“МОНГОЛ ДЕРБИ” ОЛОН УЛСЫН ӨРТӨӨЧИЛСӨН МОРИН УРАЛДААН

Гиннесийн номонд албан ёсоор бүртгэгдсэн, дэлхийн хамгийн холын зайн өртөөлчилсөн морин уралдаан болох “Монгол Дерби” зургаа дахь жилдээ эх оронд маань болж байна. Английн “Adventurists” компаниас зохион байгуулдаг тус уралдаан нь Монголын их эзэнт гүрний үеийн морин өртөөний жишгээр өртөөлсөн хэлбэрээр явагддаг олон өдрийн уралдаан юм. Уралдаанд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн моринд гарамгай оролцогчид ирж уралддаг байна. Энэ жил наймдугаар сарын 6-16-ны хооронд зохиогдох бөгөөд Төв аймгийн Эрдэнэсант сумаас гараагаа эхлүүлж, Өвөрхангайн Баян-Өндөр, Бүрд, Хархорин, Архангай аймгийн Өгий нуур, Төвшрүүлэх, Цэнхэр, Батцэнгэл, Эрдэнэмандал, Өлзийт болон Булган аймгийн Гурванбилэг сумын нутаг дахь Хөгнөхан уулын өвөрт барианд орох юм байна. Ингэхдээ нийт 1000 гаруй км замыг өртөөчлөн туулах аж. Жил бүр өөр маршрутаар ийнхүү уралддаг. Уралдааны зам өөр хоорондоо 35-40 км-ийн зайтай 28 өртөө байгуулахаас гадна оролцогчид өртөө бүрт өөрсдийн унаж яваа морьдоо сэлгэнэ. Өмнөх жилүүдэд 25-35 гадаад иргэн оролцдог байсан бол энэхүү уралдаанд 48 болтлоо нэмэгдсэн байна. Оролцогчдийн тоо нэмэгдсэн нь уг уралдаан дэлхийн давцанд нэр хүнд, хамрах хүрээ улам бүр тэлж байгаа бодит илэрхийлэл юм. Энэ жил Англи, Америк, Австрали, Герман, Швед, Ирланд, Исланд, Франц, Бельги, Өмнөд Африк зэрэг тив тивийн төлөөлөл болсон морь унаачид оролцож байна. Уралдаанд олон улсад нэр хүндтэй шүүгч, эдийн засагчаас авахуулаад коллежоо төгссөн 18-хан настай охин хүртэл мэргэжил, нас, хүйс, угсаа гарал харгалзахгүйгээр оролцож байсан аж. Олон өдрийн турш онгон зэлүүд байгалиар уралдах учраас уралдаанд оролцогчдод зүй ёсны шаардлагууд тавигддаг. Моринд гарамгай, 18 болон түүнээс дээш насны, биеийн жин нь 85 кг-аас доош байх ёстой байдаг байна. Дээр нь тэсвэр хатуужилтай, эхлүүлснээ дуусгаж чаддаг тууштай зан чанарыг нь басхүү харгалзан үздэг.

“Монгол Дерби” морин уралдааны зохион байгуулагч Кети Улъяамс Монгол дахь бэлтгэл ажилтай газар дээр нь биечлэн танилцахаар иржээ. Тэрээр “Дэлхийн өнцөг булан бүрт суугаа хэн бүхэнд Эзэн Чингисийн өлгий нутаг, онгон дагшин Монгол орны хөндлөн гулд салхи татуулан давхих боломжтой болдгоороо манай уралдаан онцлогтой.  Оролцогчдын зарим нь 10 өдөртөө арайхын амжиж бариандаа ордог. Гэхдээ барианд орсон оролцогч бүр ялагч тэд өөрсдийгөө ялан дийлж байдаг” хэмээжээ.

“Монгол Дерби” уралдааны Монгол талын зохион байгуулагч Г.Шатарчулуун “уг уралдаан нь Монгол орны сайхан байгаль, морь унаж үзэх, ёс заншилтай танилцах боломжийг бий болгодог. Монгол орон нүүдлийн соёл иргэншлээ өнөөг хүртэл хадгалж үлдсэн, тиймээс тус уралдаан нь олон ач холбогдол дагуулдаг. Энэ жил оролцогчид, малын эмч, хүний эмч, зохион байгуулагчдын багууд, орчуулагч, жолооч, адуучид, өртөөний айлууд гээд 700 гаруй хүн “Монгол Дерби” уралдаанд гар бие оролцож байна” хэмээн мэдэгджээ.

ТОО
0
0
0