчлалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх 
(Энэ заалтыг 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон)

 

18 дугаар зүйл. Бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын бүрэн эрх
18.1 Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь аялал жуулчлалын талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

  • 18.1.1 Нутаг дэвсгэртээ аялал жуулчлалын талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, шаардлагатай гэж үзвэл энэ талаар Засаг даргын тайланг хэлэлцэх, 
  • 18.1.2   Аялал жуулчлал хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, 
  • 18.1.3 Нутаг дэвсгэрийн тодорхой хэсгийг аялал жуулчлалын нөөц бүсэд хамруулах талаар аялал жуулчлалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад санал оруулах, 
  • 18.1.4 Нутаг дэвсгэртээ аялал жуулчлал хөгжүүлэх хөтөлбөр батлах, 


18.2 Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга аялал жуулчлалын талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

  • 18.2.1 Аялал жуулчлалын талаар төрөөс баримтлах нэгдсэн бодлогыг нутаг дэвсгэртээ хэрэгжүүлж, аялал жуулчлалын тухай хууль тогтоомжийн биелэлтийг хангах, зохион байгуулах, 
  • 18.2.2 Эрх хэмжээнийхээ хүрээнд тухайн газар нутагт байгуулах жуулчны үйлчилгээний байгууллагад газар эзэмших зөвшөөрлийг аялал жуулчлалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын тогтоосон тоо, байршлыг  баримтлан зохих хууль тогтоомжийн дагуу олгож гэрээ байгуулах, 
  • 18.2.3 Нутаг дэвсгэртээ аялал жуулчлалыг бүсчлэн хөгжүүлэх бодлоготой уялдуулан хөтөлбөр, төсөл боловсруулж, зохих шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд санал оруулах, батлагдсан хөтөлбөрийн дагуу аялал жуулчлал хөгжүүлэх төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх, 
  • 18.2.4   Нутаг дэвсгэрээрээ дайран өнгөрч яваа жуулчдаас хуульд зааснаас бусад тохиолдолд татвар, төлбөр, хураамж авахгүй байх,

 

ТАВДУГААР БҮЛЭГ. Аялал жуулчлалын сан
Аялал жуулчлалын сан /Энэ бүлгийг 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

 


ЗУРГАДУГААР БҮЛЭГ. Аялал жуулчлалын үйл ажиллагаанд тавих хяналт, хүлээлгэх хариуцлага
22 дугаар зүйл. Аялал жуулчлалын үйл ажиллагаанд тавих хяналт
22.1 Аялал жуулчлалын тухай хууль тогтоомжийн биелэлтэд төрийн болон мэргэжлийн хяналт тавина.


22.2
Аялал жуулчлалын тухай хууль тогтоомжийн биелэлтэд тавих төрийн хяналтыг төрийн захиргааны төв байгууллагууд, бүх шатны Засаг дарга нар эрх хэмжээнийхээ хүрээнд хэрэгжүүлнэ. (Энэ заалтад 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон)

22.3 Аялал жуулчлалын тухай хууль тогтоомжийн биелэлтэд тавих мэргэжлийн хяналтыг улсын хяналтын алба хэрэгжүүлнэ.


22.4
Аялал жуулчлалын улсын ахлах байцаагч, улсын байцаагчийг томилж, чөлөөлөх асуудлыг Төрийн хяналт шалгалтын тухай1 хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуу зохицуулна.


23 дугаар зүйл. Аялал жуулчлалын улсын байцаагчийн эрх, үүрэг
23.1 Аялал жуулчлалын улсын байцаагч дараахь эрх эдэлнэ.

  • 23.1.1 Аялал жуулчлалын байгууллага, жуулчны үйлчилгээний байгууллага, хөтөч-тайлбарлагч аялал жуулчлалын тухай хууль тогтоомжийг хэрхэн биелүүлж байгааг өмчийн харьяалал харгалзахгүйгээр хянан шалгах, 
  • 23.1.2 Хяналт шалгалт явуулахад шаардагдах мэдээ, баримтыг холбогдох иргэн, албан тушаалтан, байгууллагаас үнэ төлбөргүй гаргуулж авах, 
  • 23.1.3   Энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан зөвшөөрлийг хүчингүй болгох тухай саналаа зохих үндэслэлийн хамт аялал жуулчлалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад оруулах, (Энэ заалтад 2001 оны 11 дугаар сарын 30-ны өдрийн, 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон)
  • 23.1.4 Хяналт шалгалт хийхээр холбогдох байгууллагад нэвтрэн орох, 
  • 23.1.5 Аялал жуулчлалын тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдийн бичиг баримтыг шалгах, шаардлагатай бол түр хураах, 
  • 23.1.6 Аялал жуулчлалын тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд энэ хуульд заасан захиргааны шийтгэл ногдуулах, 
  • 23.1.7 Тухайн зэрэглэлийн шаардлага хангахгүй байгаа зочид буудлын зэрэглэлийг бууруулах тухай саналыг аялал жуулчлалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад оруулах, (Энэ заалтад 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон)


23.2
Аялал жуулчлалын улсын байцаагч дараахь үүрэг хүлээнэ.

  • 23.2.1   Аялал жуулчлалын тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавихдаа хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журмыг чанд мөрдөж ажиллах, 
  • 23.2.2   Илрүүлсэн зөрчлийг таслан зогсоох, арилгах арга хэмжээ авахдаа байгууллага, хувь хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, нууцыг хадгалах, 
  • 23.2.3   Аялал жуулчлалын тухай хууль тогтоомжийг зөрчсөн тухай жуулчны гаргасан гомдол, саналыг хянан шийдвэрлэх, 
  • 23.2.4   Аялал жуулчлалын байгууллага, хөтөч-тайлбарлагч нь Монгол Улсын нийгэм, эдийн засаг, төрийн байгуулалт, түүх, соёл, ард түмний зан заншлын талаар жуулчдад бодитой мэдээлэл өгч байгаа эсэхэд хяналт тавих,


24 дүгээр зүйл. Аялал жуулчлалын тухай хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага
24.1 Аялал жуулчлалын тухай хууль тогтоомж зөрчсөн гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчлийн шинж байдал, учруулсан хохирлын хэмжээг харгалзан шүүгч, аялал жуулчлалын улсын байцаагч нь дараахь захиргааны шийтгэл ногдуулна.

  • 24.1.1 Энэ хуулийн 10.З-т заасныг зөрчсөн бол хууль бусаар олсон орлогыг хурааж, гэм буруутай албан тушаалтныг 60000 хүртэл, байгууллагыг 250000 хүртэл төгрөгөөр торгох, 
  • 24.1.2 Хөтөч-тайлбарлагч энэ хуулийн 13.2-т заасныг зөрчсөн бол 15000-50000 төгрөгөөр торгох, 
  • 24.1.3 Аялал жуулчлалын үйл ажиллагаанд илэрсэн зөрчлийг арилгуулахаар эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй гэм буруутай албан тушаалтныг 50000 хүртэл, байгууллагыг 100000 хүртэл төгрөгөөр торгох, 
  • 24.1.4 Аялал жуулчлалын талаархи мэдээллийг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хугацаанд нь гаргаж өгөөгүй албан тушаалтныг 10000 хүртэл, байгууллагыг 50000 хүртэл төгрөгөөр торгох, 
  • 24.1.5 Өөрийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрч яваа жуулчдаас энэ хуулийг зөрчиж аливаа төлбөр, хураамж авсан бол түүнийг улсын орлого болгож буруутай этгээдийг 50000 хүртэл төгрөгөөр торгох, 
  • 24.1.6 Энэ хуулийн 8.1.6-д заасныг зөрчсөн аялал жуулчлалын байгууллагыг 100000-250000 хүртэл төгрөгөөр торгох,  (Энэ заалтыг 2001 оны 11 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн)

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ

(Энэ хуулинд 2001 оны 11 дугаар сарын 30-ны, 2002 оны 7 дугаар сарын 4, 10-ны, 2003 оны 1 дүгээр сарын 2-ны, 2005 оны 1 дүгээр сарын 27-ны, 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар оруулсан нэмэлт, өөрчлөлтийг тусгав)