УТАЙ

БНХАУ-ын Шань Си мужийн нутаг дэвсгэр дээр оршдог. Утай нь бурхан шашны оюун ухааныг ивээн тэтгэгч Манзушир бурханы орон бөгөөд дэлхийд нэр сүр нь түгсэн бурханы шашны 4 их уулын нэг нь юм. Утай гэдэг нь тавцан тэгш оройтой 5 уул гэсэн утгатай. Утайд 53 сүм хийд байрлах ба тэдгээр нь Тан улсын үеэс хадгалагдан ирсэн эртний модон барилгын архитектураар баригдсан. Утай шань уул 2009 онд дэлхийн өвд бүртгэгдсэн.



Домогт өгүүлэх нь урд Тэнгэрийг Тэтгэгч хаан Утайд хэдэнтээ ирсэн боловч цас бороонд хавчигдан таван их оргилд нэг ч удаа гарч чадаагүй ажээ. Ингээд нэгэн хувраг хүнд 5 их оргилд гарахгүйгээр 5 манзушир бодьсадва-д мөргөх арга бодож олохыг даалгажээ. Мөнөөх лам арга сэдэж Зүүн оргилд тахидаг Цэцэн Манзушир, баруун оргилын Арслант Манзушир, өмнө оргилын Билигт Манзушир, хойд оргилын Ариун Манзушир, дунд оргилын Номт Манзушир зэрэг таван оргилыг хамтатган залж тахих болжээ. Тийнхүү сүсэгтэн олон 5 их оргилд авирч гаралгүйгээр зөвхөн Хар лавай оргилд гарч мөргөл үйлдэхийг Бага мөргөл гэх болжээ. Есөн луугаас доошлон 108 чулуун шат буй. Бурханы номын ёсоор хүн нэг төрөлдөө 108 зүйлийн зовлон эдэлдэг. Тэрхүү зовлонгоос ангижрах үүд байдаг бөгөөд үүнийг сүм хийдийн 108 шатаар төлөөлүүлжээ. Нэг гишгүүрээр давж гарах нь нэг зүйл зовлонгоос гэтэлж буйн төлөөлөл ажээ.


Тэмдэглэсэн: Ч.Буянбадрах