МОНГОЛ ИХ ХААДЫН ХӨРӨГ, ЗООС, МӨНГӨН ТЭМДЭГТИЙН ҮЗЭСГЭЛЭН

Олон улсын Нумизматик судлалд XIII-XIV зууны Монголын эзэнт гүрний алт, мөнгө, зэс зоос нь өөрийн өвөрмөц хийц, хамарч буй нутаг дэвсгэр, хийсэн металл, жин хэмжээ, үг бичвэрийн хэв маяг зэргээр нэлээд онцлогтой, маш сонирхолтой судалгааны салбарт тооцогдох болжээ. Аливаа улсын аль ч үеийн зоос өөр өөрийн онцлогтой ба тухайн зоосыг гаргуулсан хааны цол, тодорхой он цаг, үйлдвэрлэсэн газар суурингийн нэрийг заавал  бичиж үлдээдэг нь түүхийн олон бодит баримт зүйлийн мэдээллийг өгдөг байна. Тухайлбал, дундад зууны түүхийн сурвалж бичгүүдээс Их Монгол Улсын түүхэн товчоон үйл явцыг бүрэн тодруулж болох бол Монгол хаадын засаг төр барьж байсан цаглабарыг тодорхой хэлэх боломжтой болно.  Иймд Монголын эзэнт гүрний үед хамаарах зоос бүр XIII-XIV зууны Монголын түүхийн үнэт сурвалжийн нэгээхэн хэсэг юм.

“Зоос, мөнгөн тэмдэгтийн үзэсгэлэн” 2014 оны 6-р сарын 11-ний өдрийн 11 цагт Төрийн түүхийн музейд нээлтээ хийсэн бөгөөд үзэсгэлэнд “Төрт ёс - хаадын сан”-гийн бүтээсэн Алтан ургийн их хаадын хөргийг анх удаа үзэгч олны мэлмийд хүргэхээр Төрийн түүхийн музейд залсан байна. Уг үзэсгэлэнг Монгол банк, “Төрт ёс - хаадын сан”, “Тасам” ТББ, Монголын зоос цуглуулагчдын холбоо хамтран зохион байгуулжээ. Үзэсгэлэн 8 дугаар сар хүртэл үргэлжилнэ.

ТОО
0
0
0