GEOCACHING TOUR - АЯЛЛЫН ТЭМДЭГЛЭЛ

Монголчлон орчуулбал “Эрж хайснаа олох” гэдэг нэртэй аялал бөгөөд нийт 7 цэгээс GPS ашиглан координат тогтоож дэлхийн geocachers аялагчдын нуусан зүйлийг олоод тэнд байгаа жижиг хайрцаг дахь бүртгэлийн дэвтэрт өөрийнхөө нэрийг бичиж үлдээх ёстой юм. Мөн хайрцгийг олсон хүмүүс янз бүрийн жижиг зүйлийг үлдээдэг бөгөөд тэр нь юу ч байж болно. Тэмдэг, соронзон, ямар нэгэн бизнесийн санаа, онцгой содон мэдээлэл зэргийг хийж үлдээсэн байдаг. Эдүгээ дэлхий дээр 7 сая geocachers байдаг бол Монголд 30 орчим гишүүн бий.


Дотроо бас төрлүүдтэй бөгөөд энэ удаа Multi geocache төрлийг танилцуулъя. Эхний цэгийн координат болон hint өгөгдсөн байдаг бөгөөд эхний цэгт нуусан “эрдэнэс”-ийг олж байж тэнд заагдсан тоогоор дараагийн цэгийн координатыг бодож тогтоогоод явдаг зарчимтай юм. Координат тогтооход тоо өгөгдсөн байхаас гадна түлхүүр үг байдаг. Бид 5 ба 7 дахь цэг дээрээ буруу тооцоолол гаргаж төөрсөн боловч дахин хамтдаа бодоцгоож координатаа тогтоож амжилттайгаар олж чадсан. Эхний цэгээс бичгийн хавчаарны хайрцагтай зүйл олсон бол дараа дараагийнхаас мэлхий, матар, аалз, эмийн хайрцаг, дахин хавчаарны хайрцаг зэргийг олоод дотор нь “би ирсэн” гэдэг тэмдэглэгээгээ хийгээд буцаагаад байснаар нь нууж тавьсан. Дараагийн geocachers аялагчид ирж олох ёстой ба тэдгээр нь ямар ч орны geocacher байж болно. Аяллын төгсгөлд хот руу орж ирээд төмөр замын буудал дахь музейн үзмэр шиг вагон толгой-д нуусан гадны нэгэн geocacher аялагчийн “эрдэнэс”-ийг олоод гэр гэрийн зүг явсан юм. Тэр эрдэнэс-ийг Монголд ирсэн маш олон гадаадын аялагч нар олоод тэмдэглэгээ хийсэн байхыг доторхи жижиг бүртгэлийн дэвтрээс шууд ойлгож болно. Хамгийн гол нь эдгээр нь олоход ёстой амаргүй газар байдаг. Гэх мэтчилэн УБ хотод Энхтайвны гүүр, Чойжин ламын сүм музей гээд Монголын өнцөг булан бүрт бүүр Хүйтэний оргилд хүртэл нуусан “кеч” бий. Эдгээрийн координатыг зөвхөн дэлхийн geocachers аялагчид л мэдэж түүнийг олж хайхаар ирцгээдэг.


Бид хад чулууны завсар, модны хонгил нүх, мөчир гээд олон газар мөлхөж тонгойж, авирч, ухаж хайсан бөгөөд биднийг ийнхүү зорилготой алхуулсан газар маань цас хунгарласан ой мод, нар ээсэн уулын энгэр, хад чулуун асга царам гээд нэлээд бэрхшээлтэй газрууд байсан ба нэг мэдсэн чинь 3 км тойрог газарт бөөн адал явдалт алхалт хийчихсэн байлаа.

Энэ аяллын төрөл бол асар хурдацтай хөгжиж буй hiking, trekking чиглэл юм. Манай компани энэ төрлөөр аяллын маршрут бий болгож ажиллахаар шийдэв. Яагаад гэвэл надад энэ маш ирээдүйтэй гэдэг нь ойлгомжтой байлаа.

Тэмдэглэсэн Ч.Буянбадрах

ТОО
0
0
0