ТАМСАГТАЙ НЕФТИЙН ОРДТОЙ ЭН ТЭНЦЭХЭЭР ОРД ОЛДЖЭЭ.


Газрын тосны газрын Хайгуул судалгааны хэлтсийн дарга О.Энхбаяр: Өмнөговийн Ханбогдын “Галба 11” талбайд хийсэн 14 өрөмний 13-т газрын тос илэрсэн.  “Галба 11” бол өмнө хийгдсэн судалгааны үр дүнд газрын тос байх магадлалтай гэж үзэж, 1992 онд олон улсын хэмжээнд нээлттэй тендер зарласан 22 талбайн нэг юм. Энэ талбайд БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Зон Хэн Юу Тиан” компани бүтээгдэхүүн хуваах гэрээг 2009 онд байгуулсан юм. Галба 11-ын байршил гэвэл Өмнөговь аймгийн Ханбогд сум, Дундговь аймгийн Хатанбулаг сумдын нутаг дэвсгэрийг хамардаг. Гэхдээ талбайн 90 хувь нь Ханбогд сумын нутагт хамаардаг. Энд хайгуулын 14 цооногт өрөмдөхөд бүх цооногт нь тосны шинж тэмдэг тогтоогдсон. Үүнээс гурван цооногт нь 20 орчим хоног туршилт хийж, 1500 метр куб түүхий тос олборлосон байгаа.

Олборлолт яагаад үргэлжлээгүй вэ гэхээр “Галба 11” талбай болон тос гарсан блокийн хувьд үнэлгээ хийгдээгүй, нөөц тогтоогдоогүй, олборлосон тосоо хэрхэн борлуулах асуудал эцэслэн шийдвэрлэгдээгүй гэсэн шалтгаанаар олборлолтыг зогсоосон. 2012-2013 оны тухайд Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдахгүй удсан, компаний хөрөнгө оруулалт шийдэгдээгүй гэсэн асуудал ч байсан. Энэ мэт шалтгаанаас болж хайгуулын ажил зогсонги байдалд орсон. 2014 оны 7-р сарын 1 өдөр Газрын тосны тухай хууль батлагдаж, газрын тосны салбарт баримтлах бодлого, эрх зүйн орчин тодорхой болсон. Нэгэнт орчин нь бүрдсэн учраас “Галба 11” талбайд газрын тос үүсэх боломжтой тогтоц, өрөмдөх цооногийн байршлыг тогтооход чухал ач холбогдолтой гурван хэмжээст чичирхийллийн судалгааны ажлыг 358.9км. квадрат талбайд гүйцэтгэж байна. Хээрийн боловсруулалтын түвшинд маш сонирхолтой бүтэц, тогтоцууд тогтоогдож байгаа гэсэн эерэг мэдээллийг “Зон Хэн Юу Тиан” компаний туслан гүйцэтгэгчээр ажиллаж буй “BGP” компаний мэргэжилтнүүд танилцуулж байна.  

“Галба 11” талбайн хувьд одоогоор албан ёсны нөөц нь тогтоогдоогүй. “Зон Хэн Юу Тиан” компаний судлаачид Тамсагаас дутахааргүй орд илэрнэ гэж үзэж байгаа. Өмнөговь аймагт зохион байгуулагдсан “Газрын тосны салбарын өнөөгийн байдал, цаашдын зорилт” сэдэвт уулзалтанд “Зон Хэн Юу Тиан” компаний хайгуул хариуцсан захирал оролцож “Галба 11” талбайн ирээдүйн талаар маш сонирхолтой мэдээлэл өгсөн. Одоо хийгдэж байгаа гурван хэмжээст чичирхийллийн судалгааны ажлын үр дүнгээр тос илэрсэн блокоос илүү сонирхолтой хотгор тогтоогдсон гэж ярьсан. Бас дараа жил томоохон хэмжээний хөрөнгө оруулалт хийж, 14 цооног өрөмдсөн блок дээрээ үнэлгээний зургаан цооног өрөмдөнө. Үнэлгээний ажил үр дүнтэй болчихвол тухайн блокийн нөөцийг олборлолтод шилжүүлнэ, ашиглалтын 20 орчим цооног өрөмдөнө, мөн энэ жилийн гурван хэмжээст чичирхийллийн судалгаа хийсэн талбайд хайгуулын зургаан цооног өрөмдөнө гэж төлөвлөж байгаагаа ярьсан.

Хайгуулын явцад илэрсэн сонирхолтой хотгор газар гэдэг нь тунамал хурдсыг хэлж байгаа юм. Хичнээн гүн хотгор байна төдий чинээ тос үүсэх магадлал өндөр гэсэн үг. Гэхдээ хотгор бүрт тос байна гэж ойлгож болохгүй. Монголын геологийн нөхцөл их төвөгтэй. Тосны хураагуурууд нь нимгэн. Тектоникийн хагарлын нөлөөгөөр шилжилт хөдөлгөөнд их өртсөн байдаг учраас газрын тосыг олж илрүүлэхэд маш хүндрэлтэй. Тос олборлож байгаа цооногийн яг хажууд нь өрөмдөхөд л тос илрэхгүй байх жишээтэй. Тос агуулсан хурдасын гүн нь янз бүр байдаг. Дорноговийн сав газарт 2300-3200 метр, Өмнөговийн сав газарт 800-1200 метр байна.

“Галба 11” талбайд “Зон Хэн Юу Тиан” компани 2009-2012 онд 36.7 сая ам.долларыг хайгуулд зарсан. Энэ онд хийсэн гурван хэмжээст чичирхийллийн судалгааны ажлын өртөгтэй нийлүүлж тооцвол 45 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд байна. Нэг зүйлийг онцолж хэлэхэд газрын тосны хайгуулын ажил маш өндөр өртөгтэй байдаг. Гурван хэмжээст чичирхийллийн судалгааны нэг км.квадрат ажлын өртөг гэхэд л 30000-35000 ам.доллар байдаг юм. Нэг өрөм тавихад геологийн тогтоцоос шалтгаалаад дунджаар хоёр сая орчим ам.доллар зарцуулдаг.

Газрын тосны хайгуулын гурван хэмжээст чичирхийллийн ажил, өрөмдлөг, каротаж, туршилт зэрэг ажлуудыг гүйцэтгэдэг компани одоохондоо Монголд байхгүй. Эдгээр ажлуудыг газар нутгийн хувьд аж ахуйн нэгжүүд хийж гүйцэтгэж байгаа. Хайгуулын бэлтгэл ажлыг хангахад маш их цаг хугацаа шаардагддаг. Гадаадаас авах ажиллах хүчний зөвшөөрөл, тоног төхөөрөмж оруулж ирэх гэх мэт. Нэг өрөм тээвэрлэхэд 70-80 машин ачаа болдог. Өрөмдлөгийн ажлыг гэхэд л 50-60 хүн гүйцэтгэдэг. “Галба 11” талбайд гүйцэтгэж буй гурван хэмжээст чичирхийллийн судалгааны ажлыг 330 орчим хүн гүйцэтгэж байгаагаас 153 нь тухайн орон нутгийн иргэд байна.

Монгол улсад 1992 онд өмнө нь хийж байсан судалгаанд үндэслэж газрын тос байх магадлалтай 22 талбайг ялгасан. Нэмж талбай ялгаж, зарим талбайг хувааснаар өнөөдрийн байдлаар газрын тосны хайгуулын 31 талбай байна. Гэрээ байгуулсан 21 талбайгаас гурав нь олборлолтод шилжээд байгаа. Дараагийн олборлолтод шилжих магадлалтай талбай гэвэл мэдээж “Галба 11” байна. Мөн “Хөх нуур 18” талбайд таван цооног өрөмдсөнөөс дөрөвт нь тосны шинж тэмдэг илэрсэн. Энэ онд нэг цооногт туршилт хийхээр төлөвлөж байна. Бусад талбайн хувьд асар их хэмжээний хөрөнгө оруулалт хийж байж л тос байгаа үгүйг тогтооно. “Петро Чайна Дачин” компани хоёр талбайд хоёр тэрбум орчим ам.доллар зарцуулсны үр дүнд олборлолтод шилжсэн.

Газрын тосны хайгуул маш эрсдэлтэй. Матад сумын 20 талбайд 11 цооног өрөмдсөн ч үйлдвэрлэлийн ач холбогдолтой тос илрээгүй. Газрын тосны хувьд тос илрэх тийм ч том амжилт биш. Ийм их хөрөнгө зарчихаад үйлдвэрлэлийн ач холбогдолтой орд илрүүлэхгүй бол хөрөнгө оруулагчдын хувьд эрсдэл өндөртэй. Харин тос олдвол олборлолт явагдаж, борлуулалт хийгдсэн өдрөөс л ашгаа хүртэж эхэлнэ.

ТОО
0
0
0