АРХАНГАЙ АЙМАГТ "ЦАГААН ЗУД" НҮҮРЛЭЭД БАЙНА

 


-ЗАМ ХАРГУЙГ НҮХЭЛСНЭЭС МАЛЧИД МОРИОР ЯВАХДАА УНАЖ, БЭРТЭХ НЬ ИХЭСЧЭЭ-
Архангай аймгийн Өгийннуур, Цэнхэр, Төвшрүүлэх, Хотонт, Хашаат сумдын нутагт үлийн цагаан оготно үүрлэжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, сүүлийн хэдэн жил тус сумдад үлийн цагаан оготно олширч, мал идэх ямар ч өвсгүйд хүрсэн байна. Бэлчээрийн дайсан гэгдэх энэ амьтны тоог нэмэгдүүлэхгүйн тулд онгоцоор устгалын бодис цацдаг байсан ч дэлхийн хэмжээнд хориглосны улмаас эдүгээ гар болон механик аргад шилжжээ. Өөрөөр хэлбэл, хор цацах нь тухайн үедээ үр дүнтэй юм шиг мөртлөө байгаль орчинд маш их сөрөг нөлөөтэй аж. Хор цацсанаас үнэг, хярс галзуурах, тэр байтугай хүний эрүүл мэндэд нөлөөллөө гэсэн асуудал гарчээ.
Одоогоор манай улс микробиологи, түүгээр хооллодог амьтдыг өсгөн үржүүлэх аргаар үлийн цагаан оготнотой тэмцэж байгаа аж. Тодруулбал, гэдэсний хижиг өвчний нян агуулсан өгөөш тавих, байгаль орчинд халгүй уламжлалт арга болох үүр рүү нь ус цутгах, утах, хөеөг нь авах гэх олон аргаар тэмцэж буй юм байна. Мөн үлийн цагаан оготноор хооллодог олон нэр төрлийн шувуунд зориулан шон босгох, суудал засах, үнэг, хярсны амьдрах таатай орчныг бүрдүүлэх зэрэг биологийн аргыг ч ашиглаж байгаа аж. Конус тавих буюу ундаа, шар айрагны савыг тайраад хулганы нүх рүү хийхэд хулгана гацаанд орж үхдэг байна.
Дээрх сумдад улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хулгана устгалын ажлыг гар болон механик аргаар зохион байгуулжээ. Мөн аймаг, сумын зүгээс ажлын хэсэг томилж, устгалын ажил хийсэн байна. Малчид ч өвөлжөө, хаваржааныхаа ойролцоох газарт оготно устгах ажлыг эрчимтэй хийж буй аж. Тус аймгийн Хотонт сумын Мал эмнэлгийн үржлийн тасгийн дарга Т.Галсайханы хэлснээр, Хотонт сум 142 мянган га нутаг дэвсгэртэйгээс өнгөрсөн жил түүний 20 мянган талбайд устгал хийжээ. Энэ жил 142 мянган га талбайн 60 хувьд устгал хийсэн байна. Сумын зүгээс үлийн цагаан оготныг устгахад дөрвөн сая төгрөг гаргаж өгчээ.
Оготно үржих чадвар сайтай амьтан аж. Устгалд оруулдаг ч үржсээр байдаг байна. Мал идэх өвсгүй, зам харгуйг нүхэлснээс малчид мориор явахдаа унаж, бэртэх нь ихэсчээ. Хулганы хөеөг үзэхэд нэг хулганы үүрээс шуудай шахуу өвс, тоолж барамгүй олон оготно гарчээ. Олон байхын хэрээр бэлчээр сүйтгэж байгаа учраас төр, засаг анхаарлаа хандуулж ажиллахыг нутгийн иргэд хүсч байна. Мөн энэ оны гуравдугаар сарын 23-наас дөрөвдүгээр сарын 7-ны өдрүүдэд үлийн цагаан оготно хамгийн их тархсан Өгийнуур, шинээр тархаж буй Эрдэнэмандал сумыг сонгож механик аргаар устгах ажил хийжээ. Тус аймгийн ХХАА-н газар, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, “Ногоон алт” төсөл хөтөлбөр хамтран орон нутгийн малчдын оролцоотой энэ ажлыг хийж байгаа аж.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ

ТОО
0
0
0