МОНГОЛ ОРНЫ ОЙ ӨӨРӨӨ ХҮЛЭМЖИЙН ХИЙГ ИХЭЭР ЯЛГАРУУЛЖ БАЙНА.


“Монгол орны ой эдийн засгийн томоохон ач холбогдолтой. Гэтэл хүний буруутай үйл ажиллагаа болон уур амьсгалын өөрчлөлтөөс болж аюулд өртөөд байна. Түймэр, хууль бус мод бэлтгэл, буруу менежмэнт, хортон шавьж зэргээс үүдэн ой мод доройтоход нөлөөж буй. Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлын улмаас цэвдэг хайлж, ойд сөргөөр нөлөөлж доройтуулдаг.  Ойн хөрсөн дор 80-90см зузаан цэвдэг байсан гэж үзвэл түймэрт өртсөний дараа бүрэн хайлж, хөрсөнд шингэн үгүй болдог. Дахин нөхөгдөхүй, дахиад тэнд мод ургахгүй юм. Цэвдэг үгүй болсноор хөрс хуурайшиж, чийгшилгүй болдог. Тийм нөхцөлд хэчнээн мод тарьж, усаллаа ч тус болдоггүй ажээ. Ой доройтохоос сэргийлэхийн тулд тогтвортой менежмэнт шаардлагатай. Тогтвортой менежмэнтийг хэрэгжүүлэхийн тулд уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой бүхий л асуудлыг ойлгох хэрэгтэй болно” гэж Монгол орны UN-REDD үндэсний хөтөлбөрийн ахлах зөвлөх Крис Дикинсон мэдэгджээ.  

Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор НҮБ 1992 онд Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенци баталсан байдаг. Тус конвенцид нэгдэн орсон орнууд ойн салбараас гарч байгаа хүлэмжийн хийг богино хугацаанд өртөг багатайгаар бууруулах боломжтой хэмээн “REDD+” хөтөлбөрийг гаргаж ирсэн бөгөөд 2007 оноос хэрэгжүүлж буй. Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн зүгээс дэлхийн агаар мандал дахь хүлэмжийн хийг аль аль салбар бүрдүүлж буйг нарийвчлан судалж тогтоодог. Хамгийн сүүлийн мэдээгээр нийт хүлэмжийн хийн 26 хувийг эрчим хүчний салбар ялгаруулж буй нь бусад салбарыг тэргүүлж буй үзүүлэлт болж байна. Хоёрдугаарт, 19 хувийн “хувь нэмэр” оруулж буйгаараа аж үйлдвэрийн салбар жагсаж байна. Харин “REDD+” хөтөлбөрийн үйл ажиллагааны гол чиглэл болсон ойн салбар 17 хувийг бүрдүүлж, гуравдугаар байрт орсон байгаа юм. Дараагийн байрт хүлэмжийн хийн 15 хувийг ялгаруулж байгаа хөдөө аж ахуйн салбар жагсчээ. Ийм учраас ой мод, хөдөө аж ахуйн салбарын ялгаруулж буй хүлэмжийн хийг богино хугацаанд, өртөг багатайгаар бууруулах боломж бүхий “REDD+” механизмыг уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн хүрээнд гаргаж иржээ.

Ойн нүүрстөрөгчийн хуримтлалыг хамгаалах гэдэг нь үндсэндээ ойгоо хамгаалах ажлыг хэлж буй юм. Нүүрстөрөгчийн хуримтлалыг нэмэгдүүлэх гэдэг нь ойжуулалт, ойн байгалийн нөхөн сэргээлтийг дэмжих ажлыг хэлж байгаа юм.

Ойн хомсдол, доройтлоос үүдэлтэй хүлэмжийн хийг бууруулах, НҮБ-ын санаачилга болох “UN-REDD” хөтөлбөрийн гишүүн орноор Монгол улс 2011 онд элссэн. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Байгаль орчны хөтөлбөрөөс гадна Монголын талаас Засгийн газар, БОАЖЯ хамтран ажиллаж буй. Монгол орны “UN-REDD” үндэсний хөтөлбөрийг 2014 оны долдугаар сард баталсан байдаг.

Монгол дахь “UN-REDD” үндэсний хөтөлбөрийнхөн манай орны ой үндсэн дөрвөн шалтгаанаар хомсдож, доройтож буйг нарийвчлан тогтоожээ. Хортон шавьж, түймэр нь ойг доройтуулах гол хүчин зүйл болсон байна. Мөн мал аж ахуй муугаар нөлөөлж байгаа гэнэ. Өвөл болонгуут малчид малаа ой руу бэлчээснээс дөнгөж ургаж буй нялх моднууд ургаж амжилгүй устдаг гэнэ. Мөн малчид ойгоос хадлан авах нэрээр хядчихдаг байдал нөлөөлдөг байна. Дөрөв дэх нь үр ашиггүй ойн аж ахуй. Иргэд залуу моднуудыг тайрч огтолдог нь ойг доройтуулах бас нэг томоохон шалтгаан болжээ.

Холбогдох газраас экспертүүд ирж Монгол улс 2030 он гэхэд 1990, 2000 онтой харьцуулахад хэдэн тонн хүлэмжийн хийг бууруулсныг үнэлж тогтоох юм. Ойн салбараасаа хэдий хэмжээний хүлэмжийн хий бууруулж чадна, түүндээ тохирсон урамшуулал авах нөхцөл нь бүрдэж байгаа ажээ.

Монгол улс ойгоо хамгаалах, зөв зохистой ашиглах, ойн тогтвортой менежмэнтийг хэрэгжүүлэх замаар хүлэмжийн хийг бууруулахаар ажиллаж байна. Нийт нутаг дэвсгэрийн 7.85 хувийг ой эзэлдэг. Энэ нь нийт нутгийн хэмжээнд авч үзэхэд бага юм шиг боловч зарим улсын газар нутгаас хэд дахин том талбайтай. Монгол орны ойн ихэнх хувь нь маш эмзэг буюу түймэр, хортон шавьжинд өртөмтгий байдаг. Тийм учраас сүүлийн жилүүдэд ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээ нэлээд хумигдах болсон нь судалгаагаар тогтоогдсон. Байгаль хамгаална гэдэг нь зүй зохистой ашиглахын нэр.

UN-REDD хөтөлбөр нь одоогоор Африк, Ази-Номхон далай, Латин Америк, Карибын тэнгисийн 64 орныг дэмжин ажиллаж буй гэнэ.

Зэрлэг ан амьтдын амьдрах орчин, гол горхи, усны ундарга болдог, дагалт баялгаар нь иргэд амьжиргаагаа залгуулдаг зэрэг олон талын ач холбогдолтой ойгоо хамгаалах замаар хүлэмжийн хийг бууруулах “REDD+” хөтөлбөрийг эдүгээ олон улсад хэрэгжүүлж буй. Ой модоо хайрлан хамгаалж, талбайг нь нэмэгдүүлснээр хүлэмжийн хийг бууруулахад хувь нэмэрээ оруулна гэсэн үг юм. Эл хөтөлбөр нь ойн хомсдол, доройтлыг сайжруулж, нүүрстөрөгчийн хуримтлалыг нэмэгдүүлэх зорилготой.        

 

ТОО
0
0
0