НЭГ САЯ ЖУУЛЧИН АВАХ НЬ МӨРӨӨДӨЛ БИШ

“Нэг сая жуулчин авна гэдэг бол мөрөөдөл биш ээ, бодит боломжтой асуудал. Бид нар хийнэ, хийх ч ёстой...” хэмээн БОАЖЯ-ны сайд Б.Цэрэнбат хэлж хэлэлцүүлгийг нээв. “АЖ-ын салбарын төсвийг бодитой хэрэгтэй зүйлд нь зарцуулах цаг иржээ, өнөөдрийг хүртэл явж ирсэн хэлбэрийг эрс өөрчилмөөр байна” хэмээн үргэлжлүүлэв. Ийнхүү үдээс өмнө “Монголын аялал жуулчлалын салбарын зөвлөлдөх уулзалт” зохион байгуулагдаж 2019 онд зохион байгуулагдах гадаад дотоод арга хэмжээнүүдийн тухай хэлэлцлээ.  



Өнөөдрийн хэлэлцүүлгээр 21 аймаг, УБ хотноо зохион байгуулагддаг бүх эвент арга хэмжээг дурдаж, тэдгээрийг бүсчлэх, санаа давхардсаныг нэгтгэх тухай саналын хэлэлцүүлэг өрнүүллээ. Тухайлбал, УБ хотод зохион байгуулагддаг “Даншиг наадам” маш их шүүмжлэгддэг, энэ наадам хэрэгтэй юу хэрэггүй юу? “Дээлтэй Монгол” наадмын хөтөлбөр ядуувтар, үзэхээр ирсэн хүмүүс сүүлдээ уйдаж эхэлдэг, “Мөсний баяр”-ын өдөр хоногуудыг уртасгах боломж байна уу, үгүй юу? Морь малтай холбоотой эвент маш их байна, шүлхий энэ тэр гээд ямар нэгэн шалтаг шалтгаанаар тасалддаг, Сарлагийн баярыг Архангай, Өвөрхангай, Баянхонгор гээд Хангайн бүсийн бүх аймаг зохион байгуулдаг, уул овоо, хад, мод, бурханы тахилга гээд олон арга хэмжээ байна, эдгээр нь АЖ-ын эвент мөн үү биш үү? Дотоодын жуулчид очоод байхыг бодоход мөн ч юм шиг.



Тухайлбал, “Дээлтэй Монгол” наадам, “UB Food Festival”, “Даншиг наадам”-ын цамын бүжиг, хувцас хэрэглэлийн түүх соёл зэргийг нийлүүлээд нэг эвент болгох тухай санал гаргалаа. Мөн 2 сард болдог “УБ-ын Мөнгөн өвөл”, 3 сард Чингисийн хүрээнд болдог “Бүргэдийн баяр”-ыг нэгтгэх тухай ч дурдлаа. МУ-ын Засгийн газраас баталсан АЖ-ын бүсчилсэн маршрутын дагуу аймгуудын эвент баяруудыг нэгтгэж, нэгдсэн нэг хөтөлбөртэй болгох, төрөөс дэмжих эвент хөтөлбөрүүдийг тодотгох, орон нутгийн шинжтэй баяруудыг дэд хөтөлбөр болгох, зохиогдох хугацааг хөдөлгөөнгүй тогтмол болгох, эвент хөтөлбөрийн шторк сурталчилгааг мэргэжлийн өндөр түвшинд хийлгэдэг байх, эвент маркетинг менежментийн баг ажиллуулах ... гээд олон чухал саналуудыг хэлэлцүүлэгт оролцогсод санал болголоо.