ЯПОН УЛС РУУ ВИЗГҮЙ ЗОРЧДОГ БОЛОХ УУ

Монгол улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ сарын 9-нд Япон улсын Токио хотноо айлчилж, Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэтэй гурван жил орчим үргэлжилсэн хэлэлцээний дүнд “Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурсан юм. Улс төр, эдийн засгийн хамтын харилцаагаа улам сайжруулах үүднээс энэ удаагийн айлчлалд хэд хэдэн чухал асуудлуудыг хэлэлцжээ. Нэн тэргүүнд Хөшигийн хөндийд баригдаж байгаа олон улсын нисэх буудлын төсөлд Монголын талын хүсэлтийг үндэслэн 36 тэрбум 850 сая иений зээлийг нэмж олгохоор болсон. Мөн байгаль орчныг хамгаалах, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр хоёр шатны хөтөлбөр хэрэгжсэн, энэ төслийн гуравдугаар шатны хөтөлбөрийг үргэлжлүүлэхээр болсон, Монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнүүд Японы том зах зээл, үйлдвэрлэлийн сүлжээнд хөнгөлөлттэй, татваргүй нийлүүлэгдэх бололцоо гарч байгаа зэрэг хэд хэдэн чухал ажлуудыг хамтын ажиллагааны түвшинд хэлэлцсэн юм.

-ИРГЭДЭД ХӨНГӨЛӨЛТТЭЙ НӨХЦЛӨӨР ВИЗ ОЛГОХ ХҮСЭЛТ ТАВЬСАН-

Айлчлалын үеэр яригдсан нэг чухал асуудал бол парламентын гишүүдтэй яриа хэлэлцээрийн сэдэвт ороогүй ч дипломат паспорт эзэмшиж байгаа иргэдэд тус улсад визгүй зорчих боломж гаргах, иргэдэд хөнгөлөлттэй нөхцлөөр виз олгох хүсэлт тавьсан байна.

Албан ёсоор энэ талаар хүсэлт тавьж, ажил хэргийн шатанд яригдаагүй ч удахгүй УИХ-ын дарга З.Энхболд Япон улсад хийх айлчлалын үеэрээ энэ талаар үр дүнтэй хариу сонсох байх хэмээн албаны хүн мэдээлсэн юм.

Юутай ч өндөр хөгжилтэй, Азийн таван бар улсын нэг Япон руу харилцан хөнгөлөлттэй нөхцлөөр, цаашлаад визгүй зорчдог болчихвол манай улсын хувьд аялал жуулчлалын салбарын хөгжилд томоохон ач холбогдолтой.

Одоогийн байдлаар манай улсын иргэд Хятад, ОХУ, Белорусь, Гонконг, Гүрж, Израиль, Куба, Казахстан, Лаос, Макао, Малайз, Молдав, Сингапур, БНАСАУ, Турк, Тажикистан, Туркменистан, Украин, Филиппин зэрэг улс руу 12-90 хоногийн хугацаатай визгүй зорчих эрхтэй байдаг аж.

Т.БАТСҮРЭН

Medee.mn

 

ТОО
0
0
0