ГУРВАН ЖҮДОЧ МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

 Жүдо бөхийн олимпийн эрхийн оноо олгох Европын цуврал тэмцээн өчигдөр Германы Дюсселдорф хотноо эхэллээ. Тэмцээнд 83 орны 740 гаруй жүдоч оролцож байна. Манай улсаас “Дюсселдорф Гранпри” тэмцээнд дасгалжуулагч Х.Эрдэнэт-Од, Д.Баттулга нарын удирдлагад эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа хүч үзэж байгаа билээ.

Өчигдөр болсон эхний өдрийн тэмцээнээс эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд өрсөлдсөн Д.Төмөрхүлэг, эмэгтэйчүүдийн 48, 57 кг-ын жинд хүч үзсэн М.Уранцэцэг, Д.Сумъяа нар мөнгөн медаль хүртлээ.

Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд барилдсан Гавьяат тамирчин М.Уранцэцэг алтан медалийн төлөөх барилдаанаа олимп, ДАШТ-ий медальт, Бельгийн бөх Чарлин Сниктэй хийж, торгуулиар хожигджээ. Манай бөх ийнхүү Дюссельдорфын Гран-при тэмцээнээс хоёр жил дараалан мөнгөн медаль хүртлээ. Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд барилдсан Д.Сумъяа финалын барилдаанд дэлхийн аварга Бразилын Рафаэль Силвад ялагдсан байна.

Мөн эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд барилдсан Д.Төмөрхүлэг финалын барилдаанд 2014 оны ДАШТ-ий V байрын шагналт Японы бөх Такачид дийлджээ.

Тэмцээний хоёр дахь өдөр буюу өнөөдөр эрэгтэйчүүдийн 73 кг, 81 кг, 90 кг, эмэгтэйчүүдийн 63 кг, 70 кг-ын жингийн барилдаан болно.

Германы Дузельдолф хот Улаанбаатараас долоон цагийн зөрүүтэй. Тиймээс тэмцээний финалын барилдаан Монголын цагаар хоёрдугаар сарын 20, 21, 22-ны оройн 24:00 цагаас эхэлж байна. Барилдааныг ETV шууд дамжуулна.




.












                        

                 




    Эх сурвалж: News.mn


ТОО
0
0
0