МУММИ АГУУЛСАН БУРХНЫГ ХЯТАДААС ХУЛГАЙЛСНЫГ ТОГТООЖЭЭ

 

Хятадын түүх дурсгал судлаачид, Нидерландын хувь хүний цуглуулганд байгаа 1,000 жилийн настай мумми агуулсан бурхны дүрийг 1995 онд Хятадаас хулгайлсан болохыг тогтоожээ.

Өнөөдөр Зүүн Хятадын Фужиан мужийн мэргэжилтнүүд уг дурсгалыг 1995 онд Фужиан мужийн Янчунь тосгоноос хулгайлагдсаныг баримт нотолгоогоор тогтоосноо зарлалаа.

Одоогоор бурхны дүрийг Унгарын Байгалын түүхийн музейд үргэлжилж байгаа “Муммигийн ертөнц” үзэсгэлэнд үзүүлж байгаа боловч өнгөрсөн Баасан гарагт Нидерланд эзэмшигч нь ямар нэг шалтгаангүйгээр буцааж авсан гэжээ.

Янчунь тосгоныхон энэ сарын эхээр алдагдсан бурхны дүрийг телевизийн мэдээгээр олж харжээ. Тэр даруй мэргэжлийн хүмүүс тосгонд очиж олон тооны гэрэл зураг, түүхийн дурсгалт зүйлс, түүхэн бичлэгүүдийг үзсэний эцэст мумми нь энэ тосгоны нэгэн овгийнхны өвөг дээдэс байсныг тогтоосон байна.

Нутгийн сүмээс 1995 онд алдагдсан бурхан нь малгай, хувцас өмсгөлтэй тахигдаж байжээ.

Янчуний архивын баримтаар мумми нь Жангон Зуши нэртэй нутгийн хүн байгаад 20 орчим насандаа лам болж хүмүүсийг эмчлэн, Буддын ном сургаалийг дэлгэрүүлж алдаршсан байна. Тэр 37 насандаа бие барахад нь түүний шарилыг занданшуулж бурхны дүр дотор залжээ. Сүн улсын үед (960-1279) түүнийг занданшуулж сүмд залснаас хойш тэндээ саяхныг болтол хадгалагдаж байсан гэнэ.

Одоо болтол тосгоныхон түүний малгай, хувцсыг сүмд хадгалсаар байгааг судлаачид мэдээлжээ.

 

Эх сурвалж: Синьхуа

Ikon.mn

 









ТОО
0
0
0