“PORSCHE” БРЭНД МАНАЙ УЛСАД САЛБАРАА НЭЭСЭН НЬ ЭДИЙН ЗАСГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ

1965 оноос хойш өнөөг хүртэл өөрийн хэв маяг, хээнцэр загвараа алдаагүй хадгалсаар ирсэн спорт ангиллын “Porsche” брэнд Монгол Улсад энэ сарын 5-ны өдөр албан ёсоор салбараа нээжээ. Тансаг ангиллын авто зах зээлд тэргүүлэгч Германы “Volkswagen” компанийн “Porsche” брэнд манай улсад үндсэн таван загварыг албан ёсоор борлуулахаас гадна, хэрэглэгчиддээ засвар үйлчилгээ үзүүлэх юм байна. Монгол дахь “Porsche”-ийн салбар хариуцсан захирал Жэйсон Брүүм нээлтийн үеэр “Монгол Улсын эдийн засгийн цаашдын боломжийг бид өөдрөгөөр харж буй учраас салбараа байгуулж, танай улсын зах зээлд нэвтрэхээр болсон. Манай компани хэрэглэгчдийнхээ хүрээг тэлэхээс илүүтэй эхний ээлжинд одоо байгаа хэрэглэгчиддээ илүү анхаарал хандуулахаар салбараа нээсэн. Өөрөөр хэлбэл, компанийн стратегийн шинжтэй алхам юм” гэдгийг тайлбарлан хэлж байсан.

“МАК” группийн ерөнхийлөгч Б.Нямтайширын ганц охин Н.Цэлмүүн 140.000 ам.доллар буюу монгол мөнгөөр 200 гаруй сая төгрөгийн үнэтэй тансаг зэрэглэлийн “Porsche Panamera” гэх төмөр хүлгийг унадаг байсан. Энэ загвар Монголд ганцхан. Харин өнгөрсөн оны наймдугаар сард хурд хүчний гайхамшиг болсон “Porsche 911 Turbo S” загвар Улаанбаатар хотноо газардсан. Энэ автомашин 230 мянган ам.доллар ба түүнээс дээш үнээр зах зээлд худалдаалагддаг. Монгол төгрөгөөр бол хагас тэрбум гэсэн үг.

“Porsche” брэндийн “Улаанбаатар showroom” Нарны зам дагуу Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу паркийн баруун талд ажиллаж байгаа. Бид уншигчдадаа хоёр хаалга төгс гүйцэтгэл, дэгжин загвараараа олонд танигдсан дээвэр нь онгойдог “911 Targa 4S” загварын талаарх мэдээллийг товчхон хүргэж байна.

Энэ загвар нь шинэ технологи, тав тух, тансаг байдал, дээд зэргийн жолоодлогын мэдрэмжийг нэг дор цогцлоож чаджээ. 1960-аад оны үед “911 Targa 4S”-ийн дээвэр гар ажиллагаатай байжээ. Харин одоо 19 секундэд л автоматаар нээгдэж, хаагддаг болсон байна. “911 Targa 4S” загварыг “Porsche”-гийн бусад автомашинуудаас ялгахад их амархан байдаг гэнэ. Гоёмсог тойрог хэлбэртэй арын цонх ба спорт хэлбэртэй хөндлөн “Targa” лого нь “Targa”-гийн эх загварын классик хэлбэрийг дахин сэргээсэн. Хоёр давхар магни элемент нь дээврийн даавуун бүрээсийг толигор байлган 911 хэлбэрийг хадгална. Задгай автомашин жолоодох онцгой мэдрэмж болон гайхамшигтай тохилог байдлыг мэдрүүлдэг байна.  

2014 онд “Porsche” брэнд дэлхий даяар 189 мянган автомашин борлуулсан бөгөөд энэ онд борлуулалтын хэмжээгээ 200 мянгад хүргэхээр зорьж байгаа юм. Одоогоор тус брэндийн хамгийн том зах зээл нь АНУ байгаа бол БНХАУ-ын зах зээлд борлуулалтын өсөлт нь 25 хувиар хэмжигдэж байгаа аж. Түүнчлэн тус компанийн хувьд спорт ангиллын зах зээлээс гадна бартаат замын буюу “SUV" ангиллын авто зах зээлд шинээр нэвтэрч, шинэ загваруудаа танилцуулаад байгаа юм.

Recourse: Medee.mn

ТОО
0
0
0