"МОРИН АЯЛАЛ-АН АГНУУР-ЗАГАСЧЛАЛ" ҮЗЭСГЭЛЭНД ЗОЧНООР ОРОЛЦОНО

ХБНГУ-ын Тюринген муж улсын нийслэл Эрфурт хотноо энэ сарын 21-23-нд зохиогдох "Морин аялал-Ан агнуур-Загасчлал" үзэсгэлэнд Монгол Улс анх удаа "Зочин орон"-оор оролцох гэж байна. 16 дахь удаагаа зохиогдож буй уг үзэсгэлэнгээр амралт, чөлөөт цагаараа морь унах, ан агнах, загас барих сонирхолтой хүмүүст зориулсан бүх төрлийн үйлчилгээг үзэсгэлэн гаргагчид дэлгэн үзүүлдэг аж. Тухайлбал морин спортын үзүүлбэр, буудлага, сур харваа, буга дуурайж урамдах тэмцээн, загасны дэгээ урлах гэх мэт арга хэмжээ болдог байна.

Энэ жил Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой тохиож байна. Тэмдэглэлт ойн хүрээнд Монгол Улс олон арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж буйн нэг нь Эрфурт хотноо зохиогдож байгаа энэхүү “Морин аялал-Ан агнуур-Загасчлал”-ын олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн бөгөөд үүнд манай улс  өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцож, монгол морьтон баатруудын үзүүлбэр, ардын урлагийн тоглолтоор улс орноо сурталчлахаар төлөвлөж байна. Монгол Улсаас ХБНГУ-д суугаа ЭСЯ, Монголын аялал жуулчлалын үндэсний төвтэй хамтран бэлтгэл ажлыг хангаад байна. Үзэсгэлэнд “Дисковер Монголиа Трэвел”, "Женко”, “Нүүдэл Трейд”, “Мон Дижитал тур” аялал жуулчлалын оператор компаниуд, “Хашхан” жуулчны бааз, гар урлал бэлэг дурсгалын “Нью Бэлэг” зэрэг компаниудаас гадна морин үзүүлбэрийн "Хан Монгол" хамтлаг, язгуур урлагийн "Хөх Монгол" хамтлаг оролцох юм.  


ТОО
0
0
0