ИНДОНЕЗ УЛСАД МОНГОЛ УЛСЫГ СУРТАЛЧЛАВ

Монгол Улсаас Бүгд Найрамдах Индонез Улсад суугаа Элчин сайдын яам, Номхон далай, Азийн аялал жуулчлалын холбоо (PATA – Pacific Asia Travel Association)-той хамтран Жакарта хотноо 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр “Discover Mongolia” арга хэмжээг зохион байгууллаа.

Индонезийн аялал жуулчлал, зочид буудлын салбарт үйл ажиллагаа эрхэлдэг томоохон компаниудад зориулсан энэхүү арга хэмжээг Элчин сайд Ш.Батцэцэг, PATA-ийн Индонез дахь салбарын Ерөнхийлөгч С.Дармоно нар нээж, Монгол Улсын тухай хийсэн танилцуулгын үеэр аялал жуулчлалын өнөөгийн байдал, хөрөнгө оруулалтын орчин болон бусад дэлгэрэнгүй мэдээлэл өгч, Монголын гайхамшигт байгалийн тухай баримтат киног үзүүлэн танилцуулсан нь индонезийн бизнес эрхлэгчдийн сонирхлыг ихээр татав.

Түүнчлэн Монгол Улсад аялал жуулчлалаар очиж байсан бизнес эрхлэгчид энэхүү арга хэмжээний үеэр Монголд аялсан тухай өөрийн сэтгэгдэлээсээ хуваалцаж, индонезичуудын нүдээр Монголын тухай танилцуулга хийв .

“Discover Mongolia” арга хэмжээнд Индонезийн 100 орчим аж ахуй нэгж, компаний төлөөлөл идэвхтэй оролцсон бөгөөд тэдний сонирхсон асуултуудад зохион байгуулагчид дэлгэрэнгүй мэдээлэл өгчээ.

Оролцогчид Монголтой аялал жуулчлалын салбарт цаашид хамтын ажиллагаа эхлүүлэх, хамтарсан үйл ажиллагаа хэрэгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлж, цаашид Монгол Улсын тухай цуврал арга хэмжээ зохион байгуулахыг хүссэн нь тус улсад Монгол Улсыг таниулах, хоёр орны иргэд хоорондын харилцаа, хамтын ажиллагааны эхийг тавихад чухал хувь нэмэр оруулсан арга хэмжээ болж чадлаа.

Оролцогчид дэлхийн улс орны жуулчид Индонезийг Бали Туризм брэндээр илүү таньдаг бол Монголын Элчин Сайдын Яамнаас зохион байгуулсан энэ удаагийн арга хэмжээгээр Монголын аялал жуулчлалын салбар шинэ брэнд бүтээгдэхүүнтэй болох алхам хоер орны бизнес эрхлэлчдэд нээгдэж өглөө гээд халуун орны иргэд биднийг өвлийн аялал жуулчлалыг илүүтэй сонирхож байгааг монголын аялал жуулчлалын бизнес эрхлэгчдэд дамжуулахыг оролцогчид хүссэн байна.


ТОО
0
0
0