СОЁЛЫН БАРИМТАТ ӨВИЙГ ХАМГААЛАХ ХӨТӨЛБӨР БАТАЛЛАА

 Монголчуудын оюун ухаанаар бүтээгдсэн соёлын баримтат өвийн үндэсний хэмжээний бүртгэл, мэдээллийн сан үүсгэн судалгаа шинжилгээний эргэлтэд оруулах, хадгалах, хамгаалах, сурталчлах, сэргээн засварлах цогц ажлыг төлөвлөж багтаасан "Соёлын баримтат өвийг хамгаалах хөтөлбөр"-ийг баталлаа. Хөтөлбөрийг 2015-2017, 2017-2022 он гэсэн 2 үе шаттайгаар хэрэгжүүлнэ. 

Бичиг үсэг, дүрс, дуу авиан гэх мэт олон арга хэлбэртэй соёлын баримтат өв нь улсын түүх, хэл, соёл, ёс заншлыг тээн хадгалж байдаг тул эрдэм шинжилгээний чухал хэрэглэгдэхүүн болдог.Зориулалтын байр, тоног төхөөрөмжийн дутагдлаас шалтгаалан үндэсний эдгээр үнэт өв гэмтэж муудсаар байна.

Үндэсний номын сангийн сан хөмрөгт гурван сая гаруй ховор чухал ном, судар хадгалагддаг. 2008 онд хийсэн улсын тооллогоор эдгээрийн 85 хувь нь гэмтэлтэй гарсан бөгөөд 20-30 жилийн дараа гэхэд тэн хагас нь устах аюултайг олон улсын шинжээч, эрдэмтэн, мэргэжилтнүүд анхааруулжээ. Мөн Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнд 1100 орчим тод үсгийн судар, аман зохиол болон нутгийн аялгууг тэмдэглэсэн 1200 орчим соронзон хальс, 450 орчим хавтаст материал хадгалагддагийн зарим нь элэгдэж хуучирчээ. 

Төрөөс жил бүр төсөв хөрөнгө хуваарилан тодорхой дэмжлэг үзүүлснээр ийм байдал ирэх жилүүдэд давтагдахгүй, соёлын өвийн хадгалалт хамгаалалт эрс сайжирах юм.

ТОО
0
0
0